Банкны тогтолцооны шинэчлэл, хандлага
Ер нь онол, практикийн үүднээс мөнгөн гүйлгээ, зээлийн үйл ажиллагаа нь улсын эдийн засгийн хөгжлийн цусны эргэлтийн тогтолцоо болдог. Иймээс банкны тогтолцоог тууштай хөгжүүлж, эрүүл байлгах явдал нь нийт аж ахуйн нэгж, байгууллага, ард иргэдийн анхаарлын төвд байх асуудал юм.Хоёр шатлалт банкны тогтолцоо бий болсноос хойших хугацааг бид дараахь гурван үе шатанд хувааж үзэж болох юм. Yүнд
I. 1991-1993 он буюу хоёр шатлалт банкны тогтолцоо үүссэн үе;
II. 1994-1999 он буюу бойжилтийн үе;
III. 2000 оноос хойш буюу тогтворжилт, чадваржилтын үе гэж үзэж болно.
Өнгөрсөн 16 жилийн хугацаанд банкны дампуурал, хямрал зэрэг олон саад бэрхшээлтэй тулгарч ихээхэн сургамж авсны зэрэгцээ тодорхой ололт амжилтуудыг олсон нь маргаангүй.
Банкны шинэ тогтолцооны манлайлах цөм нь Монгол Улсын Төв банк байх эрх зүйн үндсийг 1991 оны Төв банк (Монголбанк)-ны тухай хуулиар баталгаажуулж өгсөн. Монголбанк нь улсын хэмжээнд төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлж, үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангаж байх үүрэг зорилготой. Монголбанкны үйл ажиллагааны дүрэм, журам, жилийн эцсийн тайлан балансыг батлах, ашгийн хуваарилалт, орлого, зарлагын төсвийг батлах, хяналт тавих, Монголбанкны ерөнхийлөгчийг томилох зэрэг хууль зүйн зохицуулалт Улсын Их Хурлын эрх хэмжээнд байхаар хуульчлан тогтоосон. Монголбанк Засгийн газраас хараат бус, харьцангуй бие даасан орчинд үйл ажиллагаа явуулж, Засгийн газрын санхүүгийн зуучлагчийн үүрэг гүйцэтгэх, зээл олгох, шаардлагатай тохиолдолд валютын нөөц нэмэгдүүлэх, гадаад төлбөр тооцоог боловсронгуй болгох талаар хамтарч ажиллаж байхаар тэдгээрийн хоорондын харилцааг зохицуулсан байна.1996 онд Төвбанк(Монголбанк)-ны тухай, банкны тухай гарсан шинэ хуулиар Төв банкны зүгээс арилжааны банкинд өөрийн үйл ажиллагааг зохих журам, ёс зүйн дагуу явуулах шаардлагыг тавьж, биелүүлээгүй нөхцөлд тодорхой албадлагын арга хэмжээ авч байх эрх зүйн хэм хэмжээг тогтоосон.
Монголбанк банкны үйл ажиллагаанд тавих шаардлага болон хийх хязгаарлалт зэрэг банкны хууль тогтоомж болон Төв банкны шийдвэрийг зөрчсөн банкинд сануулга өгөх, зөрчлийг арилгах даалгавар өгөх, торгууль ногдуулах, үйл ажиллагааг нь хязгаарлах, зогсоох, банкны захирлыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, банкинд онцгой дэглэм тогтоох, банкны эрх хүлээн авах, банк байгуулах зөвшөөрлийг хүчингүй болгох албадлагын шат дараалсан арга хэмжээг авч байхыг албадлагын төрөл тус бүр дээр нарийвчлан тодорхойлж өгсөн.
Монголбанк нь банкинд зээл олгох, банкнаас олгох зээлд хязгаарлалт тогтоох, банк хоорондын төлбөр тооцоог зохион байгуулах, заавал байлгах нөөцийн шаардлагыг хангуулах замаар арилжааны банктай харилцаж, дотоод хэрэгт нь хөндлөнгөөс шууд оролцохгүйгээр хуулийн хүрээнд түүний үйл ажиллагаанд хяналт тавьж байх эрхээр хангагдсан юм.
Эхний үе хүнд байв. Шинэ тутам байгуулагдсан арилжааны банкууд бие даасан үйл ажиллагаа явуулж эхэлсэн, санхүүгийн хувьд бэхжиж чадаагүй байв. Yүний зэрэгцээ Төв банкнаас зах зээлийн нөхцөлд мөнгөний бодлого явуулах арга туршлага дутмаг, хяналт шалгалтын тогтолцоо бүрдээгүй байлаа. Инфляцын төвшин дээд цэгтээ 325 хувьд хүрч, гүйлгээнд байгаа мөнгө 1992-1994 онд 7.5 дахин, нийт мөнгө (M2)-5.8 дахин өссөн. Банкны үйл ажиллагааны зохицуулалт, хяналт замбараагүй, нэг ёсондоо мөнгөний удирдлага эрс сулрав. Банкнаас гадуурхи мөнгө 10.4 дахин нэмэгдэв.
1994 оноос арилжааны банкуудын төлбөрийн чадвар доройтож хямрал эхэлсэн. Шалтгаан нь хэт эрсдэлтэй зээл ихээр олгосон, банкуудын дотоод мэдээлэл, хяналтын тогтолцоо сул, авсан зээлээ төлөх чадвар аж ахуйн нэгжүүдэд байхгүй байв. Yүний улмаас анхны зарим банк (Монгол хоршоо, Сэлэнгэ) дампуурсан.
Хоёр дахь үе бол 1994-1999 он юм. Энэ хугацаанд арилжааны олон банк (Төв Ази, Эдийн тэнгэр, Ард, Даатгал, СББ, ХОТШ, Экспорт импортын) дампуурсан. Санхүү, мөнгө-зээлийн секторын хямрал цаашид удаан үргэлжилсэн. Арилжааны банкуудын төлбөрийн чадвар доройтож 10 банк дампуурсны улмаас аж ахуйн нэгж, иргэдийн банкинд итгэх итгэл эрс суларсан. Энэ хугацаанд арилжааны банкууд зээлийн үйлчилгээг эдийн засгийн бодит салбарын аж ахуйн нэгжүүдийг өөд татахад биш, харин элитүүд өмч хувьчилж авахад болон Засгийн газрын өрд үйлчилж байлаа. Нийт зээлийн дүнд чанаргүй зээл 28-54 хувьд хүрч байлаа.
Банк санхүүгийн тогтолцоог хямралаас гаргах, арилжааны банкуудын төлбөрийн чадварыг сайжруулах явдал нэн чухал зорилт боллоо. Банкны бүтцийн өөрчлөлт, санхүүгийн чадварыг сайжруулах арга хэмжээг Монголбанк, Засгийн газартай хамтран Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны туслалцаатайгаар хэрэгжүүлсэн. Энэхүү бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээнд Засгийн газар 59.4 тэрбум төгрөгийн бонд гаргасан. Төв банк 12.9 тэрбум төгрөг /алдагдлыг хаахад/ зориулсан. Эдгээр хөрөнгө нь нийтдээ ДНБ-ний 7.5 орчим хувьтай тэнцэж байв.
Энэ бүхний үр дүнд 2000 оноос хойш банкуудын үйл ажиллагаа сайжирч, санхүүгийн зуучлалыг өргөн хүрээтэй гүйцэтгэх боломжтой болж, банкны сектор бүхэлдээ тогтворжив.
Банкны секторын үйл ажиллагаа өргөжиж, үр дүн нь сайжрах тусам эх орны эдийн засагт түүний гүйцэтгэх үүрэг мэдэгдэхүйц дээшлэв. Yйл ажиллагаа нь ч зах зээлийн орнуудын жишигт ойртов. Yүнийг дараахь хоёр үзүүлэлт харуулж байна
• Банкны тогтолцооны хэмжээний актив, ДНБ-ний хоорондын харьцаа нь зах зээлийн орнуудын дунджаар 50-60 хувь байна. Манай банкуудын хэмжээгээр 2005 оны байдлаар 60.5 хувьд хүрлээ.
• Банкны капитал, ДНБ-ий хоорондын харьцаа бусад оронд дунджаар 5-6 хувь байхад манайд 9.1 хувь байна.
Эдийн засгийн бодит секторын үйлчилгээнд чиглэсэн банкны үйл ажиллагаатай холбоотойгоор банкны нийт активт зээлийн эзлэх хувь хэмжээ нэмэгдэх хандлагатай болов. 1996 онд 50, 2000 онд 31.1, 2001 онд 44.4, 2002 онд 51.6, 2003 онд 57.6, 2005 онд 62.6 хувь болж өссөн байна.
Улс орны эдийн засагт банкны үзүүлэх суурь үйлчилгээний боломжийг сэргээж, банкны тогтолцооны амьдрах чадварыг эрс дээшлүүлж чадсан. Банкны капитал, актив, татан төвлөрүүлсэн хөрөнгө өсч ирэв.
Манай орны хувьд шинээр зах зээлд шилжсэн бусад орны нэгэн адилаар санхүүгийн зуучлал болон санхүүгийн зах зээл хөгжин, эдийн засагт мөнгөжилт хурдацтайгаар явагдаж, харин мөнгөний эргэлтийн хурд буурах хандлагатай байна. Хөгжингүй орнуудад мөнгөжилтийн хэмжээг ДНБ-д харьцуулсан харьцаа дунджаар 60-80 хувь байна. Манай оронд 2005 оны дүнгээр 51.6 хувь байна. Энэ үзүүлэлт нь санхүүгийн зуучлал гүнзгийрч байгааг тодорхойлох нэг чухал үзүүлэлт мөн.
Банкны салбарын төлбөрийн чадварыг илэрхийлэгч гол үзүүлэлтүүдийн нэг болох өөрийн хөрөнгийн хүрэлцээний (өөрийн хөрөнгө эрсдэлээр жигнэсэн нийт активын харьцаа) үзүүлэлт нь олон улсын стандарт болох 8.0 хувьтай харьцуулж үзэхэд 2000 оноос эхлэн байнга өсөж 2007 оны гуравдугаар сарын 31-ний байдлаар 16.5 хувьд хүрсэн нь олон улсын жишгээс хоёр дахин өндөр байна.
Монголбанк жил бүрийн мөнгөний бодлогоороо мөнгөний нийлүүлэлт, эргэлтийг зохистойгоор зохицуулж, инфляцын төвшинг бууруулах, үндэсний мөнгө-төгрөгийн ханшийг тогтвортой байлгахад ихээхэн анхаарч бодлогоо тууштай хэрэгжүүлж байна. Төрийн зохицуулалтын мөнгөний арга хэрэгслийг улам боловсронгуй болгох, банкны хянан шалгагчдын үүрэг хариуцлагыг өндөржүүлэх чиглэлээр Төвбанк (Монголбанк)-ны хуульд өөрчлөлт оруулж, УИХ-д өргөн барихаар зэхэж байна. Заавал байлгах нөөцийн хэмжээг таван хувь хүртэл бууруулж, банкны үнэт цаасны удирдлагыг сайжрууллаа.
Банкуудын найдвартай ажиллагааг хангах үүд-нээс Монголбанк банкуудад тавих хяналт шалгалтын арга ажиллагааг сайжруулж, хянан шалгагчдын мэргэжлийн ур чадвар, хариуцлагыг өндөржүүлэх арга хэмжээг авч байна. Монголбанкны зүгээс зээлийн өрийн үлдэгдэлд хязгаарлалт тавьж, арилжааны банкууд зээл олголтын журам дүрмээ сайжруулж, зээлийн эрсдэлийг оновчтой үнэлдэг болж байна.
Банкны салбараас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 2006 оны 11 сарын байдлаар 1181.4 тэрбум төгрөгт хүрэв. Энэхүү үзүүлэлт нь 2002 оныхоос 5.1 дахин, 2003, 2004 оныхоос 2.6, 1.9 дахин, 2005 оныхоос 1.4 дахин тус тус өссөн нь банкуудын санхүүгийн зуучлалын үйл ажиллагааны хүрээ өргөжин тэлснийг харуулж байна.
Банкуудын нийт зээлийн өрийн үлдэгдэлд хувийн хэвшлийн зээл дийлэнх буюу дунджаар 54.1, иргэд 41.6, улсын байгууллага 2.7 хувь, үлдэх хувь нь гадаадын байгууллага, хамтын үйлдвэр, олон нийтийн байгууллагад ногдож байна. Yүнээс харахад банкууд хувийн хэвшил, иргэдэд түлхүү зээл олгожээ. Сүүлийн жилүүдэд банкууд, тухайлбал, Хөдөө аж ахуй, ХАС, Голомт, Худалдаа хөгжил зэрэг банкууд жижиг бизнесийг дэмжих үүднээс бичил зээлийн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэн амжилттай хэрэгжүүлж байна.
Зээлжүүлэлт хэдэн том банкинд илүү төвлөрч байна. Зээлийн хэмжээгээрээ Худалдаа хөгжил, ХААН, Голомт, Анод банкууд тэргүүлж байгаа бөгөөд нийт зээлийн үлдэгдлийн 62.6 хувийг бүрдүүлж байна.
Нийт зээлийн үлдэгдлийн 91.7 хувийг хэвийн зээл, 2.7 хувийг хугацаа хэтэрсэн зээл, 5.6 хувийг чанаргүй зээл тус тус эзэлж байна
Энэ оноос татварын хэмжээг бууруулж, аж ахуйн нэгж, байгууллагын өөрийгөө санхүүжүүлэх чадварыг сайжруулах арга хэмжээ авсан нь тэдний зээлжих чадварт ч эерэгээр нөлөөлж байна.
Зээлийн хүүг бууруулах явдал мөнгөний бодлогын нэг гол асуудал. Нийт банкны салбарын хэмжээгээр банкуудын зээлийн бодит хүү сүүлийн 4 жилийн дунджаар жилийн 22.05 хувь (сарын 1.84 хувь)-тай байна.
Арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагууд хуримтлалын нэг хэсэг болох харилцах, хадгаламжийн хэлбэрээр хөрөнгө татан төвлөрүүлэлт жилээс жилд нэмэгдэж, зээлийн нийлүүлэлтийг өсгөх эх үүсвэр болгосноор зээлийн хүү удаан буурахад нөлөөлж байна. Зээлийн хүү нь зээлийн төрөл, хугацаа, эрсдэл, зээлдэгч болон зээлдүүлэгчийн онцлог зэргээс хамааран өөр байдаг. Мөн макро эдийн засгийн байдал, инфляц, татварын ачаалал, үнэт цаасны зах зээлийн хөгжил зэрэг хүчин зүйлүүдээс шалтгаалдаг.
Манай орны макро эдийн засгийн орчин сайжирч, инфляцын төвшин буурч, татварын дарамт багасч, банкны салбар эрүүлжиж, санхүүгийн зуучлал гүнзгийрэн, банкууд хоорондын өрсөлдөөн нэмэгдэж, түүнийг даган хадгаламжийн хүү буурч, зээлийн хүү сүүлийн жилүүдэд буурах хандлага ажиглагдаж буй хэдий ч зээлийн хүү нь урт хугацааны хөрөнгө оруулалтыг дэмжих, эдийн засгийн өсөлтийг хангахуйц хэмжээнд хүртэл буурахгүй байгаад ямар хүчин зүйлс голлох нөлөөтэй байгааг ялган тодорхойлж, зээлийн хүүг бууруулахын тулд бодлогын хүрээнд ямар арга хэмжээ авч болохыг тодорхойлох нь чухал ач холбогдолтой байна.
Зээлийн хүү дорвитой буурахгүй байгаа нь манай улсад хөрөнгийн захын сул дорой хөгжил, банкуудын урт хугацаатай хөрөнгө оруулалтын зээл олгох эдийн засгийн орчин сайн бүрдээгүй гэх мэт хүчин зүйлсээс шалтгаалж байна. Санхүүжилтийн эх үүсвэр олох нэг арга зам бол хувьцаа гаргаж хөрөнгийн зах зээл дээр борлуулах үйл ажиллагаа хөгжөөгүй тул зээлийн эрэлт нийлүүлэлтэд нөлөө үзүүлэхгүй байгаа нь зээлийн хүүд нөлөөлж байна. Зээлийн хүүг бууруулах хамгийн шалгарсан арга бол санхүүгийн зах зээл дээрх шударга өрсөлдөөнийг хүчтэй болгох явдал мөн.
Цаашид санхүүгийн зуучлалын цар хүрээг улам өргөжүүлэх, чанарыг дээшлүүлэх, банкны салбарын тогтвортой, найдвартай байдлыг хангах, санхүүгийн зах зээлд хямрал гарахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжихэд чиглэсэн банк, санхүүгийн таатай орчинг бүрдүүлэх, банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийн ашиг сонирхлыг хамгаалах арга механизмыг боловсронгуй болгох явдал чухал зорилт болж байна.
Хөрөнгийн зах зээл дээрх банкны үйл ажиллагааг өргөжүүлэх, асуудлыг олон талаас нь нарийвчлан судалж тодорхой бодлого, программын арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлага тавигдаж байна.
Хадгаламж эзэмшигчдийн банкинд итгэх итгэлийг дээшлүүлэх, эрсдэлийг багасгах зорилгоор хадгаламжийн даатгалын тогтолцоо бий болгох талаар Монголбанк санал боловсруулж, Засгийн газарт хүргүүлээд байгааг аль болохоор цаг алдалгүй хэрэгжүүлэх нь олон талын ач холбогдолтой.
Банкны тогтолцооны тогтвортой байдал нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг илэрхийлэх чухал үзүүлэлт болохын зэрэгцээ гадаадын хөрөнгө оруулалтыг татах томоохон суваг юм. Банкны тогтолцооны тогтвортой байдал нь гадаад, дотоод олон хүчин зүйлээс хамаардаг боловч манай орны хувьд дотоод хүчин зүйлийн нөлөөлөл давамгай ач холбогдолтой гэдгийг олон улсын банк санхүүгийн байгууллагууд зөвлөж байна.
Иймээс нэгэнт бүрэлдэн бий болж, тогтворжин тэлж байгаа банкны тогтолцоогоо улам бэхжүүлэх талаар төр засаг ч, банк санхүүгийн субъектүүд өөрсдөө ч, ард иргэд ч тус бүртээ санаа тавихын зэрэгцээ нягт хамтын ажиллагааны механизм бүрдүүлэх явдал ихээхэн чухал байна. Наад зах нь банкны тогтолцооны талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэргэжлийн бус хүмүүс бодит судалгаагүй, таамгаар янз бүрийн цуурхал тараах нь уг салбарын үйл ажиллагаанд төдийгүй эдийн засгийн аюулгүй байдалд, цаашлаад гадаа- дын хөрөнгө оруулалтыг татахад сөрөг нөлөөлж болзошгүй гэдгийг хаана хаанаа ойлгох нь чухал байна. Нөгөө талаас манай банкууд олон нийтэд зориулсан мэдээллээ зөвхөн санхүүгийн тайлан тэнцлээ нийтлүүлэх явдлаар хязгаарлах биш, улам өргөжүүлж, тэрч байтугай хүн амын тодорхой бүлэг бүрт зориулсан тодорхой мэдээллүүдийг гаргаж, хэрэглэгчдэд нь хүргэх арга хэлбэрээ хүртэл сайжруулах хэрэгтэй байна.
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор Д.ЦЭРЭНПИЛ