Оросууд уурлаж, монголчууд сандраад байх шаардлагагүй
Та Ашигт малтмалын тухай хуулийн төслийг боловсруулан батлуулах ажлын хэсгийг ахалж байсан. Одоо энэ хууль хүчин төгөлдөр хэвээрээ юү?
-Цэц дүгнэлт гаргахдаа Ц.Нямдорж гэдэг хүн олонхиороо баталсан хуулийг ганцаараа зассан нь Yндсэн хууль зөрчсөн гэж үзсэн. Түүнээс биш Ашигт малтмалын тухай хууль Yндсэн хуультай харшилж байна гээгүй. УИХ-аас баталсан Ашигт малтмалын тухай хууль хэвийн мөрдөгдөж байгаа. Өөрөөр хэлбэл, үйлдэл нь буруу байснаас биш хуульд асуудал байгаагүй. Тэгээд ч УИХ-ын дарга Ц.Нямдорж хуульд засвар хийхдээ айхавтар зарчмын өөрчлөлт оруулж, өмнөхөөс нь огт өөр болгочихсон гэж боддоггүй.
-Уул уурхайн салбарыг шинээр харах гэж оролдсон Ашигт малтмалын тухай хуулийг орон даяар мөрдөж эхлээд хагас жил болжээ. Оносон, алдсан, бас дутуу харсан зүйл байна уу?
-Мэдээж юм бүхэн хоёр талтай болохоор алдаа оноо байлгүй яахав. Ашигт малтмалын хуулийг хэрэгжүүлэх явц хангалтгүй байна. Засгийн газар, салбарын яам, агентлагууд санаанд хүртэл ажиллахгүй байна гэж боддог. Хууль үг, үсэггүй хэрэгжээд эхэлсний дараа алдаа, оноогоо дүгнэх боломж гарна. Би нэг зүйлийг бардам хэлж чадна. Ашигт малтмалын шинэчилсэн хууль бол олон цогц асуудлыг боломжийн төвшинд гаргаж тавьсан гэдэгт эргэлзэх явдалгүй. Хамгийн энгийн жишээ гэхэд, тухайн шатны Засаг дарга ИТХ-тайгаа зөвшилцсөний дагуу байгаль орчны нөхөн сэргээлт хийгээгүй компанийн үйл ажиллагааг зогсоох эрхтэй болсон. Өмнө нь аль ч хуульд ийм зоригтой зохицуулалт байгаагүй. Байгаль орчны аюулгүй байдлыг хангахад илүү анхаарсан зүйл, заалтууд оновчтой болсон. Хяналтын тогтолцоог нарийвчлан хуульчилсан нь компаниудыг хариуцлагатай ханддаг болгох хөшүүрэг байлаа. Байгаль орчинд хор хөнөөл учруулбал, хортой бодис ашиглавал Эрүүгийн хуулиар шийтгэдэг байхаар хуульчилсан.
-Хэтэрхий хавтгайруулан олгосон лицензийн тоо цөөрсөн үү?
-Хуулийн төслийг хэлэлцэхийн өмнө ашигт малтмалын 7000 гаруй лиценз байсан. Өнөөдөр энэ тоо 4000 болж буурсан мэдээ байна. Тусгай зөвшөөрлийг хувь хүний нэр дээр олгохыг хориглож өгснөөр лицензийн наймаа, элдэв хууль бус үйлдэл харьцангуй хумигдсан. Ашигт малтмалын хуулийн нэг заалтын үр дүн хараахан гараагүй байна. Хуульд геологи хайгуулын ажилд зарцуулах хөрөнгийн доод хэмжээг зааж өгсөн байгаа. Хэрэв аж ахуйн нэгжүүд геологи хайгуулын ажилд хуульд зааснаас бага хөрөнгө зарцуулбал тусгай зөвшөөрлөө хураалгана.
-Ашигт малтмалын нөөц ашигласны, лицензийн төлбөрөөс тодорхой хувийг аймаг, сумын төсөвт оруулахаар хуульд заасан. Гэтэл томоохон орд бүхий нутгийнхан хуулиар олгосон эрхээ эдэлж чадахгүй байгааг Та сонссон уу?
-Сонссон. Амьдрал дээр үнэхээр тийм байгаа. Хуулийн заалтыг Сангийн яамныхан буруу тайлбарлаад байх шиг санагдсан. УИХ-ын гишүүд ч энэ тал дээр жаахан дутуу орхисон зүйл бий. Нөөц ашигласны болон лицензийн төлбөрийн тодорхой хувийг Орон нутгийн хөгжлийн сан нэрээр аймаг, сумын төсвийн зарлагаас тусад нь оруулна гэдгийг нарийвчлан зааж өгөөгүй учраас будлиулаад байх шиг. Нөгөө талаас Өмнөговийн Ханбогд мэтийн томооохон орд бүхий сум 4-5 аймгийн төсөвтэй тэнцэх хэмжээний мөнгө авах болчихоод байсан юм. Тийм болохоор лицензийн төлбөр болон нөөц ашигласны төлбөрөөс сум, аймагт өгөх мөнгөний хэмжээг жилийнх нь төсвөөс хэтрэхгүй байна гэж хуульд оруулж өгсөн. Гэтэл хуулийн энэ заалтыг буруу ойлгож, хэрэглэхдээ жилийн төсвөөс илүү мөнгө өгөхгүй гээд явчихсан. Хууль тогтоогчид бодохдоо, 200 сая төгрөгийн төсөвтэй сум байлаа гэхэд дахиад 200 саяыг нэмж өгч болно гэдэг утгаар хуульчилсан юм. Хуулийн энэ заалтын талаар Дээд шүүхээс тайлбар гаргуулна. Эсвэл хуулийн төсөл санаачлах замаар энэ заалтыг илүү тодорхой болгох боломж бий. Төсвөөс гадна Орон нутгийг хөгжүүлэх сан гэдгийг бий болгоод лицензийн болон нөөц ашигласны төлбөрөөс орж ирэх мөнгийг төвлөрүүлэх нь оновчтой. Энэ мөнгийг зөвхөн орон нутгийн хөгжилд зарцуулдаг байх юм.
-Ашигт малтмалын тухай хуулийг дагаж гарсан Засгийн газрын журам буруу байна гэж ойлгож болох уу?
-Хуулийг буруу ойлгож, буруу тайлбарласан гэж хэлж болно. УИХ хууль тогтоохоос гадна баталсан хуулийнхаа хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй. Энэ эрхийнхээ хүрээнд Ашигт малтмалын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсгийг А.Мурат гишүүнээр ахлуулан байгуулсан. Засгийн газар, Сангийн сайдтай ойлголцвол заавал хуульд нэмэлт оруулах шаардлага байхгүй. Засгийн газрын журмыг өөрчлөөд лицензийн болон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг аймаг, суманд хуулийн дагуу өгөөд явах боломжтой. Гэхдээ нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Оюутолгой, Тавантолгой мэтийн стратегийн ач холбогдол бүхий том ордууд хэдийгээр тухайн аймаг, сумын нутаг дэвсгэр дээр байгаа боловч Монгол Улсын орд. Тийм болохоор үр шимийг нь Монгол Улсын бүх хүн тэгш хүртэх ёстой.
-Стратегийн ач холбогдол бүхий ордод төрийн оролцоо 50 хүртэл хувь байж болохоор хуульчилсан. Төрийн оролцоог 50-иас дээш хувь болгоё гэсэн санаачилга цөөнгүй байгаа. Ийм боломж бий юү?
-Төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордыг ашиглахдаа хувийн компаниудтай хамтарвал төрийн оролцоо 50 хүртэл хувь байж болохоор заасан. Хэрэв хувийн хэвшлийнхэнтэй хамтрахгүй гэвэл төрийн оролцоо 100 хувь байх нь нээлттэй. Монголын төр өөрөө мөнгө гаргаад томоохон ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах чадал хомс байгаа. Тийм болохоор гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор ийм хувь хэмжээ тогтоосон юм. Төр хамгийн муу менежер гэдэг шүү дээ. Төр өөрийн мэдэлдээ 51, эсвэл 70 хувийг нь авна гэвэл хэн ч хөрөнгөө оруулахгүй. Ер нь 100 хувь төрөөс санхүүжиж үүсгэдэг уул уурхайн үйлдвэртэй орон бараг байдаггүй. Монгол Улс 1990-ээд онд хүчирхэг хувийн секторт тулгуурласан ардчилсан орон болох зорилт дэвшүүлсэн биз дээ. Уул уурхайн салбарыг хувийн хэвшлийнхний дэмжлэгтэйгээр л хөл дээр нь босгоно. Төр стратегийн ордуудыг нийгэмчлэх гэж муйхарлахын оронд татварын оновчтой бодлого хэрэгжүүлэх нь ухаалаг алхам болно. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг Монголын төр эзэмшдэг. 1991 оноос хойш хувьцааны ногдол ашгаас 100 гаруй тэрбум төгрөг авсан байдаг. Гэтэл 68 хувийн гэнэтийн ашгийн татвараас зөвхөн өнгөрсөн жил 170 гаруй тэрбум төгрөг авч чадсан байх жишээтэй. Yүнээс харахад төр хувь хэмжээний хойноос хөөцөлдөх биш татварын ухаалаг бодлого баримтлах нь зөв байгаа юм.
-Уул уурхайн салбарт 68 хувийн гэнэтийн ашгийн татвар ногдуулснаас болж манай улсын рейтинг унасан байсан. Төрийн оролцооноос гадна хэт өндөр татвар хөрөнгө оруулагчдыг үргээгээд байгаа юм биш үү?
-Уул уурхайн салбарын рейтинг 30-аад байр ухарсныг сонссон. Миний ярьсныг л баталж байгаа хэрэг. Хувийнхаа хөрөнгөөр хийсэн ажлын 34 хувийг Монголын төр булааж авахад хэн дуртай байхав. Төр нь менежер хийх гээд давхиж явахад хэн сайн хандах вэ. Монгол Улс одоо байгаа цөөн тооны том орддоо ухаалаг бодлого явуулж, хувийн хэвшлийнхэнтэй хамтраад босгож чадах юм бол бусад жижиг ордоо бүгдийг нь хаах хэрэгтэй. Ийм хуулийн төсөл санаачлахаар ярьж байгаа.
-Баялгаа хойч үедээ үлдээе гэж үү?
-Яг тийм. Хойч үедээ юм үлдээе, хэдэн том ордоо ухаалаг ашиглая. Монгол Улсын 2.5 сая хүнийг эрүүл, боловсролтой, чинээлэг амьдруулж чадвал ирээдүйд санаа зовох зүйлгүй. Оюутолгой, Тавантолгой гэх мэт том орд сайхан амьдралд хангалттай хүрэлцэх баялаг. Юуг нэгдүгээрт тавих вэ гэдгээ ч эргэж харах цаг болсон. Уул уурхайн салбарыг хөгжүүлье гэдэг бодлого нэгдүгээрт, байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээлтийг хоёрдугаарт ярьдаг. Yүнийг өөрчилж, байрыг нь солих ёстой. Монгол Улс эхлээд ямар газарт хайгуул, ашиглалт хийж болохгүй вэ гэдгээ тогтох хэрэгтэй. Ойн сан, усны хагалбарууд, байгалийн болон түүх соёлын дурсгалт газруудад ойрын 10-15 жил хайгуул хийх, ашиглалт явуулахыг хуулиар хориглож, дархлаад авбал хэрэгтэйсэн. Хулгана зурам шиг дуртай газраа сэндийчээд байдаг зэрлэг уул уурхай байж таарахгүй.
-Асгатын мөнгөний ордыг тойрсон дуулиан эрчээ авч байна. Оросууд хүчтэй лобби хийж эхэллээ. Энэ ордыг ашиглах оновчтой гарц юу байж болох вэ?
-Аливаа үйлдлийг хуулийн хүрээнд хийж сурах хэрэгтэй. Тодорхой нэг л зүйл байгаа. Ашигт малтмалын тухай хуулиар стратегийн ач холбогдол бүхий ордуудыг тодорхойлсон. УИХ-аас баталсан стратегийн ач холбогдол бүхий ордуудын жагсаалтад Асгатын мөнгөний орд байгаа. Хуулиар бол стратегийн ач холбогдол бүхий ордуудын асуудлыг УИХ эцэслэн шийдвэрлэх учиртай. Өөрөөр хэлбэл, ямар хөрөнгө оруулагчтай яаж хамтарч ажиллахыг шийдэх эрх зөвхөн УИХ-д бий. УИХ энэ ордын ашиглалтын талаар хэлэлцэж эхлээгүй байгаа болохоор асуудал нээлттэй. Оросууд уурлаад, монголчууд сандраад байх шаардлагагүй. Асгатыг ашиглах талаар Засгийн газраас санал өргөн барьснаар УИХ эцсийн шийдвэр гаргана гэдгийг дахин хэлье.