Боолын хөдөлмөрийн төлөөх ядарсан монголчуудын тамын дүр зураг
Энд нэг ширхэг хуушуур 500 төгрөг хүрч, хотын ченжүүд задгай долларын үнийг тэнгэрт хадааж хоёр гурван шөнө хонон дугаарласан хүмүүс эхнээсээ халуун наранд цохигдон муужирч унаж байна гээд элдвийн л мэдээлэл гарсан даа. Манай сонинд Боолын хөдөлмөрийн төлөөх ядарсан монголчуудын алалдаан гэсэн ниитлэл гарсны дараа маш олон хүн санал сэтгэгдлээ ирүүлэв. Яагаад монголчуудыг мал адгуус шиг нэг дор бөөгнүүлэн ингэж зовоож, доромжилж байх ёстой гэж. Интернэт хөгжсөн энэ үед онлайнаар бүртгэлээ явуулчихаж болохгүй гэж үү? Тэгээд ч Монголдоо бид жирийн л хүний ёсоор ажиллаж амьдрах боломж байсан бол тэр хүмүүс ийнхүү улайран дайрч, өнжин хонон зогсохгүй л байсан даа… гээд л.
Бүртгэлийн хоёр дахь өдөр буюу баасан гариг. Урьдчилж хоногсдын хувьд энд өнгөрөөж байгаа гурав дахь хоног. Өмнөх өдрөө бодвол хүний хөл сийрэгшин гайгүй болж байна гэлцэх. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн төв хаалганы орчим ундаа, тамхи, хуушуур зарагчид хөлхөлдөн, хөлөөр нэг хог хийснэ. Салхи дэгдэн хамар сөргөхөд нэл шээс шивтэр үнэртэх. Хоёр гурав хоног дугаарлаж байгаа хүмүүс байраа алдахгүйн тулд ундааны шил саванд шээж тэрүүгээр нэг хөглөрч байгаа. Арай боломжтой нэг нь хана хаалга, хайс бараадаж… Ийнхүү салхи нь хүртэл шээс шивтрийн үнэртэй болчихсон гэх.
Бид ч эхэндээ нүүр амаа даран Пүү, паа л боллоо. Гэвч энэ бол аймшигтай дүр зургийн зөвхөн өнгөн тал нь байв. Цаашхи дүр зургийг эвлүүлж бичихэд ч зүрх шимширч байна.
Цагдаа нар, дээсээр хязгаарлан хашсан хүмүүс томоотой бур маш сайн эмх цэгцтэй гэмээр дараалан зогсч байна. Шороонд халтартан, ядарч зүдэрсэн зэгэл саарал царайтай, дандаа л ид насны залуус. Эмэгтэйчүүдийн бүртгэл дууссан учир оочёрыг нь тасласан гэнэ ээ. Дээсний гадна тортой жижигхэн хоол, ганц ундаа барьсан голдуу бүсгүйчүуд цагдаа нарыг царайчлан Ганцхан ундаа гялс оруулаад өгөөч. … гэж царайчлах, Цагдаа нар нь ч халгаахгүй юм. Арга ч үгүй байх. Нэг хүн л дээс рүү оруулахад Болиоч ээ, арын хаалганы муусайн юмнууд… гэж хашгиралдан түр хэрэлдэж, юу юугүй үймээн дэгдэх шинжтэй. Гурав хоног хоол унд ч үгүй дугаарлаж, ядарч өлсч туйлдсан тэр хүмүүс юуханд ч эмзэглэн хилэгнэж нэг нэг рүүгээ хутга барин дайрахад бэлэн харагдаж байна лээ.
Цагдаа нарыг ч буруутгах арга алга. Тэд ч бас хэд хоног тушаалаар цөлөгдөн ээлж халаагүй, өдөржин шөнөжин тэнд зогсч, хэв журам сахиулах гэж ядаж байгаа. Ялимгүй л сөргөлдөөн гарахад уурлаж бухимдеан хумүүс юу ч хийхэд бэлэн, нэг зэрэг түрхэрэн дайрахад энд хүн амины хэрэгч гарахаар байна лээ.
Хэдэн хором болоод л хүмүүс уухайлан хашгиралдаж, үймэлдэх юм. Энэ нь хаалга онгойж дараагийн хүмүүсийг оруулж байгаа хэрэг аж. Цагдаа нар хүмүүсийг арав арваар нь тоолон ар нуруунаас нь түлхэн хаалга руу оруулна. Хэдэн хоног хүлээсэн хөөрхий тэд ашгүй нэг юм ээлж нь ирж буй, амь амьдралын алтан агшнаа алдчих вий гэж эмээх мэт хаалга руу амь тавин шогшино, цагдаагийн харгалзаан доор… Яг л хэзээ нэгэн цагт Бухинвелдийн шоронгийн хаалга руу хумүүс ийн цувуулан оруулах дүр зургийг эртний кинон дээрээс харж байсан шиг… Уучлаарай хэтрүүлэг биш шүү. Яг л ийм л сэтгэгдэл төрж, таньж мэдэхгүй ч, нутаг нэгт, элэг нэгт тэднийхээ өмнөөс зүрх шимширсээн. Өөр яах билээ, тэдч, цагдаа нар ч, бас бидч…
Дарааллыг будилаангуулахгүй гэж аалзны тор шиг хэрэн татсан олсны наана өнжин хонож байгаа хүмүүст ам чийглэх балга ус оруулах гэсэн баахан хүмүүс. Тэд ямар ч мундаг залилагчаас илүү арга сэдэн ядах. Даргаас чинь зөвшөөрөл авсан ч, сурвалжлагч нартай цуг яваа юм аа гэх шиг. Тэднийг ч бас буруутгах зүрх алга. Ганц-худагийн гадаа ч ийм дүр зураг ховорхон харагдах байх. Яг л шоронд байгаа хүнд хоол унд дамжуулах гэж ядаж зүдэн байгаа юм шиг.
Хажууд нэг сэргэлэн залуу торон хашаа давуулан ахдаа ч юм уу, дүүдээ ганц сав цэвэр ус шидэж чадав. Дараалан зогссон залуус цэвэр усыг амаа чийгшүүлэх төдий балгаад дараагийнхаа хүнд өгч харагдана. Хоёр гурав хоног нэг дараалалд зогсоо зовлон нэгтнүүд болохоор балга усаа ийн хуваалцахаас ч өөр яахав. Яг л бас дайны үеийн кино зураг шиг.
Ийн зогсч байтал ам нь омголтож, ус нь өрвийж ядралын туйл болсон залуу алгын чинээ цаас барьсаар ирж Хошуучаас чинь зөвшөөрөл авчихлаа. Гялс гараад морь харчихаад ирье гэж гуйж эхлэв. Цагдаа нар ч яахав дээ Таныг гаргачихвал бусад чинь барьцана. Тэгээд ч оочер чинь алдагдчихна. Таныг л бодож хэлж байна гэж учирлах. Нөгөө залуу Би энд гурав хонож байна. Өдөрт ганц л бие засч байгаа, үнэхээр тэвчихгүй байна ш дээ гэж учирласаар бие засах эрх авч шороо манарган гуйван гуйж одлоо. Та хаана бие засах юм бэ гэж үгэнд дурлахад Яахав дээ ийшээ гарч байгаад, мод хашаа бараадасхийгээд. Оочер дээрээ тэр дороо шууд юу яаж арай чадахгүй юм аа… гэнэ билээ. Ийм байхад салхинд хүртэл шээс нэвчихгүй ч яах билээ? Уг нь яг тэр дугаарлаж байгаа хүмүүсийн дунд баяр наадмаар хэрэглэдэг жижиг жорлон байна лээ. Гэхдээ түүнийг онгойлгоогүй гэнэ.
15 мянган хүн цуглахыг мэдсээр байж ядахдаа тэр жорлонг онгойлгочих сэхээ байгаагүй л юм байх даа. Бүр хамаагүй 100. 200, мянган төгрөг ч аваад. тэнд байгаа хумүүсийг жорлонгоор хангачихаж болох л байсан шүүдээ. Стадион дотор тухлан сууж бүртгэл явуулж байгаа солонгосчуудад ийм сэтгэл төрөөгүй л байх.
Дугаарлаж зогсоо хөөрхий тэр хүмүүс бол юун жорлонтой мантай, амиа алдахаас ч наахнуур тэмцэлдэж, ямар ч доромжпол, хүнд хэцүүг туулан бүртгүүлж л байвал эруүл мэнд энэ тэр огт хамаагүй гэж зүтгэж байна. Өөр яах ч юм билээ, тэд…
Харин ч хүн шиг хөдөлмөрлөж, харьд боолын хөдөлмөр эрхэлж амьдралаа дээш татах гэсэн тэдний энэ эрмэлзлэл тэвчээр хатуужлыг гайхан биширмээр.
Уг нь Монголд нийгмийн халамжийн яам хүртэл байдаг сан. Нөгөө гудамжинд морь харвал торгоно гэдэг цагдаа нар ч яалаа, бүр нарийндаа бол эрүүл мэндийн шаардлага тавих ёстой мэргэжлийн хяналтынхан ч яалаа. Ер иь Монголд 15 мянган хүний амь амьдрал яаж байна гэж санаа тавих албатнууд байна уу, үгүй юу. Яагаад монголчуудаа ингэж мал адгуус шиг байдалд түлхэж зүрхлэнэ вэ гэж хилэн төрмөөр, бослого гаргамаар…
Дээсний гаднах байдал ч тайван зураглал байж. Бид үнэмлэх сэлтээ үзүүлэн байж дээсийг даван орлоо. Эмх цэгцтэй мэт харагдах нүүрэн талын эгнээний цаана жинхэнэ аймаар байдал нуугдаж байжээ. Эхний эгнээ нийхэн оочёр нь овоо дөхөж байгаа болохоор сэргэж ийн хөл дээрэз зогсон журамтай байж. Хэзээ хаалгаар давж орох нь тодорхойгүй ард эгнээнийхэн чулуу дэрлэн унтаж байна. Чулуу олдоогүй бусад нь дарааллаараа явган сууж зүүрмэглэн тухалзах. Байсхийгээд л оочёр жаахан дөхөхөд Урагшлаарай, урагшаарай гэлцэн биеэ сэрээж хэдэн алхам урагшлаад ядарсандаа зогсоогоор зүүрмэглэнэ.
Стадионы өлөн хөх шороо хүмүүсийн хөлд талхилагдсаар ямар ч дээд зэргийн энгэсэгнээс илүү нунтаг хор болж. Хүмүүс бүгд шороонд дарагдан өрвийж, халуун наранд анган уруул нь омголтож, завьжнаас нь цагаан хөөс сахарч харагдана. Ийн тартагтаа тултал ядарсан хэдэн зуун хүний дунд гэнэт яваад орчихоор ямар аймаар гээч.
Бидний тэнд ороход оочёр дайрах нь гэж бодсон уу бөөн хашгираан болов. Тал талаас шороонд халтартан нүд, шүд нь л гялалзах хүмүүс хашгиралдан, ундааны шил сав шидэхээр зэхэж… Аймаар, аймаар гэхээс өөр ч үг үгүй. Харин цагдаа нар байдлыг арай хийж зохицуулан Эд сурвалжлагчид. Та нартай уулзах гэж ирсэн. Та нарт тус болох гэж байгаа хүмүүс шүү дээ гэж учирлахад байдал арай өөрөөр эргэн бараг түрүүчийнхээс ч илүү зүрх шимрэн болов, Хүн болгон Наашаа хүрээд ир. Би ярья. Хаана байна аа тэр хэвлэлийнхэн. Та нар үнэхээр чаддаг юм бол энэ бодит байдлыг харуул, тэр албан тушаалтнуудад нь хэлээд өгөөч гэлцэн бүгд л ам амандаа шаагилдав. Үүнээс илүү ямар ч ярилцлага, ямар ч шаардлага бидэнд хэрэгтэй билээ.
Тэдний хоёр гурав хоног эдэлж байгаа тамын ертөнцөд хэдэн хором саатахад л хэрэндээ л ихийг үзсэн сурвалжлагч бид сөхөрч унахаа шахав. Тэр тамаас гараад эргэж харахад шороо пургиж сэгсийсэн үстэй залуус танихгүй бидэн рүү гар даллан үхтлээ ядарсан ч итгэл, сэтгэлийн харцаар үдсээр хоцорсон. Бас ч гэж зовлон сонсох хүн ирээд явлаа гэж баярласан болов уу. Тийм зовлонтой, тийм олон хүний харцыг баргийн хүн дааж гарамгүй. Одоо ч нүдэнд харагдаж байна…
Албан тасалгааны цонхоор амьдралыг сайхнаар харж байгаа эрхэм дарга нар аа, та нар энэ дүр зургийг харсан бол хүн л юм чинь зүрх чинь шимшрэх л байсан даа. Стадион доторх арай тайаан бүртгэлийг биш, төв хаалганы орчимд та нарт бол аймшгийн зүүд шиг, дээсний цаана гурав хонож байгаа хүмүүсийн хувьд диваажин мэт санагдах арай тайван дүр зургийг биш шүү. Яг тэр аймаар байдлыг харсан бол…
Та нар ч гэсэн хүн л юм чинь элэг нэгтнүүдээ арай л дээр байлгах гэсэн нэг бодол зүрх, тархинд чинь эргэлдэж л байдаг байх. Төрсөн нутагтаа элэг бүтэн энгийн л нэг амьдрах боломж байдаг сан бол тэд ийнхүү амьтан болж зогсохгүй л байсан шүү дээ. Өөрсдөө тэр орчинг нь бүрдүүлж чадахгүй байгаа ч ядахдаа харьд очиж боолын хөдөлмөр эрхлэх олдошгүй тэр боломжийг нь махыг нь идаж, тамтгийг нь барахгүйгээр аятайхан зохион байгуулжболохгүй байна уу. Бүртгэл явуулах гэж ийм аймаар дажин болж байгаа юм чинь шалгалтыг нь авахад юу болох бол? Шалгалт өглөө ч тэд Өмнөд Солонгос руу явж чадаа ч уу үгүй ч уу. Солонгосчуудын амыг харахаас өөрийгта нар хийж чадахгүй, хэл ам болон байж байгуулсан төрийн байгууллагын чинь статус, үйл ажил-лагаа нь ч тодорхойгүй байгаа юм чинь.
Дарга нараа, та нар тэрбум тэр-бумаар нь идэж ашигласан ч байг, тэнэг тэнэг хууль дүрэм гаргадаг ч байг хамаагүй. Зөвхөн өнөөдөр энэ 15 мянган хүний талаар тархиа хэдхэн хором ч болов чилээж, зүрхээ чагнаад үзээч. Та нарт ч бас зүрх сэтгэл, тархи оюун, бас боломж байгаа гэж найдахыг тэд хүсч байна.
(Ардын эрх 100/632)
А.АЛТАНТУЯА