Амьдралын хэв маяг цусны даралт ихсэх хүчин зүйл болдог
Энэ өвчнөөр нас барагсдын тал хувь нь өвчнөө мэдэхгүйн улмаас ийм байдалд хүрдэг ажээ. ДЭМБ-ын тодорхойлсноор, 140/90 буюу түүнээс их болохыг цусны даралт ихэслээ гэж үздэг. Даралт ихсэх нь тархины цус харвалт, зүрхний цус хомсдох өвчин, чихрийн шижин зэрэг амь насанд аюултай эмгэгүүдийн хүчин зүйл болдог. Судалгаагаар, цусны даралтыг 5-6 мм багасгахад цус харвалт 42 хувиар, зүрхний цус хомсдох өвчин 14 хувиар буурдаг байна.
Дэлхийн 1.5 тэрбум хүн цусны даралт ихсэх өвчтэй байдаг. Тэдгээрийн 45 хувь нь цусны даралт ихсэх өвчтэйгөө мэддэггүй. Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн тархалтын шаталсан судалгаагаар, манай орны насанд хүрсэн хүн амын 28 хувь нь цусны даралт ихдэлттэй байсныг тогтоожээ. Цусны даралтын хэмжээг бууруулснаар зүрх судасны олон хүндрэлээс сэргийлж болно.
Саяхан Эрүүл монгол хүн хөтөлбөрийн хүрээнд Сүхбаатарын талбайд 424 хүний цусны даралтыг хэмжихэд 32.5 хувь нь даралт ихтэй байжээ. Манай орны хувьд энэ өвчин түгээмэл байдгийн гол шалтгаан нь амьдралын хэв маяг, хооллолттой холбоотой байдаг аж. Тиймээс манай улс энэ жил цусны даралттай тэмцэх өдрийг Зохистой хооллолт-хэвийн даралт уриан дор тэмдэглэсэн юм.
ЭМШУИС-ийн анагаах ухааны сургуулийн зүрх судасны тэнхимийн эрхлэгч Ө.Цолмон Цусны даралт ихсэх өвчин ямар ч шинж тэмдэггүй мөртлөө өндөр эрсдэл авчирдаг чимээгүй өвчин. Манай улсын хувьд насанд хүрэгчдийн 28 хувь нь цусны даралт ихсэх архаг өвчлөлтэй. Энэ нь дэлхийд өндөр үзүүлэлт юм. Ер нь 16-аас дээш насны хүн жилд хоёр удаа цусны даралтаа хэмжүүлж байх ёстой. Ингэвэл энэ өвчний хүндрэлээс 50-60 хувь сэргийлэх боломжтой болно гэсэн юм.