УЦС барьж буй хятадууд байгаль эхийг уйлуулж байна

Уг барилгыг барих нь зөв үү, эсвэл болих уу гэдэг дээр багагүй маргасан. Нэгэнт Монгол Улсын Засгийн газар Хятадын хөрөнгө оруулалттай уг барилга байгууламжийн ажлыг эхлүүлье хэмээн шийдвэр гаргасан тул 2004 оны зургадугаар сарын 8-нд барилгын ажил эхэлсэн. Хаврын шувуудтай уралдан Чоно харайхын голын онгон дагшин хавцалд хүчит техник нүргэлж, харь орны барилгачид бужигнадаг болсон нь нутгийнхны нүдэнд дасчээ. Өнөөдрийн байдлаар барилгын ажлын 70 хувийг хийсэн, ирэх арваннэгдүгээр сард анхны цахилгаан эрчим хүч гаргахад бэлэн болно гэж Дөргөний УЦС-ын ашиглалтын өмнөх захиргааны инженер Ц.Жамъянсүрэн ярьсан. Жилийн турш тасралтгүй ажиллах боломжтой, 12 мегаватын хүчин чадалтай УЦС-ыг ашиглалтад оруулбал Увс, Ховд, Баян-Өлгий аймгийнхан цахилгаантай холбоотой бэрхшээлээс үүрд ангижрах магадлалтай.

ОХУ-аас шалтгаалсан эрчим хүчтэй баруун хязгаарынхан бусдын царай харахааргүй цахилгааны эх үүсвэртэй болж байгаа нь сайн хэрэг. Тэгээд ч уг барилга байгууламжийг барих 26.5 сая ам.долларын хөрөнгийг Хятадын тал дааж байгаа. Хятадууд тун удахгүй УЦС-ыг дүнхийтэл барьж өгөөд, Арван жилийн хугацаанд зээлээ төлчихөөрөй, найз нараа гээд гэрийн зүг одох нь тодорхой. Манай дарга нар улаан тууз хайчлах баярт өдрийг хүлээгээд чих тавин суух зуур байгаль орчинд багагүй бэрхшээл учирч болзошгүй нь. УЦС-ын барилга дээр 270 хятад ажилчин өдөр шөнөгүй ажиллаж байна. Тэдэнд барилгын ажлыг хурдхан дуусгах нь чухал болохоос Монгол орны байгальд ямар сөрөг нөлөө үзүүлэх нь падгүй. Аз болоход, Дөргөнд УЦС барих тухай ярьж эхлэх үед байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг хийсэн төдийгүй Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө хэрэгжүүлэхээр боловсруулжээ. Гэвч уг төлөвлөгөөний дагуу барилгын нүсэр ажилтай зэрэгцэн байгаль орчны хамгааллыг хэрэгжүүлэх ёстой атал орхигдож буйд байгаль хамгаалагчдын сэтгэл гонсгор байна.

-Өнгөрсөн хоёрдугаар сард Дэлхийн байгаль хамгаалах сан /WWF/-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Монголын дархалсан газар нутгийн нийгэмлэг хамтран Дөргөний УЦС-ын асуудалтай холбоотой бүх байгууллагын төлөөллийг урьж уулзалт ярилцлага зохион байгуулсан юм. Уулзалтад БОЯ, ТЭХЯ, СЭЗЯ, УМХГ, Алтан-Эко үнэлгээний компани, Ус цаг уурын хүрээлэнгийн усны сектор, Дөргөний УЦС төслийн хэрэгжүүлэгч нэгж зэрэг байгууллагын ажилтан, мэргэжилтнүүд оролцсон. Тэр үед Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө-нд заасан ажлуудын хэрэгжилт хангалтгүй байгаа, уг ажилд шаардлагатай 80 гаруй сая төгрөгийг гаргах санхүүгийн эх үүсвэр одоо болтол тодорхойгүйг онцолж ярилцсан. Уг асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэх арга замыг эрэлхийлэхийг төсөл хэрэгжүүлэгчдэд зөвлөсөн.

Гэвч өнөөдрийн байдлаар Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө-г хэрэгжүүлэхэд шаардагдах мөнгөний асуудал шийдэгдээгүй хэвээр байхад УЦС-ыг барих ажил урагшилсаар байна гэж ДБХС-ийн Монгол дахь хөтөлбөрийн газрын усны асуудал хариуцсан ажилтан Н.Батнасан ярьсан.

Чоно харайхын гол бол Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүс төдийгүй ДБХС-гаас тодорхойлсон зайлшгүй хамгаалах шаардлагатай Алтай-Соёны экобүс нутагт оршдог. Иймээс тус сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрынхан Монгол орны их нууруудын сав газрын Чоно харайхын голыг анхаарлаасаа гаргасангүй. Гадагш урсдаггүй эх оронч голууд Их нууруудын ай сав дахь аль нэгэн нуурт ирж цутгадаг. Ховд аймгийн Дөргөн, Манхан, Чандмань зэрэг сумаар явж байхад зарим гол хөрсөндөө шургаж, зарим нь бүр тасарсан байх нь цөөнгүй. Мэргэжлийн хүмүүсийн үзэж буйгаар, өндөр уулсын мөнх цас, мөсөн гол багасч байгаагаас гадаргын усны нөөц ч шавхагдаж болзошгүй аж. Ийм нөхцөлд заавал усны хүчээр ажилладаг цахилгаан станцыг сонгох хэрэгтэй байв уу. Уг нь Монгол орны баруун хязгаар нар, салхины эрчим хүчний асар их нөөцтэй гэсэн судалгаа бий.

Дөргөний УЦС-ын барилгыг барихын тулд Чоно харайхын голын хавцлыг далан болгон өөрчилжээ. Уул, овоо мэт хурааж нөөцөлсөн элс, цемент, шороо бужигнаж, салхиа дагаад гол руу чиглээд арилах юм. Цемент зуурагч, трактор, машин гээд аль хурдтай, хүчтэй техникээр ажлаа нугалж байгаа хятадууд цэвэр цэмцгэрийн тухай бодох ч завгүй. Ус, хөрс хэр бохирдож байна вэ гэдгийг хянах, шалгах байгууллага Ховдод лав алга. Хэдэн байгаль хамгаалагчаас өөр байгаль эхийн төлөө сэтгэл чилээж, шаардлага тавих хүн тэнд байхгүй. Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөгөөр бол усны харуул аль хэдийнээ ажиллаж байх ёстой. Гэтэл үүнийг барилга барьж байгаа хүмүүсээс хэн нь ч анзаарсангүй. Аль ч УЦС-ын барилга байгууламжид хамгийн гол асуудал бол загас өнгөрүүлэх сувгийн ажил. Гэтэл Дөргөний УЦС-д энэ талаар хийж байгаа ажлын сураг алга. Уг сувгийн байгууламжийн зургаас харахад 700 гаруй метр урт үргэлжлэх сувагт 37 сан байх аж. Яагаад заавал ийм байгууламж хэрэгтэй вэ гэвэл хавар болмогц урсгал сөрж өгсөх загаснууд УЦС-ын хэдэн арван метр өндөр далан дээгүүр үсэрч чадахгүй нь лав. Тэгэхээр тэднийг түрсээ шахах гэж сандарч явахад нь саадгүй хөвөх зам хэрэгтэй. Энэ ажлыг даруй эхлэх хэрэгтэйг байгаль хамгаалагчид Дөргөн УЦС төслийнхнөөс шаардаж байв.

Сурвалжлах хэсгийнхэн Манхан сумын УЦС дээр очсон юм. Дөргөнд барьж буй УЦС-тай харьцуулахад уг станц бага оврынх. 1997 онд ашиглалтад оруулсан 223 сая төгрөгийн өртөгтэй, жилд 150 квт цахилгаан эрчим хүч гаргадаг станц сумынхны хэрэгцээг подхийтэл хангана. Гэхдээ л байгальд багагүй бэрхшээл учруулжээ. Далайн төвшнөөс дээш 4025 м-ийн өндөрт орших Мөнххайрхан болон түүний салбар уулсаас эх авдаг хойд, дунд Цэнхэрийн гол жилээс жилд багасч байгаа аж. Загас өнгөрүүлэх суваг байхгүй. УЦС руу орж буй усан сан үхсэн загасаар дүүрчээ. Сахалт эрээлж, хадран загас олноор голын ёроолын шавар чулууг дэрлэн мөнх нойрссон-ыг хараад хэрэв загасанд зориулсан тусгай зам тавихгүй бол Чоно харайхын голын загас дуусч мэдэх юм гэж бодогдсоныг нуух юун.

Түүнээс гадна байгаль орчинтой холбоотой асуудал сэтгэл сэмрүүлнэ. Энд ус агаар шиг хэрэгтэй хүний нэг бол төслийн биоинженер. Барилгынхан хог хаягдлаар байгаль орчныг бохирдуулж байна уу, хөрс ургамлын нөхөн сэргээлт хийв үү, эсвэл талхлаад орхив уу гээд түүнд хамаагүй асуудал гэж үгүй. Тэр ч байтугай байгальд сөрөг нөлөөтэй гэж үзвэл барилгын ажлыг зогсоох эрх ч түүнд бий. Гэвч тэнд одоо биоинженер ажиллаагүй л байна. УЦС-ын төслийн төсөвт байгаль хамгаалах төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд ямар мөнгө хэрэгтэйг суулгаад өгсөн байтал, яагаад ажил нь эхлээгүйг асуухад, хөрөнгө мөнгөгүйгээс боллоо гэлцэх. Арай ч ийм байж таарахгүй баймаар. Дөргөний УЦС-ыг хятадууд хөрөнгөө гаргаад барьж байгаа нь үнэн. Хөрөнгө оруулалтын зээлийг Монгол Улс төлөх нь гарцаагүй. Тэгэхээр хийх ёстой бүгдийг нэг бүрчлэн гүйцэтгэх, гүйцэтгүүлэхээс өөр ямар ч хувилбар байх ёсгүй.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button