Харьд хямдарсан залуу нас

Солонгосыг зорих мөрөөдөлдөө хөтлөгдөж Төв цэнгэлдэхийн гадна хэдэн өдөр босоогоороо хоносон залуусын амнаас Монголд амьдрал алга гэсэн гуравхан үг унав. Монголын залуус 1990-ээд оноос гадаадын улс орнууд руу олон мянгаараа гарсаар эдүгээ 150 шахам мянгад дөхөж очжээ. Энэ бол манай улсын дундаж газар нутагтай хоёр аймгийн нийт хүн амтай тэнцэх тоо. Дээрээс нь Казахстаныг зорьсон 60 шахам мянган иргэнээ Монголын төр дурсахгүй л байгаа. Хилийн чанадад байгаа монголчуудын 80 шахам хувь нь ид хөдөлмөрийн насны эрчүүд байгааг эдийн засагч Г.Ганбат тооцоолсон байв. Өдрөөс өдөрт эзгүйрч байгаа Монголд хүйсийн тэнцвэртэй байдал алдагдаж, нөхөргүй хүүхнүүд, өрх толгойлсон эмэгтэйчүүд дэндүү олон болжээ. Төрөөс хүн амын талаар баримтлах бодлого үндсэндээ дампуурч, сор болсон залуус Солонгост шал шүүрдэж, аяга таваг угааж сууна.

ЭРЭМБЭ НЬ АЛДАГДСАН БYРТГЭЛ БУЮУ СОЛОНГОСУУДЫН ДААЖИГНАЛ

Солонгост хөдөлмөр эрхлэх хүсэлтэй хүмүүсээс солонгос хэлний төвшин тогтоох шалгалтыг 2005 оны сүүлчээр авч эхэлжээ. Өнгөрсөн долоо хоногт Төв цэнгэлдэх хүрээлэнд болсон бүртгэл нь төвшин тогтоох гурав дахь шалгалтын бэлтгэл ажил байв. Бүртгэлийг Солонгосын KLPT байгууллага Монголын Гадаадад ажиллах хүч илгээх төвтэй хамтран зохион байгуулах ёстой байсан боловч үйл явдал буруугаар эргэх нь тэр. Өөрсдийн буруутай үйл ажиллагаанаас болж гадаадад ажиллах хүч илгээх эрх мэдлээ алдсан Зуучлагч товчоо-ныхон ТӨХ-ноос шинээр байгуулсан Гадаадад ажиллах хүч илгээх төвийн үйл ажиллагааг нийслэлийн Захиргааны хэргийн шүүхээр түдгэлзүүлж дөнгөсөн юм. Эрх мэдлийн төлөөх хоёр байгууллагын ил, далд толхилцооны сүүдэр Солонгост хөдөлмөр эрхлэх хүсэлтэй 15000 хүн дээр тусч, шалгалтын бүртгэлийг ямаан омогтой хэдэн солонгос өөрсдийн дураар хийв. Бүртгүүлсэн хүн бүрээс хураасан 30 ам.доллар буюу хагас тэрбум гаруй төгрөгийг KLPT байгууллагынхан хөнгөхөн халааслах нь тэр. Монголын талаас ямар ч хараа хяналтгүй энэхүү бүртгэлийн албан ёсны хураамж 30 доллар байсан хэдий ч солонгосууд зарим хүнээс 500 ам. доллар авч дараалалгүй бүртгэсэн тухай хүмүүс гомдоллож байна. Угаасаа төвшин тогтоох шалгалтын эрэмбэ нь буруу байгаа юм. Нэгдүгээрт, шалгалтад орсон хүн болгон тэнцэнэ гэсэн баталгаа байхгүй. Тэнцээгүй тохиолдолд мөнгийг буцаан олгохгүй. Хоёрдугаарт, шалгалтад тэнцлээ гэхэд ард нь эрүүл мэндийн үздэг гэж том даваа бий. Элэгний B, C вирустай хүнийг солонгосууд ажилд авах нь бүү хэл хилээр ч нэвтрүүлэх дургүй. Зүй нь эхлээд эрүүл мэндийн үзлэгт орж элэгний вирустэй эсэхээ мэдсэний дараа шалгалтад бүртгүүлэх учиртай баймаар. KLPT байгууллагынхан энэ бүхнийг мэдсээр байж эхлээд шалгалтдаа бүртгэж, дараа нь эрүүл мэндийн үзлэгт хамруулж байгаа нь мөнгө хүүлэх гэсэн цэвэр бизнесийн сонирхолтой нь холбоотой болох нь тодорхой байна. Нэг үгээр хэлбэл KLPT байгууллагынхан ч, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам ч иргэдийг мэдээллийн хомсдолд оруулж төөрөгдүүлсэнд олон хүн гомдолтой байгаа юм. Энэ бол гадаадад гарч өндөр цалинтай ажил хийх гэсэн монголчуудын мөрөөдлөөр бизнес хийж, бүр даажигнаж байгаагийн нэг илрэл. Хамгийн харамсалтай нь Монголын төр энэ бүхнийг зүгээр хараад сууж байгаа нь уучилшгүй алдаа.

10 МЯНГАН МОНГОЛ ЯВЖ, 13 МЯНГАН ХЯТАД ИРДЭГ

Гадаадын иргэн харъяатын асуудал эрхлэх албаны дарга Н.Дүүрэнжаргал, монголчууд олноор гадагшаа гарч байгаа нь ажиллах хүчний хомсдол үүсгэж байгааг өгүүлээд, тэрхүү сул орон зайд гадаадаас ажиллах хүч авах шаардлагатай байгаа талаар саяхан ярилцлага өгчээ. Түүний хэлснээр Монгол Улсад энэ оны тавдугаар сарын байдлаар гадаадын 23.5 мянган иргэн оршин сууж байгаагаас хамгийн олон нь буюу 11300 нь хятадууд гэжээ. Энэ статистикаас харахад Монгол Улс гадаадад ажиллах хүч илгээдэг биш хэдэн мянгаар нь авч ажиллуулдаг баян орон мэт сэтгэгдэл төрөхөөр. 10 мянган иргэнээ ад үзэх нь холгүй харийн нутаг руу илгээчихээд оронд нь мөн тооны хятад ажилчдыг хөл алдан угтдаг Монголын төр ингэхэд хэнд үйлчлээд байна вэ. Мэргэжил боловсрол битгий хэл бичиг үсэг ч сайн тайлагдаагүй хятад ажилчид Монголд ирээд 300-500 мянган төгрөгийн цалин авдаг гэнэ лээ. Ингэж оодорсон хятадууд 30-40-үүлээ нийлж монголчуудыг балбах нь арга ч үгүй биз. Дээрээс нь 2000 шахам солонгос иргэн Монголд амьдарч байгаа. Замын-Yүд-Улаанбаатарын чиглэлийн суудлын галт тэргээр өдөр болгон олон зуун хятад ажилчин ирж байгаа, тасалбар олдохоо байсан гэдэг мэдээлэл ч манай сонинд ирсээр байна.

ДОРОЙ ТӨРИЙН БАЛГИЙГ ЗАЛУУС YYРСЭЭР БАЙХ УУ

Өөрийн эх оронд нохой шиг явснаас хүний нутагт боол шиг амьдаръя гэж хатуу шийдсэн олон мянган залуусыг яах вэ, эрхэм гишүүд ээ. Иргэдээ сайхан амьдруулах нь төрийн үндсэн үүрэг. Улс төрийн намууд ч, улстөрчид ч сонгууль бүрээр уран жиргэж, гоё амлалт өгдөг ч ажил хэрэг болсон нь үгүй. Сарын цалингийн хэмжээг дор хаяж 300 мянгад хүргэхгүй бол гадаад шилжих хөдөлгөөн улам газар авч, нэг л өдөр Монгол орон эзгүйрч мэдэхээр байгааг өнгөрсөн долоо хоногийн үйл явдал харууллаа. Хүүхдийн мөнгө, залуу гэр бүлд өгч байгаа гал унтраах төдий амиа аргацаасан, улс төрийн утга агуулгатай нийгмийн халамжийн үр дүн муутай бодлогоосоо татгалзах цаг болсныг ар араасаа өрнөж буй үйл явдлууд гэрчилж байна. УИХ-ын гишүүд тойрогтоо 250 сая төгрөг хуваарилан авилгыг цэцэглүүлж суухаар цалингийн доод хэмжээг 300 долларт хүргээсэй. Хямд үнэтэй, урт хугацааны зээлийн орон сууцыг олноор босгоё. Моргейжийн тогтолцоог нэвтрүүлэх замаар монгол залуусаа эх оронд нь чөдөр-лөөд авъя л даа. Иргэдээ хайрладаггүй дорой төрийн балгийг залуус хэдий болтол нуруун дээрээ үүрэх юм бэ. Тэдний залуу нас харийн оронд яагаад хямдхан үнэлэгдэх ёстой гэж. Мөрөөдөхөд мөнгө төлдөггүй гэдэг үг он цагийн уртад элэгдэж хуучирсан бололтой. Одоо цагт сайхан амьдралыг мөрөөдөхөд мөнгөөр тогтохгүй залуу насаараа төлбөр төлдөг болж. Сор болсон залуусаа гадагш илгээсээр байтал Монгол Улсын сүр хүч улам доройтож, хоосон эх орончид, явуулын цагаачдаар дүүрэх нь байна шүү.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button