Монголчууд хэрэгцээт илчлэгийнхээ 50 гаруй хувийг цагаан идээнээс авдаг

Биологийн болон хүнс тэжээлийн үнэт чанараараа бусад төрлийн хүнснээс илт давуу үйлчилгээтэй сүү, цагаан идээг өдөр тутмын хоол хүнсэндээ тогтмол хэрэглэх нь эрүүл аж төрж, урт наслахын үндэс болдог. Манай орны өнөөгийн нөхцөлд хүн амын 50 гаруй хувь нь төв суурин газарт амьдардаг бөгөөд сүү, цагаан идээний хэрэглээ хөдөө, орон нутгийнхаас гурав дахин бага төдийгүй нийт хэрэглээнийх нь 30 гаруй хувийг импортоор хангаж байна. 2003 оны сүүлийн хагас жилийн статистик, гааль болон худалдааны газруудаас авсан судалгаа, мэдээнд тулгуурлан Улсын мэргэжлийн хяналтын газраас гаргасан мэдээгээр, 2003 онд Монгол Улсын 50 гаруй аж ахуйн нэгж, 80 гаруй иргэн гадаадын 20 орчим орноос 16 нэр төрлийн гурван сая гаруй тонн сүү, сүүн бүтээгдэхүүн импортолсон байна. Мал аж ахуйн орон гэгддэг манай улсын хувьд энэ тоо итгэхэд бэрх байж болох юм.
Гэхдээ л байдал ийм аж. Шинжлэх ухааны доктор Л.Дамдинсүрэнгийн хийсэн тооцоогоор, Монгол Улс жилд 700 гаруй сая литр сүү сааж, үүнээс 60 гаруй хувийг үйлдвэрийн аргаар боловсруулах нөөцтэй аж.
Энэ нөөц нь хүн амыг физиологийн жишгийн дагуу сүү, цагаан идээгээр хангахад хүрэлцээтэй төдийгүй энэ төрлийн бүтээгдэхүүнийг импортлох биш, харин ч экспортлох боломжтойг харуулж байна. Дотоодын үйлдвэрлэлээ дэмжих талаар байнга ярьдаг ч хүн амынхаа хэрэгцээг хангаж чадахгүй байгаа учир гадаадаас импортолж байгаа компаниудыг буруутгах юу байхав. Гэхдээ гадаадаас цэвэр сүү, тараг гэхээс илүү йогурт буюу жимстэй тарагийг оруулж ирдэг бөгөөд энэ нь кальцитай бүтээгдэхүүн зайлшгүй хэрэглэдэг хүүхэд, хөгшдийн гол идээ болоод байна.
Харин хэрэглэхдээ бие организмын онцлогтоо тааруулж, тослогийг нь анхаарах нь чухал гэдгийг мэргэжилтнүүд зөвлөж байна. Жишээ нь, зүрхний шигдээс, элэг өөхлөх, судасны хатуурал, өөх, тосны илүүдэлтэй тарган болон таргалах хандлагатай, хөдөлгөөн багатай ажил хийдэг хүмүүс 0,1-1,2 хувийн тослогтой, илчлэг багатай йогуртыг хэрэглэх хэрэгтэй. Харин сульдаатай хүүхдүүдэд кальцийн нэмэгдэлтэй, дисбактериозын эсрэг йогуртыг өгвөл илүү үр дүнтэй байх нь.
