Хүн худалдаалах гэмт хэргийн эсрэг аян эхэллээ

Ийм төрлийн гэмт хэргийн талаар үнэн бодитой мэдээллийг хүмүүст хүргэх болон урьдчилан сэргийлэх зорилго бүхий уг аяныг ирэх даваа гаригт Төрийн ордонд зохион байгуулахаар болжээ. Эл гэмт хэргийн хохирогчид нь охид, эмэгтэйчүүд голцуу байдаг байна. Тэд Өндөр цалинтай ажил хийлгэнэ, Сургалтын тэтгэлэгт хамруулна гэх мэтийн зарын дагуу хандсанаас болж ийнхүү хохироход хүрдэг байна. Ялангуяа зуны улирал болж байгаа өнөө үед оюутан, залуус өндөр цалинтай ажил хийж ахиу мөнгө халааслах гэсэн сонирхолтой байдаг нь нууц биш. Энэ явдал хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болох эрсдэлд хүргэдэг тул дээрх аяныг есөн дүүргийн 20 сургууль дээр нэгэн зэрэг эхлүүлэхээр болжээ. Залуус маань мэдээлэлгүйн улмаас хүн худалдах гэмт хэрэгт өртөх нь элбэг байна гэж Монголын оюутны холбооны дэд ерөнхийлөгч Х.Батсайхан ярьсан. Тиим учраас хотын захад байрлах гэр хорооллуудаар явж, хүн худалдах гэмт хэргийн талаар мэдээлэл хийж, хэлэлцүүлэг явуулах юм байна.

(Ардын эрх 100/632)

с.цолмон

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button