Цөсний чулуу эмэгтэйчүүдэд элбэг тохиолддог

Хоолны хүчиллэг чанарыг саармагжуулж, нарийн гэдэс болон нойр булчирхайн ферментүүдийг идэвхжүүлнэ. Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхжүүлэх чухал үүрэгтэй. Цөсний хамт бие махбодиос хүнд металлын давсууд, хортой нэгдэл, эм, бусад бодис биеээс ялгарна. Цөсний хамт цуснаас холестерин, бэлгийн бамбай, бөөрний дайвар булчирхайн дааврын бүтээгдэхүүн гардаг. Эдгээр нь бие махбодийн амьдралын эрүүл, хэвийн үйл ажиллагаанд цөс ямар ач холбогдолтойг харуулж байгаа юм. Эрүүл хүний цөс хоол боловсруулах бусад эрхтэний ажиллагаатай нягт уялдаатай байдаг.

Хавирга руу хатгаж өвддөг

Манайхны дунд зүрх, бөөр, элэг цөсний өвчин элбэг тохиолддог. Цөс өвдөх олон шалтгаан байдаг. Цөс өвдөх үед голдуу баруун талын

хавирганы хэсэгт болон эсвэл аюулхай руу өвддөг. Ингэхдээ дангаараа юмуу нэг зэрэг өвдөх тохиолдол бий. Эхлээд баруун далан дор буюу нуруу, өвчүүний цаад талд өвдснөө баруун талын хавирган доогуур төвлөрч өвддөг. Түүнчлэн хүйсний орчим буюу хэвлийн доод хэсэгээр өвдвөл бүдүүн гэдэсний үрэвсэл хамт байгааг илтгэнэ. Хэрэв өвдөлт зүүн талын хавирганы дор буюу бүсэлж байрлавал нойр булчирхайн үрэвсэл хавсарсныг тус тус гэрчилнэ.

Бие сулрах байдал ажиглагддаг

Цөс өвдөхдөө ихэд шаналгаа зовиуртай байдаг. Өвдөх үед цочмог нургих, дунших, базлах, хатгах, чинэрэх зэргээр олон янзаар өвдөж болно. Цөсний архаг үрэвсэлтэй бол голчлон битүү дуншиж өвддөг. Харин цөсний чулуутай бол гэнэт хатгаж, цөсний гэр сунасан бол цоргиж, тэлж хааяа хорсож өвддөг. Улмаар өвдөлтийг дагалдан халуурах, бөөлжих, шарлах, суулгах, ухаан балартах, гар хөл бадайрах, бие сулрах, хөлрөх шинж тэмдэг ажиглагддаг.

Элэг гэмтсэнээс цөс өвдөх нь бий

Цөсөнд холестерины өтгөрөл ихсэх нь чулуу үүсэх нөхцөл нь болдог. Түүнчлэн цөсний өвчин нь элэгний гэмтлээс шалтгаалах талтай. Зарим тохиолдолд цөс үрэвсэлтэй болсны улмаас элэг гэмтэх тохиолдол ч олон гардаг. Цөсний замын үйл гаждалын үүслийн хамгийн олон шалтгааны нэг нь төв мэдрэлийн тогтолцооны үйл хямрал. Тархины гадарга дахь мэдрэлийн үйл ажиллагааны хүч, гүйдлийн алдагдал нь түүний вегетатив дээд төвийг зохицуулах нөлөөг болон цөс ялгаруулах тогтолцооны хөдөлгөөнийг сулруулахад хүргэдэг. Цөсний замын үйл гаждалын дийлэнх нь янз бүрийн нян буюу вирусын халдвар, хордлого, ходоод гэдэсний замын үрэвслийн суурин дээр үүссэн хэвлийн хөндийн зангилгааны үрэвсэл зэргээс шалтгаалдаг.

Эмчлэхийнтулд хамгийн түрүүнд мэдрэлийн хямралыг арилгана

Цөсний өвчнийг эмчлэхийн тулд хамгийн түрүүнд мэдрэлийн хямралыг арилгах юм. Иймээс ажил хөдөлмөрийн ая тухтай байдлыг хангах, маргаан будлиангүй байх, витаминлаг чанартай хүнсийг хэрэглэх нь ач холбогдолтой. Мөн нойрыг хэвийн болгох нь зайлшгүй хэрэгтэй. Цөс ялгаруулах тогтолцооны хямралаас урьдчилан сэргийлэх нь цөсний гаралтыг буй болгон, цөс ялгарах механизмын тохиролтыг зохицуулахад оршино. Мэдрэлийн хямралыг эрт эмчлэх түүнчлэн цэвэр агаарт явах, биеийн тамираар хичээллэх, зөв хооллох зэрэг нь цөс ялгарах арга хэмжээг сайжруулах нөхцөл болно. Мөн өтгөн хатах нь цөсийг тогтонгишуулдаг учир анхаарах шаардлагатай.

Ам гашуу оргих, хэхрэх нь цөсөнд чулуу үүссэний шинж тэмдэг

Цөсөнд чулуу үүсэхэд хоолны нөлөө их байдаг. Ялангуяа өөх тосоор баялаг холестерин ихээр агуулсан хоолыг хэт их хэрэглэх нь цөсөнд чулуу үүсэх таатай нөхцлийг бүрдүүлж өгдөг. Харин сүү, жимсний зүйл болон ногоо их хэрэглэдэг хүмүүс цөсний чулуутай олно гэж айх шаардлагагүй юм. Бодисын солилцооны янз бүрийн өвчнүүд цөсний чулуу үүсэх урьдчилал болдог. Цөсний гэрийн үрэвсэл болон цөсний чулуу нь эмэгтэйчүүдэд илүү тохиолддог. Цөсний урсгал саатаж зогсонгитох нь чулуу үүсэх урьдчилсан чухал нөхцөл болдог. Зайтай хооллох, хөдөлгөөн багатай суунги байх, өтгөн хатах, жирэмслэх, бүсээ хэт чанга бүслэх, сэтгэл мэдрэлийн байдал өөрчлөгдөх, цөсний замын үйл ажиллагаа хямрах, дотор эрхтэнүүд унжих зэрэг хүчин зүйлүүд цөсний чулуу үүсэхэд нөлөөлдөг. Чулуу үүсэх явцад ямар нэгэн халдвараар элэг гэмтэх явдал их нөлөөтэй. Цөсний чулуу нь янз бүрийн бүтэцтэй. Чулуу цагаан шар, саарал, хар ногоон эсвэл алаг өнгөтэй, зөөлөн гөлгөр юм уу эсвэл бага зэргийн барзгар гадаргуутай байдаг. Цөс чулуутай болсон үед бөөлжис цутгах, хооллосны дараа аюулхай орчимд эвгүй болох, ам гашуу оргих, хэхрэх зэрэг шаналгаа илэрдэг.

Ямар эмчилгээ хийх вэ?

Цөс өвдөх үед эм хэрэглэх нь нян эсэргүүцэх, шимэгч эсэргүүцэх, үрэвсэл дарах, цөс үүсгэх, цөс хөөх, агчил арилгах, мэдрэл тайвшруулах үйлчилгээтэй. Гэхдээ эмийн эмчилгээг эмчийн зааврын дагуу хэрэглэх хэрэгтэй. Физик эмчилгээ нь дулааны, агчил арилгах, мэдрэл тайвшруулах нөлөөтэй. Үр дүнд нь цөс үүсэлт ба ялгаралыг хүчтэй болгодог. Дулааны заслын зорилгоор бүлээн жинг далны доор өдөрт 1-2 удаа тавина. Цахилгаан талбайн эмчилгээ болон шавар эмчилгээ ч сайн нөлөөтэй. Үүгээр зогсохгүй эмчилгээний дасгал хийж мөн рашаан эмчилгээнд явахад илүүдэхгүй. Цөс чулуужих өвчин, цөсний гэрийн нянгийн үрэвсэл болон цөсний сувгийн үрэвсэлтэй үед мэс заслын эмчилгээг хийнэ. Мэс заслын эмчилгээг эмийн эмчилгээг төгөлдөр хийсний дараа хийх хэрэгтэй. Энд цөсний өвчин үгдэрсэн хэлбэрүүд цөсний гэрт ус идээ бээр тогтох, цөсний ерөнхий суваг чулуугаар тагларах, цоорох зэрэг нь хамаарахгүй. Харин ч ийм тохиолдолд яаралтай хагалгаа хийх хэрэгтэй юм.

Өдөрт 3-4 удаа бага багаар хоолло

Хоолыг тогтмол цагт бага багаар идэх нь цөсний урсгалыг сайжруулдаг. Хооллох хоорондын зай их байх нь цөс тогтонгшилд хүргэнэ. Хоолны хэмжээ их байх нь цөсний замын булчинг хүчтэй агшааж өвдөлт үүсгэнэ. Хэрвээ таны цөс өвддөг бол өдөрт 3-4 удаа бага багаар хооллоорой. өөх тостой буюу шарсан хайрсан хоол, өндөг, хүйтэн исгэлэн ундаа, жимсний архи, пиво, хурц зууш зэргээс татгалзах шаардлагатай. Амьтны гаралтай өөх тос нь цөсний үрэвсэлтэй хүмүүст зохимжгүй. Мөн цөсний хатгалгаа үүсгэдэг талтай. Харин ургамлын гаралтай тос нь цөс гаралтыг идвэхжүүлдэг учир цөсний үрэвсэлтэй хүмүүст сайн нөлөөтэй. Нөгөөтэйгүүр ургамлын тосонд байдаг үл ханасан өөхний хүчил нь элэгний үйл ажиллагааг сайжруулдаг. Өндөгний шар цөсний үрэвслийн үеийн өвдөлтийг хүчтэй болгодог. Харин ногоо, жимс жимсгэнийг хүнсэндээ түлхүү хэрэглэж болно. Ялангуяа лууван, хулуу, тарвас, усан үзэм бүр ч чухал.

Миний эрүүл мэнд

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button