Химийн хорт бодисын аюул нүүрлэсний эхний дохио нь Хонгор

Монголын ногоон намаас УИХ-ын гишүүдэд хандаж анхааруулга гаргажээ. Уг анхааруулгад Гар аргаар алт олборлогчдын тухай хуулийг их хурлаар батлуулахаар нэр бүхий хэсэг гишүүн санаачлаад байгаа талаар сүүлийн үед хэвлэл мэдээллээр нэлээд яригдах боллоо. Ард олны дунд нинжа хэмээн нэрлэгддэг эдгээр хүмүүс сүүлийн үед өдрөөс өдөрт олширч, өвөл зун, өдөр шөнөгүй шороо тоос, ус шаварт хутгалдаад зогсохгүй, мөнгөн ус, цианид зэрэг химийн хорт бодисуудыг ямар ч хяналтгүйгээр эмх замбараагүй хэрэглэн өөрсдийгөө тэр тусмаа бүр насанд хүрээгүй хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг сүйрүүлж, байгаль орчныг хэмжээлшгүй ихээр бохирдуулж сүйтгэж байна. Алтны төлөө улангасалд автсан эдгээр хүмүүс янз бүрийн шалтгаанаар алтан амиа алдан эрэмдэг зэрэмдэг болцгоож, дээр нь архидалт, хүчирхийлэл гээд эрүүл саруул хүн нийгэмд байж болшгүй хэмжээнд гэмт хэргүүд тэнд гаарч байгаатай эвлэрэхийн аргагүй юм.

Хуульд захирагдахгүй болсон ийм үйлдэл нь байгаль орчинд ихээхэн сүйтгэл авчирч буйн бодит жишээ нь саяхны Дархан-Уул аймгийн Хонгор суманд болсон хэрэг явдал. Янз бүрийн аргаар гаднаас оруулж ирсэн химийн хорт бодисын аюул Монгол Улсад бодитойгоор нүүрлэсний эхний дохио л энэ болохоос болохоос үүгээр дуусгавар болохгүй нь ойлгомжтой.

Жишээ нь гэхэд, дөнгөж өчигдөр Улаанбаатар хотод байх нэгэн чингэлэгт 250 кг цианид натри хадгалагдаж байгаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдан олныг цочирдууллаа. Хагас грамм хүрэхгүй цианид натри нь насанд хүрсэн хүнийг хоромхон зуур үхэлд хүргэдэг ба энэ хэмжээний хор нийслэлийн хүн амын хагасаас илүүг устгахад элбэг хүрэлцэнэ гээд бод доо. Одоогоор хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа гар аргаар алт олборлогчдын цианид болоод мөнгөн усны замбараагүй хэрэглээг гаалийнхан, хяналтынхан болоод орон нутгийн эрх баригчдын хүчээр яагаад ч зогсоож чадахгүй байгаа нь олон жишээнээс тодорхой байна. Хэрэв эдний үйл ажиллагааг хуульчилбал ямар байдалд хүрэх нь хэнд ч тодорхой.

Монгол орон бол дэлхийн усны хагалбар газар. Хангай Хэнтий нуруунаас авсан гол горхиуд нь говийн хуурай уур амьсгалыг зөөллөж цөлжилтийг сааруулан тогтоодгоос гадна Хойд мөсөн далай, Номхон далайд цутгадаг. Yүгээрээ монголчууд бид дэлхий нийтийн өмнө маш өндөр хариуцлага хүлээсэн ард түмэн.

Гар аргаар алт угаагчдын үйл ажиллагааг эмх замбараагүй эхлүүлснээс 170 жилийн өмнө Америкийн баруун эргийн байгаль орчин тэр чигээрээ сүйрсний гайг нутгийн оршин суугчид зуу зуун жилээр төлж, нөхөн сэргээлтэд хэдэн тэрбум доллар зарсаар байгаа гашуун туршлагыг бид давтах ёстой юм гэж үү.

Хэрэв өнөөдөр ийм хууль батлагдах юм бол ядуурлаар түрий барин хэдхэн грамм алтны төлөө юугаа ч золиослохоос буцахгүй болж буй хэсэг бүлэг хүний үйл ажиллагаа хуульчлагдаж эх орон, байгаль дэлхий, хүн ардын маань ирээдүйд хэзээ ч арилшгүй хар толбо үлдээнэ гэдгийг Их Хурлын эрхэм гишүүн танд анхааруулж байна гэжээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button