Ажлын байр бидний толгойны өвчин биш
Энэ бол Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвд суралцагч оюутан залуусын яриа. Yнэндээ тэдний хийсэн бүтээсэн бүхнийг хараад бахархах сэтгэл төрөхгүй байхын аргагүй юм билээ.
Мистер Бенийн хэмээн өхөөрдөн нэрлэсэн цох хэлбэрийн жижиг хар машин, бүрэн сийлбэртэй их таван ханатай гэр, арьсан урлалууд, дархны багаж, тоосго, бас өөрсдийн урласан хувцсаа өмсөн тайзны голоор алхах оюутнууд гээд. Энэ бүх дүр зургийг өчигдөр МYЭ-ийн Соёлын төв ордонд болсон Мэргэжлийн боловсрол, сургалтын Хөгжлийн орц мэдээлэл сурталчилгааны аянаас харж болохоор байв.
Дээрх аянд Улаанбаатар хотын Мэргэжлийн сургалт үйлдвэрийн есөн төв оролцлоо. Тэд сургуулиа танилцуулах гэхээсээ илүүтэй төгсч буй оюутнууд нь ажлын байран дээр ямар чадалтай мэргэжилтэн болдгийг бодит байдал дээр нь харуулах зорилготой байсан юм.
БИД БЕНИЙН МАШИН ГЭЖ ӨХӨӨРДДӨГ ЮМ
Монгол-Солонгосын техникийн коллежийн автомашины засвар, ашиглалт, оношилгооны нэг, хоёрдугаар ангийн оюутнууд дадлагынхаа ажлын явцад хийсэн жижиг хар машинаа өхөөрдөн ийн нэрлэсэн аж. Өндрөөрөө нэг метр хүрэхтэй үгүйтэй энэ машиныг тэнд цугларсан хүмүүс ихэд өхөөрдөн зарим нь бүр худалдаж авах санал тавьж байхтай нь таарлаа. Машиныг бүтээсэн оюутнуудын төлөөлөл болох З.Ганболд, Б.Ганболд, н.Баярсүх, Н.Цэрэнсамбуу, н.Чинбат, н.Батсүх, н.Довчинмахбал, н.Намнан-Сэлэнгэ нартай цөөн хором хөөрөлдсөн юм.
-Энэ машиныг та нар хийсэн юм уу?
-Тийм, бидний дадлагын ажил.
-Их хөөрхөн, жижигхэн юм?
-Харин тийм, харсан хүн болгон тэгээд байгаа юм. Бид нар ч бас өхөөрдөөд Бенийн машин гээд нэрлэчихсэн. Яг тохирсон нэр байгаа биз дээ. Кинон дээр ийм машин унадаг шүү дээ.
-Нээрэн тийм юм байна. Машины марк нь?
-Yнэндээ маркийг нь мэдэхгүй болоод Бенийн машин гээд өхөөрдөөд нэрлэчихсэн юм байхгүй юү. (инээлдэв)
-Энэ машиныг босгоход хэр хугацаа орсон бэ?
-Анх төмөр рам байсан. Бид доторхи бүх эд ангийг нь хийж янзалсан гээд хугацаагаа тооцвол дөрвөн сар юм байна.
-Өнгө нь их гоё юм, гялалзсан хар. Хуучин рам босгосон гэхэд ямар ч өө сэв алга?
-Будаг замаск хийсэн гэхээргүй яг л үйлдвэрийнх юм шиг байгаа биз.
-Тийм байна. 100 км-т хэдэн литр бензин идэх вэ?
-Таван литр бензин хэрэглэдэг. Бас 950 морины хүч чадалтай.
-Хүмүүс зарчих гээд их сонирхож байна. Хэдээр зарах вэ?
-4000-4500 ногооноор зарна.
-Та нар төгсөөд ажлын байр гэж санаа зоволтгүй юм байна даа?
-Өө түүнд юундаа зовох вэ дээ. Бидэнд чинь ажилд олдохгүй энэ тэр гэсэн ямар ч асуудал байхгүй. Яахав олддоггүй юм гэхэд бид өөрсдөө ч ажлын байраа бий болгочихож чадна.
ИД БYТЭЭН БАЙГУУЛАЛТ ӨРНӨЖ БАЙХАД…
Улс даяар ид бүтээн байгуулалт өрнөж байхад бид ажлын байр гэж толгойгоо гашилгахгүй шүү дээ. Энэ бол Барилгын коллежийн оюутнуудын яриа. Бидний бусдаас давуу тал гэвэл дөрвөн жил их, дээд сургуульд сурсан нэртэй аав, ээжийнхээ халаасыг хоослогчдын дэргэд жинхэнэ юм сурч үүнийгээ хоол болгож чаддагт байдаг юм хэмээн ам бардам ярьж байсан юм. Yнэндээ ч тийм гэж болохоор байсан. Учир юу гэвэл, тус сургуульд суралцагчдыг төгсөөгүй шахам байхад нь барилгын компаниуд дадлагажигчаар авч, улмаар үндсэн ажилтнаа болгодог байна. Тухайлбал, Эко констракшн компанид тус коллежийн чамгүй олон оюутан дадлага хийж улмаар үндсэн ажилтан болсон гэнэ. Мөн энэ үеэр тус коллежтой хамтран ажилладаг барилгын компаниуд давхар сурталчилгаа хийж оюутнуудыг ажлын байраар хэрхэн хангадаг талаар танилцуулж байсан юм.
МЭДЛЭГ НЬ ЧАДВАР БОЛООД ТӨГСДӨГ
Улс орон хөгжихийн хэрээр үйлдвэрлэл үйлчилгээний газрууд олноор бий болж буй. Хүнсний технологийн коллежийн хувьд энэ салбарт мэргэжилтэн бэлтгэдэг болоод тэр үү төгсөгчид нь ажлын байраар 100 хувь хангадаг аж.
Тус коллежийн гүйцэтгэх захирал доктор Р.Дарьхүүгийн ярьснаар, сүүлийн үед манай аж ахуйн нэгжүүд ажилтан сонгон шалгаруулж авахдаа танил талаа биш, харин ур чадварыг нь харж авдаг болж байгаа аж. Иймдээ ч тус коллежийг төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагддаг юм байна. Мөн тэрээр энэ аян нь маш ач холбогдолтой гэж үнэлэв. Яагаад гэвэл, манай залуус дээд боловсролыг хэт шүтдэг болж. Харамсалтай нь тэдэнд амьдрал дээр гараад ажиллах ажлын байр тун ховор. Харин манай төгсөгчид дадлага хийж байхдаа л ажлын байраа олчихдог юм. Yнэндээ бол мэдлэг нь чадвар болоод төгсдөг гэж онцлов.
Энэ мэт чамгүй олон коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв өөрийн сургууль болон төгсөгчдөө ажлын байраар хэрхэн хангадаг тухай мэдээллийг сонирхсон хүн бүрт өгч байв. Бас намар хичээл эхлэх үеэр элсэх сонирхолтой олон хүүхэд байдгийг ч хэлж байсан юм.
ТӨЛБӨРГYЙ СУРГАЛТ ДЭЭР НЬ ТЭТГЭЛЭГ
БСШУЯ-ны зохион байгуулж буй Мэргэжлийн боловсролын сургалтын Хөгжлийн орц нэртэй энэхүү аян эл өдөр ганц Улаанбаатар хотод биш улс даяар болсон юм. Одоогоор манай улсад мэргэжилтэй ажилчин бэлтгэдэг 50 гаруй сургалтын төв байдаг бөгөөд нийтдээ 25 мянга гаруй оюутан суралцдаг аж. Энэ тоог холбогдох албаны хүмүүс манай улс шиг бүтээн байгуулалт ид өрнөж буй оронд тийм ч хангалттай үзүүлэлт биш. Яагаад гэвэл, манай улсад их, дээд сургуулийг жилд дунджаар 40 гаруй мянган оюутан төгсдөг. Харамсалтай нь, тэдний олонхи нь ажилгүйчүүд болдог. Харин МСYТ-ийг төгссөн оюутнуудын тоо жилд 25 мянгад хүрэхгүй шахам атлаа бүгд ажлын байраар хангагддаг. Иймд иргэддээ энэ талаархи мэдээллийг түлхүү өгөх үүднээс энэ аяныг зохион байгуулсан гэж ярьж байсан юм.
Мөн МСYТ-д суралцагчдад сар бүр тэтгэлэг өгдөг болох тухай нь ярьж байгаа бөгөөд ирэх хичээлийн жилээс шийдэгдэх бололтой. Хэрэв энэ нь биеллээ олбол төвийг төгсөгчид үнэгүй сураад зогсохгүй тэтгэлэг авах боломжтой болох аж.