Yе мөчөөр тогтмол өвддөг бол…
-Энэ болгоныг үе мөчний өвчин гэж ойлгож болохгүй. Yе мөчний өвчин биш. Шөнийн хөшилт, булчингийн өвдөлт гээд олон хам шинж өвдөлт байдаг. Бас судас, мэдрэлийн гаралтай, тодорхой бодисын солилцоо, эрдэс бодис, аминдэмийн гаралтай өвдөлтүүд ч бий.
Хэрэв тогтмол ингэж өвддөг бол учир шалтгааныг нь олох ёстой. Ер нь шөнө, орой болгон өвдөх нь ясны өөрчлөлт, архаг муруйлт, суултаас гадна ор, нурууны байрлал болон тодорхой нэг байрлалд удах зэргээс болж гарах шинж бий. Тэгэхээр яг үүнээс болж байна гэж хэлэхэд төгс бус. Нурууны зургийг авахуулах ёстой. Мөн булчин бадайрдаг бол мэдрэлтэй холбоотой байж болох юм. Насны онцлогоос хамаарсан судасны хатууралтай эсэхийг тодруулах хэрэгтэй.
-Yе мөчний өвчин олон янз байдаг уу. Миний баруун хөл дотор тийшээ муруйсан. Ямар эмчилгээ хийх вэ. Ясны сийрэгжилт үе мөчтэй холбоотой юу?
-Баруун тийш нэг хөл нь муруйсан бол үений тодорхой гэмтэл, мөгөөрсийн органик өөрчлөлтийн үед гардаг шинж тэмдэг байж болох юм. Тэгэхээр хөлийнхөө зургийг авахуулж, муруйсан нь ямар шалтгаантай, яс ургасан байна уу, мөгөөрсний хатуурал уу, эсвэл шөрмөсний шохойжилт уу гэдгийг тодорхойлуулах хэрэгтэй. Шөрмөсний шохойжилтын үед нэг тал руугаа муруйгаад ирдэг. Yений шохойжилт, эвдрэлт, шимэгдэлтээс болж муруйж, тахийж, хэлбэрээ алддаг өвчин бий. Тэгэхээр үүнийг зөвхөн ясны сийрэгжилттэй холбохгүй.
-Миний хурууны үеүд даарахаар янгинаж өвддөг. Энэ ямар учиртай вэ?
-Энэ нь олон шалтгаантай. Зах хязгаарын судасны нарийсалт өвчний шинж тэмдэг, хам шинж гэж бий. Энэ тохиолдолд даарахаар цусан хангамж улам багасна. Угаас судасны нарийсалттай, судасны цусан хангамж багатай холбоотой эмгэг бий. Синдром ренон гэж нэрлэдэг. Энэ эмгэгийн үед даарах, хөрөх, хүйтэн усанд юм угаах үед цусан хангамж багасч өвддөг.
Клиникийн төв эмнэлгийн зүрх, судасны тасгийн эмч Б.Батболд