Эрyyл мэндийн салбар дампуурлаа зарлая!

Ард иргэд нь эмнэлэгт, эмчдээ итгэх итгэлээ улам алдан гаднын ямар ч алибан чөтгөр би эмч гээд ирэхэд, залбиран мөргөж амь насаа уртасгах, аврахыг тэднээс гуйж, мөнгө хөрөнгөө шавхаж байна. Энэ байдлыг нь далимдуулан эмчлэх эрхтэй, эрхгүй өвөрлөгч голдуу эмч гэгч хүмүүсийг ашиг хонжоо хайгчид хувийн болон хамтарсан эмнэлгийн нэрийн дор авчран тэдгээрээр ард түмний мөнгийг хамтран луйвардах явдал нэгэнт газар авчээ. Мэдээж, эх нутагтаа амьдрах чадваргүй, тэндээ гологдсон нэгэн энд тэнд доншуучлан олз хайж яваа нь ойлгомжтой. Тэдэнд Монголоос өөр амьдрах хөрс олдохгүй нь лавтай. Тэд эмчилнэ, эдгэрүүлнэ гэсэн эрээ цээргүй худал хуурмаг мэдээлэл, зар сурталчилгааг тасралтгүй явуулж байна. Гэтэл яам, тамгын газар, эмч нарын мангаа болсон нөгөө айхтар мэргэжлийн хяналтын байгууллага таг чиг, байх. Тэдний боловсрол, мэдлэгийн төвшин ердөө л энэ. Хаана мэдлэг боловсрол үгүй харанхуй мунхаг байна, тэнд мухар сүсэг, шашин, элдэв номлогч, ид шидтэн, зальтангууд, сүлжээний эм тан ихэсдэг жамтай билээ.

Эмч мэргэжилтэн нарын ёс суртахууны доройтол өдрөөс өдөрт муудсаар. Эмч нар сүлжээчин болчихоод 10000 төгрөгийн төлөө үйлчлүүлж буй өвчтөнг 100000 төгрөгөөр шатаан молигодсоор сууна. Ямар ч хамаагүй аргаар мэргэжлийн үнэмлэх, зэрэг цол авахын төлөө улайран тэмцэлдэх болжээ. Энгэр дэх тэмдэг, халаасан дахь үнэмлэх нь ард иргэдэд хуурамч үнэлгээ үүсгэн хууран мэхлэх үндсэн хэрэглүүр болохоос биш, тэдний ажил мэдлэгт ямар ч нэмэр өгдөггүй эд. Энэ нь нөгөө хуучин дүрэм журам, урамшууллын коммунист системтэй холбоотой нь мэдээж. Yүнийг өөрчилж боловсронгуй болгох нэг ч ажил хийсэнгүй, тэр ч бүү хэл улам дэвэргэн хээл хахууль авах, мөнгө олох, дарамтлах гэх мэт капиталист уралдааны хэрэглүүр болгосоор байна.

Жинхэнэ чадвар мэдлэг, зөв зүйтэй үйлийг хөхүүлэн дэмжих, шударга зөв өрсөлдөөний оронд өөрийгөө л болж байвал бусад зүйл надад хамаагүй гэсэн үзэл газар авснаар эрүүл мэнд, эмнэлэг дотор бугшиж байгаа олон муу зүйл нийгэмд харагдахааргүй болжээ. Товчхондоо, эрүүл саруул ухаан сэтгэхүй үгүй болж өөрийгөө болон бусдыг хууран мэхлэх, хар амиа аргацаан өдөр хоног өнгөрөөх сэтгэхүй эрүүл мэндийнхний дунд газар авлаа.

Эмч, мэргэжилтний мэргэжлийн чадвар чансаа дэлхийн дундаж төвшнөөс ихээхэн доройтсон нь хэнээс ч нуултгүй болжээ. Янз бүрийн шугамаар ирсэн гадаадын мэргэжилтэн, эмч нар манай эмч нөхдөөс мэргэжлийнх нь дагуу ойр зуурын юм асуухад мэдэхгүй байдаг бөгөөд хийж байгаа эмчилгээ, үйлчилгээг нь тэд хараад толгой сэгсрээд л гайхаад байдаг нь бид ямар төвшинд байгаа нь тодорхой. Тэгээд ч бүхэл бүтэн мэргэжлийн бригад ирж сая нэг тусламж үзүүлэх болсон нь зөвхөн нарийн мэргэжлээр ч биш, манай ерөнхий мэргэжил, туслах оношилгоо эмчилгээний төвшинд итгэх арга боломж үгүй байгаатай холбоотой. Иймээс Америкийн эмч нарын Хүүхдийн зүрх, Швейцарийн эмч нарын Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэлт, Яаралтай тусламж төслүүд нь иж бүрдэл багаар бөөнөөр шатлан ирж энд удаан хугацаанд хамтран ажиллаж эмчилгээ үйлчилгээг хамт хийн сургалт явуулж, манай эмч нарыг цувуулан нутагтаа аваачин дадлага хийлгэж, мэдлэг олгож байгаа нь чухамдаа далайд дусал мэт гэгээ оруулж байна.

Ард түмэн эмнэлгийн үйлчилгээ авахад нэн бэрх, хамаатан, танил эмч, эмнэлгийн ажилтангүй бол бүр ч бүтдэг ажил биш гэлцэж байгаа нь ортой билээ. Анхан шатны эмнэлэг нь бид мэдэхгүй, чадахгүй, биднийг харж байгаа биз дээ, бидэнд юу ч алга, хурдхан тэр том эмнэлэгтээ оч гээд өөрөөсөө зайлуулдаг. Иргэд ч тэнд эмчлүүлэх, үйлчлүүлэх итгэл, хүсэл бага. Ингэснээр нөгөө талдаа нарийн мэргэжлийн клиникүүд онц хэрэгцээгүй явган ачаалалд хэт дарагдан хүртээмж нь багассан байдаг. Иргэд олноороо хэт ядуурлын төвшинд байгаа учир өндөр үнэтэй эм тариагаа авах чадвар мөхөс. Иймээс үнэгүй эм тариа хаана байна, тийшээ ямар ч аргаар хамаагүй дайрцгааж байна. Нөгөө талдаа хуучин нийгмээс үлдсэн эмнэлэгт хэвтэж амрах, витаминжих, ажлаасаа болон гэрээсээ түр хөндийрөх арга сэтгэлгээ салахгүй байгааг хэлэх хэрэгтэй. Эдгээр шалтгааны улмаас эмнэлэгт хэвтэх гэсэн цуцашгүй хүсэл тэмцэл зохих хэмжээнээс хэтрээд байна. Энэ нь эмнэлэгт ор дэр зохицуулдаг албан тушаалын төлөө тулаан үүсгэж, тэр нь улам хүнд хэлбэртээ шилжихэд үгүй гэх газаргүй болжээ.

Эрүүл мэндийн ирээдүй болсон залуу боловсон хүчинд шинээр тус салбарт орж ирж байгаа оюутнуудын дунд чадварлаг, оюунлаг, ухаалаг залуу тун цөөхөн болсон нь нийгмийн шалтгаантай юм. Ямар ч залуу хүн ийм хүнд сургалтай, учир замбараагүй олон даваатай, ядуу, хэцүү системийн цалин багатай ажилд ороод цаашид сайн сайхан амьдарна, ажиллана гэж бодоход хүнд билээ. Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуульд элсэгч болон суралцагч оюутан залуучуудын 90 хувь нь эмэгтэйчүүд. Тэд цаашид нийгэмд гэрийн эзэгтэй, хүүхдийн эх болох байгаль, нийгмээс заяасан үүрэгтэй тул нийгмийн идэвх, чадвар нь сулрах бодит нөхцөлтэй. Сургалтын гол байгууллага нь оюутныг сургах биш, мөнгө нэхдэг, ном, сургалтын материал нэртэй өөрсдийн үгэн овоолгоор бүтсэн цаасаа шахдаг, зүй бусаар дарамталдаг тухай хэвлэл мэдээллээр цацагдаж байна. Энэ нь мэдээж цөөн хэдэн багш гэгдэгчид хамаарах асуудал боловч энэ сургуулийн ерөнхий сургалтын чанар ямар түвшин хэмжээнд байгааг төгсөгчдөөс шалгалт авахдаа адил төст бусад орны сургуулиудын төгсөлтийн шалгалтад хэрэглэдэг энгийн тестээр хөндлөнгийн шалгалт хийгээд үзэхэд л тодорхой болно. Багш нарын мэдлэг чадварын төвшинг ч бас хөндлөнгийн шалгалтаар аттестатчилах цаг нь болсон. Тус сургууль сургах, заах арга барилтай, багшлах сонирхолтой мэдлэг чадвартай, туршлагатай эмч мэргэжилтэнг ажиллуулах талаар ямар ч арга хэмжээ авахгүй, авах сонирхол ч үгүй бололтой. Цаашид ийм боловсрол мэдлэгтэнгүүд эрүүл мэндийн ирээдүй болно гээд бодохоор айдас төрнө.

Энэ мэт зах зухаас нь өнгөцхөн дурдахад л ийм байна. Ийм төлөв байдлыг улс төр, нийгэм, сэтгэл судлаач, мэргэжилтэн нар юу гэдгийг мэдэхгүй юм. Миний бодлоор дампуурал гэж ийм байдаг болов уу.

Цог-Төгөлдөр овогт Б.БАТБОЛД

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button