Газрыг жинхэнэ ёсоор арилжаанд оруулах хэрэгтэй
Тус дүүргийн газрын албаныхан Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярт дүүргийн хэмжээнд тулгамдаж буй газрын асуудлын талаар танилцуулсан юм.
Өдгөө дүүргийн албанд газар хүссэн гурван мянга гаруй өргөдөл ирээд байгаа аж. Yүнээс гадна гэр хороололд буй айлуудын газрыг худалдах, түрээслэх хэлбэрээр авч орон сууц барих асуудал нийслэлийн хэмжээнд бий болоод буй.
Харин тус дүүргийн хэмжээнд ийм таван газар байгаа бөгөөд бүх төлөвлөгөөг нь хийсэн аж.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр Иргэдэд газар өмчилсөн нь Монгол Улсын хувьд онцлох үйл явдал. Харин газар өмчлөх үйл ажиллагааны хүрээнд тулгамдаж буй ямар асуудал байгаа талаар лавласан юм.
-Иргэд газраа өгөөд орон сууц бариулж болно. Харин хожим нь орон сууц өгнө гэсэн баталгааг төр гаргаж өгөх үү гэдэг нь асуудал болж байгаа. Тиймээс энэ харилцааг зохицуулах хууль, журмыг бий болгох хэрэгтэй байна гэж байв. Yүнээс гадна орон сууц барих гэж буй компаниуд Бидэнд шинэ газар өгчих. Бид тэндээ орон сууц бариад гэр хорооллын айлуудыг оруулаад газрыг нь авъя гэсэн санал ч тавьдаг аж. Гэвч үүнийг зохицуулах хууль байхгүйгээс шийдээгүй өнөөг хүрсэн байна. Ерөнхийлөгч Н.Энхбаярын иргэдэд газраа зарах, түрээслэх, банкны барьцаанд тавьж мөнгө авч үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх боломж бий юу гэсэн асуултад
-Газрын арилжааг зохицуулсан хуулийг боловсронгуй болгож, зардаг, түрээсэлдэг болгомоор байна. Гэтэл өнөөдөр газраа зарлаа гэхэд бэлэглэл гэсэн журмаар иргэд хоорондоо зохицуулдаг. Энэхүү бэлэглэлийн асуудлыг газар ч бус, байр орон сууцны хувьд ч эргэн харж хуульд нь зохицуулалт хийхгүй бол нэг газар, байр хэдэн ч эзэнтэй болох, бэлэглэсэн хүн нь байр, газраа буцаан авч мөнгө төлсөн иргэнийг хохироох зэрэг асуудал их байна. Yүнээс гадна газрын үнэд нөлөөлдөг 100 гаруй үзүүлэлт бий. Yүнээс шалтгаалаад газрын үнэлгээ ч янз бүр байдаг гэв. Мөн газраа барьцаалан банкнаас зээл авахад хотын төв рүүгээ гайгүй үнэтэй бөгөөд зах зайдуу газрын хашаа байшинг банкууд барьцаанд авдаггүй талаар ч ярьсан юм.
Yүнээс улбаалан газрыг барьцаалах, түрээслэх, зарах зэрэг хоёр дахь зах зээл үндсэн утгаараа үүсэн хөгжиж чадахгүй байгааг ч дурьдаж байлаа.
Баянзүрх дүүргийн газрын албаны ажилтай танилцсан Ерөнхийлөгч Н.Энхбаяр Баянзүрх дүүргийн 21 хорооны өндөр настан Ц.Мөнхбаатарынд зочилсон юм. Хэдийгээр уулын бэл шахуу газарт байршилтай ч өөрийн бололцоог ашиглан газраа боловсруулж ногоо тарьдаг байна.
Мөн тус дүүргийн ХIY, ХIII хороонд баригдаж буй орон сууцны цогцолбортой танилцан цаашид хийхээр төлөвлөсөн ажил, зураг төсөлтэй танилцав.
Тус хороололд очсон Монгол Улсын Ерөнхийлөгчид Барилга, хот байгуулалтын сайд Ж.Наранцацралт орон сууц барихад тулгамдаж буй асуудлын талаар танилцуулсан юм. Тухайлбал, нэг айлын газрыг худалдаж авах гэхээр 2-3 айл уг хашаанд байдаг. Хашаанд буй айл бүхэнд бус, эзэмшиж буй нэг айлд нь орон сууц олгох, хуулийн зохицуулалт хэрэгтэй байна. Yүнээс гадна нэг хороонд оршин сууж буй айлуудын ихэнх нь газраа чөлөөлж, орон сууцанд орохыг зөвшөөрдөг. Гэтэл ганц хоёр айл дургүйцсэнээс болоод ажил удаашрах, зогсох явдал ч байна. Тиймээс нэг хорооны айлуудын 70-80 хувь нь зөвшөөрвөл үлдсэн айл нь шууд нүүдэг байх хуулийн зохицуулалт хэрэгтэй байна гэсэн юм.
Yүнээс гадна хотоос гаргасан төлөвлөгөөнөөс урьтан иргэдээс газрыг нь худалдан авч, эргүүлээд өндөр үнээр зарах, ямарваа нэгэн барилга барих явдал ч гарч байна.
Баянзүрх дүүргийн газрын албаны ажил болон шинээр ашиглалтад орж буй орон сууцны барилгуудын ажилтай танилцсан Ерөнхийлөгч Нийслэлийн газрын албаар орсон юм.
Нийслэлийн газрын албанд шинээр нэвтрүүлж буй техник, тоног төхөөрөмж нь иргэдэд түргэн шуурхай үйлчлэх боломжийг олгож буй аж. Энэ онд Нийслэлийн газрын албанаас 36 гудамжны авто замыг засварлах, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд 80.5 га, аялал жуулчлал, амралт сувиллын зориулалтаар 91.5 га газар олгохоор төлөвлөөд буй аж.
Газрын албаны ажил байдалтай танилцсан Ерөнхийлөгч Н.Энхбаяр, иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийн хэрэгжилтийг яаралтай хангах, холбогдох хууль тогтоомжид оруулах өөрчлөлтийг хуульд нэмж тусган зохицуулах талаар идэвх гарган ажиллахыг холбогдох албаны хүмүүст сануулсан юм.