ШРИ ЧИНМОЙ морьд өргөж, шавь нь сарлаг, тэмээтэй уралдав

Тэнд ч салхитай, нэлээд сэрүүн байв. Заан хад өнгөрч хэсэг давхиад зорьсон газартаа хүрлээ. Дэлхийн дээд амжилтын талаар сурвалжлах үүрэг редакцаас авсан ч хэний тухай гэдгээ мэдэхгүй байсан юм. Тэгтэл тамирчин бололтой нэгэн эр хувцсаа солиод тусгай багаж гарган газар хэмжиж эхэллээ. Тэрээр үзэсгэлэнт байгальтай задгай талбайг сонгожээ. Түүнээс хэн болохыг нь асуув. Тэрээр, намайг П.Ашрита гэдэг. Би энд тэмээ болон сарлагтай уралдана. 2007 оны дэлхийн Гиннесийн номд бичигдсэн амжилтуудаасаа сонирхуулна гээд, Guinness world record 2007 ном үзүүлж, өөрийнхөө рекордоос танилцуулсан юм. Тэрээр хурдан гүйх, хөлдөө тавагтай гүйх бас харайлт, олон шилэн аяга давхарлаж толгой дээрээ тогтоож рекорд амжилт үзүүлжээ.

Тэрэлжийн талд П.Ашрита эхлээд шуудайнд хөлөө хийж дэвхцэв. Тэндхийн нэгэн малчин сарлаг унаж түүнтэй зэрэгцэн уралдлаа. Тэд нийт 1604 метр зайг 16 минут дөрвөн секундэд туулжээ. П.Ашрита, сарлаг хоёр аль аль нь ядарсан байв. Дараа нь хоёр хөлнийхөө дор таваг тавьж, түүнийгээ оосорлож бариад гүйж эхлэв. Энэ удаад түүнтэй тэмээ унасан хүн уралдав. Ингээд тэмээ, сарлаг давхиж, П.Ашрита гүйсэн ч хэн нь ч түрүүлсэнгүй, эн тэнцүүхэн байсан. Энэ үеэр түүнтэй цөөн хором ярилцлаа.

-Уралдааны зам бартаатай байсан нь хэцүү байв уу?

-Тийм ээ. Их хэцүү байлаа.

-Монголын талаархи сэтгэгдлээ хуваалцаач?

-Би Монголд анх удаа ирж байна. Гайхалтай, үзэсгэлэнтэй байгальтай орон юм. Бас машин, хүн олонтой.

-Та яагаад ийм сонин зүйл оролдож, рекорд амжилт тогтоох болов?

-Хүүхэд байхаасаа л Гиннесийн номд нэрээ бичүүлэхийг хүсдэг байлаа. Тиймээс ямар нэг зүйлээр дэлхийн шилдэг болохоор оролдож эхэлсэн. Хэрвээ хийж байгаа зүйл маань амжилтгүй болбол дахиад л илүү сайныг хийдэг байсан.

-Таны хамгийн анхны амжилт юу байсан бэ?

-Хамгийн анхных харайлт байсан. 1999 онд юм байна.

-Таны амжилтын нууц юу вэ?

-Миний амжилтын түлхүүр бол бясалгал. Би биеийн хүчинд итгэдэггүй. Байгалийн, дотоод сэтгэлийн хүчээр ийм амжилтад хүрсэн гэж хэлмээр байна гэлээ.

Тэрээр алхам тутамдаа Шри Чинмой багшдаа баярлалаа гэх юм. Учир нь П.Ашрита Шри Чинмойн олон мянган шавийнх нь нэг ажээ. Гиннесийн номд бичигдсэн алдартны Монголын тал нутагт үзүүлсэн сонирхолтой үзүүлбэр үүгээр дуусав.

Yүний дараа бид Гачууртад байдаг Монгол шилтгээн-д ирлээ. Төвийн доторхи талбайд бэсрэг наадам болж байна уу гэлтэй асар барьж, туг зоож, цайвар зүсмийн хэдэн морь уяжээ. Морьдыг тусгай тавцан дээр гаргаж жинг нь үзэв. Учир нь дэлхийн нэрт бясалгагч Шри Чинмой эдгээр морийг өргөх юм. Тэрээр айлчилсан орон, газар бүртээ бэлгэдлийн чанартай амьтдыг өргөдөг аж. Тухайлбал, Тайландад заан, морь, Шинэ Зеландад хонь өргөсөн байна. Мөн 1992 онд 31 мянган фунт жинтэй тийрэлтэт онгоц өргөж байсан гэнэ. Монгол шилтгээн-д Шри Чинмойг дагалдан ирсэн шавь, шүтэн бишрэгчид нь цуглажээ. Мөн гадаадын жуулчид ч цөөнгүй иржээ. Өргөлтийн талбайд морьдыг гурав, гурваар нь гаргаж Шри Чинмойн хүчийг үзэв. Нийтдээ 10 мянга гаруй фунт жинтэй 10 гаруй морийг өргөлөө. Энэ нь таван тонн орчим кг болж байгаа юм. Биеийн хүчээр бус, эв эеийн хүчээр өргөж байгаа нь энэ аж. Шри Чинмой Монголын бэлгэдлийг морь хэмээн сонгож зөвхөн өргөх бус, цайвар зүсмийн моринд зориулж дуу зохиожээ. Түүнийг морь өргөх үеэр шавь нар нь дуулж багшдаа хүч нэмж байлаа.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button