ХАН-УУЛ-ын ГЭРЭЛ
Дуунд өгүүлэх язгуур үнэний гэрч болж чадах олон хүн манайд байгаа нь мэдээж. Тэднээс нэгийг нь сэтгүүлч би лавтай мэдэх юм. Тэр бол Хан-Уул дээд сургуулийн захирал Цэрэнгийн Дэмбэрэл. Түүний заяа замын зөвийг энэ оны хичээлийн жил бас дахин баталж байна. Ер нь хүний зөв эсвэл буруу явсныг цаг хугацааны тодорхой мөчлөгүүд харуулдаг. Yүнийг Дэмбэрэлд хамаатай наад зах нь гурван баримтаар нотолж болно.Эхнийх нь Монголд төрийн бус өмчийн их, дээд сургууль байгуулагдсаны 15 жил өнгөрсөн намар тохиосон. Боловсролын энэ шинэ тогтолцоонд Хан-Уул дээд сургууль хурц содон, өвөрмөц жинтэй байр эзлэдэг. Эднийх хүний оюуныг тэтгэж, ухааныг хөгжүүлэх орчин үеийн цогц аргыг боловсруулж, түүгээрээ тэргүүлэх загвар, үлгэр жишээ нэгэнт болжээ. Yнэндээ Хан-Уул энэ тогтолцоог оройлж, өнгөрүүлсэн 15 жилийн гол үр дүн нь болж байна. Бусад нь яахав дээ дагалдах байдалтай урсч байна шүү дээ гэж математикийн алдартай багш, профессор Даваажавын Гомбосүрэн хэлж байлаа.
Удаахь нь Тус дээд сургуулийн дэргэдэх Хан-Уул 21 эрдэмтдийн баг Монгол Улсыг 2021 он хүртэл хөгжүүлэх тухай төслөө арванхоёрдугаар сард Ерөнхийлөгчид өргөн барьж, түүнээ танилцуулсан явдал юм. Энэ төсөл нь Засгийн газраас зарласан үндэсний хөгжлийн цогц бодлого боловсруулах уралдаанд тасархай давхижээ (мэдээж шинийг манайхан ямар ойлгох биш дээ, III байр эзлүүлсэн байна). Тэднийхээс өөр нэг ч их, дээд сургууль өөрийн багийг зохион байгуулж энэ уралдаанд оролцсонгүй. Эднийх төслөө дэлхийн шилдэг загвараар бүтээжээ. Төсөл авууштай олон санаа агуулж, сонирхолтой болсныг Ерөнхийлөгч Н.Энхбаяр онцолоод Монголоо монгол хүнийхээ оюунд нь даатгая гэжээ. Мэдээж оюун ухаан гэхээр ард нь Хан-Уул байж таарна.
Гурав дахь нь Доктор, профессор Ц.Дэмбэрэлийн Монголын онцлог ба оюуны экологи, Тунгалаг төрийн төлөө, Хөгжлийн төлөвлөгөө, Оюуны хомсдол ба төрийн бодлого, Геополитик ба Монгол хэмээх цодгор хүү, Оюун удамшина, Цонхоо нээгээч, Гэрэл, Гэрэл…, Босоо сэтгэлгээний хорлол өгүүллүүд нь өдөр тутмын сонинуудад нийтлэгдлээ. Эдгээр бүтээл нь зохиогчоос төрийн өмчийн бус их, дээд сургууль байгуулагдсаны 15 жилийн ойдоо барьж буй бэлэг байх. Суурь өгөгдөхүүнээр бүтээсэн оюун ухааны бэлэг нь хүртээмж, гэгээрүүлэх нөлөө, цаг хугацааг даах чанараар өөр бусад юутай ч зүйрлэшгүй гэдэг. Түүний өгүүллүүд нь бүтээлч шүүмжлэл, түүнээсээ үндэслэж дэвшүүлсэн шинэ санаагаар баялаг юм. Ер нь түүний бүтээлүүд ийм байдаг. Тэр хоосон, цулгуй үгүйсгэл тавьдаггүй. Харин хуучин болохгүй зүйлийг арчин цэвэрлэхдээ түүний оронд юу байх ёстойг нь заавал зааж, тодорхойлдог. Түүний өгүүллийг Монголын өөдтэй сэхээтнүүд шимтэн уншдаг. Өдөр тутмын бүх сонинг захиалж, тэдгээрээс хамгийн чухал гэснийгээ сорчилж уншдаг Доржийн Эрдэмбилэг гэдэг хүн Ц.Дэмбэрэлийн нийтлэлүүдээр тусгай цуглуулга хийснийг сэтгүүлч би үзсэн. Уншигчдад ингэж нөлөөлөх нь алив туурвигчийн эцсийн зорилго, хүслийн хязгаар болдог. Гэхдээ тэр хязгаарт хүрэгч өдрийн од шиг дэндүү цөөн байдаг.
ЗАХИРАЛ БА СУРГУУЛЬ
Хан-Уул дээд сургууль жилд 40 орчим оюутан элсүүлдэг аж. Тэд хэн байв. Тэд бол 10 жилийн сургуулийг гялалзуулж төгссөн, улсынхаа шилдэг их сургуульд дээд оноогоор тэнцсэн гавал залуус. Тэд зөвийг онож сонгох зөн мэдрэмжээр бялхаж цалгисан насан дээрээ яваа асч дүрэлзсэн хүмүүс. Тэд Дэмбэрэлд татагджээ. Yүний шалтгаан тодорхой. Их, дээд сургуулиудын чанарын эцсийн шалгуур нь төгсөгчдийнх нь мэргэжлээрээ ажиллах чадвар байдаг аж. Хан-Уул жилд 25-30 оюутан төгсгөдөг байна. Эднээс ажилгүй үлдэж лааз өшиглөсөн хүн байсангүй. Тэдний олонхи нь МSС, Датаком, Мобиком зэрэг оюун боловсролоор ажлаа явуулдаг компаниуд, ХААН, Голомт, ХАС зэрэг банкны болон эдийн засгийн төв байгууллагуудад ажилд ордог аж. Тэр залуус ажил дээр гараад л шууд 300 орчим мянгаар цалинждаг байна. Тэгээд хурдан ахиж, өөдлөдөг. Сард нэг сая төгрөгөөр цалинждаг төгсөгчид хэд хэд байна. Оюуны чадлыг манай компаниуд ч бас гэж үнэлэдэг болсон байна шүү. Цалин чухал ч, залуу хүнд сайн боловсрол, зузаан мэдлэг, оюун ухааны өргөн дэлгэр фон хамгаас чухал гэж захирал давтах дуртай юм.
Хан-Уул-ын сургалтын чанарыг МУИС, ШУТИС гээд манай акулууд хүлээн зөвшөөрдөг байна. Энэ гурван сургууль хоорондоо кредит солилцох гэрээтэй аж. Зиндаа зиндаагаараа ингэж айлсах нь оюутандаа хэрэгтэй юм. Дэмбэрэл захирал МУИС, ШУТИС дотор л олж авч чадвал бас ч гэж шүр сувд бий шүү, энэ хоёрыг төрөөс онцгойлон дэмжмээр байгаа юм даа, харин Хан-Уул-ыг зүгээр л орхичих гэж байна лээ. Энэ гурван сургууль урагшаа хамтран зүтгэвэл Монголд хэрэгтэй дээ.
Хан-Уул оюутны тоог хөөцөлдөж нүүрээ шавардахыг урьдал болгосонгүй, гол нь сургалтын чанарыг эрхэмлэжээ. Тэд сул оюутныг шүүрдэн цэвэрлэдэг байна. 2001 онд энэ сургуульд элссэн 67 оюутны 35 нь зулбан оджээ. Гэхдээ бусад их дээд сургууль руу шүү… Сонин байгаа биз!
Улс орныхоо элит хэсгийг бэлтгэхэд оролцдог хувийн алдартай сургуулиуд Англи, Япон, АНУ-д нэлээдгүй байдаг. Японы эзэн хааны гэр бүлийнхэн, удаа дараагийн ерөнхий сайдуудыг төгсгөж байсан олон жилийн уламжлалтай нэгэн сургууль Токиод байдгийг Дэмбэрэл мэднэ. Эр хүний цээжинд эмээлтэй, хазаартай морь багтана гэдэг. Дэмбэрэл Хан-Уул-ынхаа ирээдүйг тэр сургуулийн жишгээр боддог биз ээ. Тийм ирээдүй ч ойрхон бололтой. Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн Төрийн ордонд Хан-Уулын төгсөгч хэд хэд ажиллаж байна, мөд энэ саарал ордон Хан-Уулынхнаар дүүрэхдэгээ… гэж хэлж байсан. Хан-Уул-ынхан Саарал ордныг дотроос нь Цагаан ордон болгох байх.
Одоогийн Хан-Уул-ын дэргэд Монголын ирээдүй судлалын нийгэмлэг, IQ-гийн төв гээд цэвэр оюун ухааны чиглэлийн салбарууд идэвхтэй ажиллаж байна. Эдгээр салбар тус сургуулийн оюунлаг мөн чанар, улс орондоо ач тусаа үзүүлэх потенциал-ний байдал, үйл ажиллагааны түгээмэл, дэлгэр хүрээг харуулж байгаа юм. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат энэ сургуульд багшилдаг, оны зааг дээр Н.Багабанди Ерөнхийлөгч Эдүгээ Монголыг футурологи, синергетик хэмээх хоёр ухаан л аварна даа гэж бичсэн байна. Энэ хоёр хичээлийг зөвхөн Хан-Уул-д л заадаг гэдгийг хашир хүн мэдэж л байгаа. Мань хүн санааг алсуур хэлэхдээ мөн ч урлагтай шүү дээ…
Ерөнхийлөгч Н.Энхбаяр юу гэж хэлснийг өмнө дурдсан. Алдрыг гуйж бус, гуядаж олно гэдэг энэ буюу.
Хан-Уул-ынхан оюутны тоогоор бус, оюуны эрчээр хүчлэн түрсээр тодрон гарч ирлээ.
Хан-Уул ийнхүү гэрэлтэж байна. Энэ гэрэл Монголыг гэрэлтүүлж эхэллээ…
Олон улсын сэтгүүлч Ш.ЦЭРЭНПИЛ