Д.ДЭМБЭРЭЛ Уг нь хэлний шалгалт авах хэрэггүй юм

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо баасан гаригт хуралдаж дээрх асуудлын талаархи Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд болон Гадаадад ажиллах хүч гаргах төвийнхний мэдээллийг сонслоо. Эхлээд Д.Дэмбэрэл сайд БНСУ-д ажиллах хүч гаргах асуудлаар дэлгэрэнгүй мэдээллээ өгөв. Түүний хэлснээр 2002 оны арванхоёрдугаар сард Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны Хөдөлмөр эрхлэлтийн газрын харьяанд төрийн өмчит Зуучлагч товчоо ХХК-ийг байгуулж байжээ. Yүний дараа 2004 оны дөрөвдүгээр сард сайдын тушаалаар Зуучлагч товчоо-г 25 хувийн төрийн оролцоотой ХХК болгон өөрчилсөн байна. Харин БНСУ-ын талаас 2006 оны долдугаар сард Зуучлагч товчоо нь ашгийн төлөө, хувийн компани гэдэг нь тодорхой болж байгаа тул тус компанийг төрийн өмч давамгайлсан болж өөрчлөх, ингэх боломжгүй бол шинэ байгууллага байгуулах тухай шаардлага тавих болжээ. Ингээд яам Зуучлагч товчоо-той хэлэлцэн уг компанийн 51 хувийг төр эзэмших тохиролцоо байгуулсан ч нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхэд тохиролцоог хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг товчооныхон гаргасан аж. Ингээд шүүхээс Зуучлагч товчоо-ны нэхэмжлэлийг шийдвэрлэж дуустал НХХЯ тус компанийн хувьцаа болон ажилд нь оролцохыг хориглосон тул арга мухардсан бид шинэ байгууллага байгуулсан гэж Д.Дэмбэрэл сайд хэлсэн. Мөн тэрээр Зуучлагч товчоо-ны өмнөөс яам хоёр ч удаа Солонгосын талаас уучлал гуйж, аргадаж байж ирэх сарын 3-нд хэлний шалгалт авахуулахаар болсон гэв. Yүний дараа гишүүд сонирхсон асуултдаа хариу авлаа.

Р.ГОНЧИГДОРЖ

-Гадаадынхан Монголын иргэдийг доромжилж байгаа нь сэтгэл зовоож байна. Хэлний шалгалтын бүртгэлийг арай өөрөөр зохион байгуулж болоогүй юу. Солонгосын Элчин сайдын яам яагаад ийм байдлаар зохион байгуулж байгаа юм бэ. Монгол төрийн бахархал уланд гишгэгдлээ. Ерөнхийлөгч удахгүй БНСУ-д айлчлал хийнэ. Yүний өмнө манай иргэд Солонгосын албан тушаалтнуудын өмнө ийм байдалд орсныг юу гэж ойлгох вэ?

-Д.ДЭМБЭРЭЛ

-Манай яам жил гаруй хугацаанд Солонгосын тал юу гэнэ вэ түүнийг нь дагаж байж сая хэлний шалгалт авахаар болж байна. Ер нь манай иргэд тэнд ажиллаад эрүүл мэндээрээ их хохирдог. Цаашид төрийн албан хаагчдын цалинг нэмэхэд анхаарах хэрэгтэй байна. Ажиллах чадвартай залуу хүчнээ гадаадад илгээдэгээ зогсоох арга хэмжээ авахгүй бол иргэд эрүүл мэндээ, нэр нүүрээ барж дууслаа. Бид бүртгэлийг нэг дор биш дүүргүүд дээр хувааж авъя гэсэн санал тавьсан боловч тэд өнгөрсөн жил газар, газар хувааж байрлуулаад 4000 хүнийг хуурамчаар бүртгэсэн гээд зөвшөөрөөгүй. Тэд өөрсдөө ирж газраа үзээд Төв цэнгэлдэх хүрээлэнг сонгосон юм. Бид хэв журмыг сахиулах тал дээр л анхаарсан.

Я.САНЖМЯТАВ

-Энэ ажил анхнаасаа мордохын хазгай болж. Талийгаач Ц.Сүхбаатарын хийж болоод байсан ажлыг авах гэж монголчууд солонгосуудтай нийлж хийсэн ажил. Эзэн нь бурхан болсон байхад жудаг гаргаад 49 хувийг нь өгчих ёстой байсан юм. Өмнө нь арван мянган хүний зургаан мянгыг нь Монголын тал бүртгэж байсан. Бүртгэлийг солонгосууд хариуцахаар эрх шилжүүлсэн санамж бичигт хэн гарын үсэг зурсан юм бэ. Yүнд хэн хариуцлага хүлээх ёстой вэ?

Д.ДЭМБЭРЭЛ

-Санамж бичигт Л.Одончимэд сайд байхдаа гарын үсэг зурсан.

Р.ЭРДЭНЭБYРЭН

-Хэлний шалгалт авдаг байдлыг зогсоох цаг болсон. Ерөнхийлөгч удахгүй айлчлахдаа энэ асуудлыг ярих хэрэгтэй.Тэгэхгүй бол ядуучуудаа улам л өрөнд оруулаад байна.

Д.ДЭМБЭРЭЛ

-Солонгос хэлний шалгалт авдаг нь бараг л хэрэггүй байгаа юм. Анх Солонгосын тал танай хүмүүстэй харилцахад хүндрэлтэй юм. Анхан наштны хэлний мэдлэгтэй болгож хүмүүсээ бэлд гэсэн. Солонгос явах гэсэн хүн дэндүү олон болохоор үнэн хэрэгтээ хэлний шалгалтаар хүмүүсээ цөөрүүлээд байгаа юм билээ.

Ц.СYХБААТАР

-Бүртгэлийг Солонгосын тал хариуцдаг юм уу. Төчнөөн хүн бүртгэнэ гэсэн хязгаарыг нь аваад л монголчууд өөрсдөө бүртгэмээр юм. Бухимдалтай байдлыг солонгосууд бий болгосон хэрэг үү. Гурван өдөрт 15 мянган хүнийг бүртгэнэ гэсэн тооцоог хэн гаргасан юм бэ. Шалгалтын хураамж 30 ам долларыг ямар үндэслэлээр тогтоосон бэ?

Д.ДЭМБЭРЭЛ

-Шалгалтад тэнцсэн иргэдийг явуулах ажлыг Монголын тал хариуцна. Бүртгэх, шалгалт авахад та нар оролцоод хэрэггүй гэж Солонгосын тал хэлсэн. Тэд манай улсын гадаад орнуудтай хийсэн гэрээ цөм ийм. Танайд зориулж тусдаа гэрээ хийх боломжгүй гэсэн.

Yүний дараа яамныхан Ц.Сүхбаатар гишүүний асуултын хариуг үргэлжлүүлж хураамж мөнгөний талаар тайлбар өгч эхэлсэн. Энэ үед Я.Санжмятав гишүүн, одоо мөнгө ярих цаг биш. Нулимс урсч байсан бол одоо цус урсч байна шүү гэв. Мөн Ц.Баярсайхан гишүүн, Солонгосын Элчин сайдын яамны дураар авирлаж байгааг зогсоовол яасан юм бэ. Одоо Байнгын хорооноос тогтоол гаргаж, иргэдийг унаагаар дүүргүүд дээр аваачин бүртгэе гэсэн горимын санал гаргасан. Мөн С.Ламбаа гишүүн, монголчууд энэ асуудалд оролцоогүй юм бол энд юу яриад суугаа юм. Тэр солонгосуудыг энд суулгах хэрэгтэй юм байна гэж хэлээд Т.Ганди даргаас тэнэг юм ярилаа гэсэн шүүмжлэл сонсоно билээ.

Ингээд гишүүд саналаа хэлэв.

Л.ГYНДАЛАЙ

-Солонгосын талтай хариуцлага тооцно, Элчин сайдын яамныхныг авчирна гэж байхгүй. Тэгвэл тэд хамаг юмаа хаана шүү дээ. Манай иргэд Монголд нохой шиг амьдрахаар гадаадад боол шиг амьдаръя гэж хүссэн нь энэ. Харин ч бид манай иргэдээс авах 30 ам. доллараа хөнгөлөөч, илүү олон хүн явуулж өгөөч гэж хүсэх, гуйх ёстой.

Р.БАДАМДАМДИН

-Манайхан эхнээсээ ажиллах хүчний талаар бодлоготой явж чадаагүй. Солонгосууд дундаас нь мөнгө олох гээд байх шиг байна. Гэхдээ энэ нь Солонгосын Засгийн газрын бодлого яав ч биш. Манайхантай ажиллаад сурсан, Засгийн газартаа лоббитой хүмүүсийн л хийж байгаа ажил. Бид заавал хоёр талаас хяналт тавина гэсэн шаардлагыг тавих хэрэгтэй байна гэлээ.

Сүртэйхэн эхэлсэн байнгын хорооны хурал энэ хүрээд төгссөн. Чуулганы нэгдсэн хуралдаан давхацсан тул гишүүдийн олонхи нь чуулган руу явж одов. Байнгын хорооноос тоймтой шийдвэр гаргаагүй бөгөөд ажиллах хүч гаргах асуудалд анхаарч, Солонгосын талтай ярилцахыг холбогдох хүмүүст даалгасан юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button