МОРИН ХУУР Т.СЭР-ОД-ынх боллоо

2006 оны эхнээс энэ оны эхэн хүртэл зохион, олонд хүрч хит болсон олон уран бүтээл энэ үдэш тайзнаа эгшиглэв. Тэдгээр уран бүтээлийг 12 номинацаар шалгаруулав. Хэт олон номинац, олон бүтээл үзэгч олныг багагүй залхаан чилээв. Yзэгчид шилдэг дуу сонсохоосоо илүү шагналд дарагдсан уран бүтээлчдийг харсаар ихэнх цаг өнгөрлөө. Нэг номинацад л гэхэд эхний гурван байр эзлүүлэв. Ингэснээр хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр, Т.Сэр-Од, яруу найрагч Н.Баянмөнх нарын хэдхэн хүн тайзнаа ээлжлэн гарч шагнал авсаар байв. Магадгүй оролцсон уран бүтээлч бүр Морин хуур-тай буцсан гэж болно. Тус наадмын шилдэг дуэт дуучнаар соёлын тэргүүний ажилтан Ч.Бат-Эрдэнэ, Э.Оюумаа нар шалгарсан бол шилдэг хоршил дуугаар Б.Бямбабаярын хөгжим Хайр ивлэдэг хорвоо тэргүүлэв. Шилдэг нийтийн дуу номинацад Т.Сэр-Одын Ээж ээ жүжгийн дуу, шилдэг дууны шүлгээр Н.Баянмөнхийн Би монгол хүн шалгарлаа.

Тоглолтод гавьяат жүжигчин Д.Сосорбарам Тод магнай хэмээх шинэ дуугаа үзэгчдэд зориулсан. Энэ дуу нийтийн шилдэг дуу гэсэн номинацад өрсөлдсөн юм.

Шагналын хур буусан энэ жилийн Морин хуур-ын шилдэг шинэ залуу дуучнаар Р.Болдбаатарыг сонгосон байна. Энэ жилийн наадмын нэг онцлог нь хүүхдийн дууны төрлийг оруулсан аж. Сүүлийн үед хүүхдэд зориулсан дуу олон төрөхгүй байгаа. Yүнд мэргэжлийн хүмүүсийн анхаарлыг хандуулах зорилгоор уг номинацыг оруулснаа зохион байгуулагчид онцолж байсан. Энэ номинацад хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр, яруу найрагч Л.Ганзул нарын Гэгээн хүсэл дуу тэргүүлэв.

С.Жавхлан тайзнаа гарч дуулаагүй ч түүний Амьдрал цомог энэ оны нийтийн дууны шилдэг цомог боллоо. Харин Т.Баясгалангийн Санах тусам дууны клип шилдэг клипээр шалгарлаа. Мөн шилдэг эрэгтэй дуучнаар С.Жавхлан, эмэгтэй дуучнаар Т.Баясгалан шалгарсан.

Хоёр номинацад тэргүүлсэн, мөн бусдад бүтээл нь удаалж байсан Т.Сэр-Одыг энэ жилийн Морин хуур наадмын шилдгийн шилдгээр шалгаруулж, морин хуур гардуулсан. Уг нь тэрээр Б.Бямбабаяртай эн тэнцүүхэн өрсөлдсөн ч радио, телевизийн хөгжмийн нэвтрүүлэгт ирсэн саналыг үндэслэж ийн шилдгээр сонгосон гэнэ. Оройн 23 цаг өнгөрсөн ч наадам өндөрлөсөнгүй. Харин ч ид дундаа явж байхад үзэгчид чилсэндээ юу, эсвэл дургүй нь хүрсэндээ ч юм уу гарч одлоо. Нийтийн дуу болохоор үзэгчид харьцангуй ахимаг насны хүмүүс голдуу байсан юм. Тэд ч нэг хүн олон шагнал авсанд дургүйцэж, дараа жилийн Морин хуур-ыг ийм маягаар зохион байгуулбал үзэх хүн ховор байх вий гэж шүүмжилж байлаа.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button