АН-ын залуучууд Алтангадас-аас МYДН-д шилжлээ
АН-ын залуучуудын чуулганаараа шийдэх ёстой гол асуудлуудын эхэнд холбооныхоо ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийг сонгох багтсан байв. Учир нь тус холбооны ерөнхийлөгчийн албыг олон жил хашсан УИХ-ын гишүүн Г.Батхүүгийн нас нь дүрэмд заасан хязгаараас хэтрээд удсан байсан юм. Өөрөөр хэлбэл, тэрээр залуучуудын байгууллагыг толгойлоход хөгшдөх болсон гэсэн үг. Чуулганы үеэр холбооны ерөнхийлөгчийн албан тушаалд УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, Б.Батбаатар нар өрсөлджээ. Ингээд олонхийн саналаар Л.Гантөмөр гишүүн залуучуудын холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон байна. Л.Гантөмөр гишүүн АН дахь МYДН-ын фракцынх. Нам дотроо нөлөө бүхий уг фракцад С.Ламбаа, Н.Батбаяр, Ц.Баярсайхан, Р.Амаржаргал нарын гишүүд харьяалагддаг билээ.
Харин Б.Батбаатар гишүүн МоАХ-ны, экс ерөнхийлөгч Г.Батхүү Алтангадас бүлэглэлийнх. Тэгэхээр өрсөлдөөн МоАХ, МYДН хоёрын дунд өрнөж, Алтангадас-аас МYДН-д шилжжээ гэж ойлгож болно. Дэд ерөнхийлөгчийн албанд МоАХ, Алтангадас-ын төлөөлөл болгон хоёр хүнийг сонгосон байна.