Хун тайж Харри Афганистанд алба хаана
Их Британийн ерөнхий штабын дарга, генерал Ричард Дэннатт өнгөрсөн лхагва гаригт 22 настай хунтайж Харриг Ирак руу явуулахыг хориглосноо зарласан билээ. Учир нь, тагнуулын газраас авсан мэдээллээр, түүнийг Иракт цэргийн алба хаах сураг сонссон алан хядах бүлэглэлийнхэн хааны удам залгамжлагчийг гартаа оруулж, амийг нь хөнөөхийн төлөө юу ч хийхэд бэлэн байгаа тухай мэдээ авсан аж. Харри Иракт очсоноор зөвхөн өөрийнх нь биш, эргэн тойронд нь буй хүмүүсийн амь насанд аюул заналхийлнэ гэж үзжээ. Тиймээс бусдын адил дэлхийн халуун цэгт цэргийн алба хаана гэж зөрүүдэлж буй Хунтайжийг Афганистан руу явуулахаар шийдсэн байна. Тус сонинд бичсэнээр, Харри зул сарын баяраас өмнө тус улсад очсон байх бөгөөд НАТО-гийн аль нэг хэсэгт алба хаах гэнэ. Тэрээр үүргээ гүйцэтгэхдээ эрсдэлээс хол байх аж. Гэхдээ алба хааж эхэлснээс нь хойш 30 дахь хоногт түүнд анхны шагналыг гардуулах бололтой гэжээ.