Их, дээд сургуулиудын чансааг зарлаж байх санал гаргав

Өнөөдөр бага боловсролын насны хүүхдийн 90.3, дунд сургуулийн насны хүүхдийн 81.4 хувь нь сургуульд хамрагдаж буй ажээ. Энэ хичээлийн жилээс хэрэгжүүлж эхэлсэн Yдийн цай хөтөлбөрт нэгээс дөрөвдүгээр ангийн 190 мянган хүүхэд хамрагдаж, улсаас 9.7 тэрбум төгрөг төсөвлөн зарцуулж байгаа юм байна. Сүүлийн жилүүдэд төрөөс мэргэжлийн боловсролыг түлхүү хөгжүүлэх бодлого баримталж байгаагаас мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд нэмэгдэж, 27 мянга гаруй залуус тэнд суралцаж байгаа гэсэн тоог Ерөнхий сайд хэлсэн юм. Харин сүүлийн үед муу нэрээс салахаа байсан дээд боловсролын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөх хэмжээнд хүргэхийн тулд дээд боловсролын байгууллагуудад зэрэглэл тогтоох аргыг боловсронгуй болгоно гэж тэрээр хэллээ.

Yүний дараа С.Ламбаа гишүүн сөрөг хүчний байр суурийг илэрхийлэв. Тэрээр, хөдөөгийн сургуулиудын сургалтын орчин муу байгаа тул хөрөнгө оруулалтыг нэмж, сайжруулах хэрэгтэй байна хэмээв. Мөн Yдийн цай хөтөлбөрт бизнес сэтгэлгээгээр хандах явдал байгааг анхааруулж, дээд боловсролын үнэ цэн унаж, дипломын төлөө хошуурах байдал газар авч байгаа тул дээд боловсролын үнийг чөлөөлөх нь зөв гэж хэлсэн. Ингээд гишүүд сонирхсон асуултдаа гүйцэтгэх засаглалынхнаас хариу авч эхлэв. Ц.Баярсайхан гишүүн Сургалтын төрийн сангийн зарцуулалтыг өөрчлөх шаардлага байна. Өмнө нь тус сангийн зээлийг нэг удаа чөлөөлсөн. Цаашид ингэж чөлөөлөөд байх уу хэмээн асуусан. Yүнд Ө.Энхтүвшин сайд, эрэлт хэрэгцээтэй байгаа мэргэжилтэн бэлтгэхэд Төрийн сангийн хөрөнгийг зарцуулах бодлого барьж байгаа гэж хариуллаа.

Таван жилийн дараагаас аав ээж нь төрийн албан хаагч гэж ялгалгүй магадлан итгэмжлэгдсэн дээд сургуульд элссэн хүүхэд бүр Төрийн сангаас зээл авна гээд зарлаж болохгүй юу хэмээн С.Баярцогт гишүүн лавлаж байв. Ө.Энхтүвшин сайд үүнд, багш нарыг нам бус болгох хэрэгтэй. Багш хүн ардын хүүхдийг сургах л үүрэгтэй болохоос нам дагах ёсгүй. Харин нэг хүүхдийг нь үнэгүй сургах тал дээр зохицуулалт хийх хэрэгтэй гэсэн хариу өгсөн. Э.Бат-Yүл гишүүн энэ үеэр нэгэн санал гаргасан нь олон хүнд таалагдсан. Тэр нь жил бүрийн дөрөвдүгээр сард их, дээд сургуулиудын чансааг зарлавал яасан юм бэ гэсэн санал байв. Ингэхгүй бол боловсролын салбар иргэдийг 60 тэрбум төгрөгөөр хохироосон хадгаламж зээлийн хоршоо шиг байдал үүсгэнэ гэж зүйрлэв. Ө.Энхтүвшин сайдын хэлснээр, төгсөгчид нь ажлын байртай болсон зэрэг үзүүлэлтийг нь харж чансааг зарлах ажлыг яам хийж буй гэсэн. Гэхдээ ерөнхий боловсролын дунд сургуулийн төгсөгчид төгсөхдөө зарим сургуульд хяналтын тооноос даван элсэхийг хүсдэг нь нэг талаар чансааг нь үзүүлж буй хэрэг гэж сайд хэлсэн юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button