УКТЭ-ийн Бүдүүн, шулуун гэдэсний мэс заслын тасгийн эрхлэгч Э.Бат-Өлзий Шамбарам өвчин бидний амьдралын буруу хэв маягтай холбоотой
Энэ өвчин зовиур ихтэй гэдгийг хэн бүхэн сайн мэднэ. Манайхан энэ өвчний үед лаа хэрэглээд л яваад байдаг. Тэгвэл энэхүү өвчинг оншилж, эдгээж, мэргэжлээ гаргууд эзэмшсэн Э.Бат-Өлзий эмчтэй уулзаж, бүдүүн шулуун гэдэсний өвчлөлийн талаар тодруулсан юм.
-Бүдүүн шулуун гэдэсний өвчлөлийн тухай болон энэ өвчин юунаас болж үүсдэг талаар яриагаа эхлэх үү?
-Бүдүүн шулуун гэдэсний 100 гаруй өвчин байдаг. Үзэж оношилсны дараа ямар өвчин болохыг нь тогтоож, ямар шалтгаанаар үүсэнийг нь мэдэж эмчилгээ хийдэг. Илрэх шинжийг нь харчихаад тийм өвчин гэж шууд хэлж чадахгүй.
-Ер нь хүмүүсийн дунд энэ замын ямар өвчин давамгайлж байна вэ?
-Сүүлийн үед бүдүүн, шулуун гэдэсний өвчлөлтэй хүмүүсийн 38-40 хувийг шамбарам зонхилж байна. Үүнээс гадна 25-30 хувийг нь шулуун гэдэсний идээт үрэвсэл болон бүдүүн шулуун гэдэсний хавдар нэмэгдэх хандлагатай байгаа. Мөн бүдүүн гэдэсний шархлаат үрэвсэл, ургацаг поли полицези, цүлхэн, шулуун гэдэсний урагдал, ургацаг гээд маш олон өвчтэй хүмүүс ирж эмчлүүлдэг. Эдгээр нь манайд ч гэлтгүй дэлхийд ч элбэг тохиолддог өвчнүүд.
-Шамбарам өвчний талаар тодруулахгүй юу?
-Шамбарам нь шулуун гэдэсний төгсгөлийн хураагуур судасны зангилаа өргөсч улмаар урваж гарах, цус гарах шинжээр илэрдэг өвчин. Энэ өвчнийг дөрвөн зэрэгт хуваадаг. Нэг, хоёрдугаар зэргээр өвчилсөн үед эмийн буюу мэсийн бус эмчилгээ хийдэг. Үүнд эм ууж, лаа хийх, тосон эмчилгээ зэрэг орно. Мөн хатаагч тариагаар тарьдаг. Харин гурав, дөрөвдүгээр үед ороод ирэхээр эмийн эмчилгээ үйлчлэхгүй. Энэ үед мэс заслын эмчилгээ хийдэг. Ер нь шамбарамыг хурц, архаг гэж хуваадаг. Хурц шамбарам нь хошногоны амсарт хүчтэй өвдөж, хавдаж бүлэн үүсэхийг хэлдэг. Үүнээс гадна энэ дотроо хавчигдсан шамбарам гэж бий. Энэ нь шамбарамын зангилаа хошногоны амсарт урван гарч ирээд хавчигдсанаар бүлэн үүсч улмаар тэдгээрийн үхжилт үүсч, хошногоны амсарт огцом өвдөлт илэрдэг. Архаг шамбарамыг дотор нь дөрвөн шатанд хуваан ангилдаг. 1-рт Хошногоны амсраас улаан цус гарах ба шамбармын зангилаа урваж гарахгүй байна. 2-р шатанд хошногоны амсраас цус гарах эсвэл гарахгүй байж болох ба шамбармын зангилаа урваж гарсан ч өөрөө буцаж ордог. 3-рт дээрхтэй адил цус гарах эсвэл гарахгүй байхаас гадна шамбармын зангилааны урвалт гараар засагдаж байх. 4-рт мөн цус гарах, гарахгүй байж болно. Харин шамбарамын зангилааны урвалт гараар засагдахгүй салстын урвалттай болсон байдаг.
-Архаг шамбарамаар өвчилсөн хүнд ямар шинж тэмдэг илрэх вэ?
-Хошногоны амсарт эвгүй мэдрэмж төрж хааяа загатнана. Хүндээр бие засахад дотор гадна шамбарам хавагнаж өвдөх, цус бага зэрэг дуслах болон бүр их гарна. Мөн цус багадалтын шинж илэрч бие суларч тамирдах, царай цайж цонхийх толгой өвдөж эргэх, амьсгаадах гэх мэт шинж илэрдэг.
-Ер нь бүдүүн шулуун гэдэс ихэвчлэн юунаас болж өвчилдөг вэ?
-Олон хүчин зүйл нөлөөлдөг. Хүндээр бие засахдаа хэт их удаан суух, дүлэх, хошногоныхоо амсрыг дутуу цэвэрлэх, төрөлтийн дараа өтгөн хатах, доороосоо даарах, хөдөлгөөний хомсдолтой байх, хэт их таргалалтай хүмүүс ихэвчлэн өвчилдөг. Гэхдээ дан ганц зүйлээс болж шамбарам өвчнөөр өвчилдөггүй. Нөлөөлөх олон хүчин зүйл хавсарснаар үүсгэж болно. Тэрнээс биш дан ганц нэг юмнаас болж үүсдэггүй.
-Тэгэхээр бидний амьдралын хэв маягтай холбоотойгоор энэ өвчин үүсдэг гэж ойлгож болох уу?
-Бидний өөрсдийн буруу хэвшсэн амьдралын хэв маягтай холбоотой гэж ойлгож болно. Тиймээс аль болох дээрх хэлсэн бүхэн дээр анхаарч амьдралын хэвшлээ өөрчлөх хэрэгтэй. Энэ нь хөдөлгөөн багатай байлгүй аль болох хөдөлж, удаан хүндээр бие засахгүй байх зэрэг бидний алхам тутмын амьдралыг хэлж байгаа юм.
-Хүмүүсийн дунд согтууруулах ундааг хэт их хэрэглэснээс болж шамбарамтай болдог гэсэн ойлголт их байдаг?
-Архинаас болж шамбарам үүсдэг гэдэг нь ташаа ойлголт. Харин шамбарамын шинж тэмдэг илэрч өвчилсөн үед архи хэрэглэвэл өвчлөлийг улам нэмэгдүүлж, цус их гаргах гээд сөрөг үр дагавар авчирдаг. Тэрнээс биш архи хэрэглэснээр шамбарамтай болдоггүй.
-Хүмүүс гэрийн нөхцөлд энэ өвчнийг эдгээх гэж лаа хийх зэргээр төрөл бүрийн арга хэрэглэдэг. Энэ нь зөв үү?
-Бид 21-р зуунд амьдарч байгаа гэдгийн хувьд бол буруу. Гэхдээ манай нөхцөлд нэг талаасаа гэрээр эмчлэх нь зөв. Манайд мэргэжлийн эмч нар цөөхөн болохоор тэр бүр зөв оншилж мэддэггүй. Сайн эмчилгээ хийдэггүй болохоор хүмүүс арга буюу гэртээ өөрсдийгөө эмчилж байгаа нь зөв. Харин буруутгах тал нь бол хүмүүс шамбарамтай төстэй өвчин болох хавдар, үрэвсэл гээд олон өвчин байхад мэдэхгүй шамбарамд зориулагдсан эм, лаа хэрэглэдэг дутагдалтай. Үүнээс болоод өөр өвчин байсныг нь мэдэхгүй хүндрүүлчихдэг. Тийм болохоор мэргэжлийн эмчид хамгийн түрүүнд хандах нь зүйтэй.
-Мэс заслыг голдуу ямар аргаар яаж хийдэг юм бэ?
-Манайд дэлхий нийтээр хэрэглэгддэг, хожим нь ямар нэг хүндрэлгүй шамбармын үүзлийг зангидаж аваад гол судсыг нь боодог аргаар голдуу мэс ажилбар хийдэг. Ер нь сүүлийн үед аль болох хожим гэмтэл учирхааргүй мэс заслын арга хайж эрэлхийлж байна. Үүнээс гадна Италийн эрдэмтэн Лонгогын аппарат гэдэг арга сүүлийн үед их эрэлттэй байгаа. Энэ нь шамбармыг дотор нь автоматаар үдэж, авдаг маш сайн үр дүнтэй аппарат. Гэвч энэ нь маш өртөг өндөртэй, ганцхан удаа хэрэглэгддэг учраас тэр хэмжээгээр үнэтэй, ховор байдаг.
-Сүүлийн үед эмнэлгийн мэс засал хийдэг тасгуудад санхүүгийн хүндрэлээс болоод шинэ техник, хэрэгсэл дутагдалтай, хоцрогдмол байна гэж олон хүн санал нэг байдаг. Энэ тал дээр?
-Үүнтэй санал нэг байна. Бид нар чинь улсын санхүүжилтээр өөдлөн дэвшдэг байгууллага. Тэглээ ч хүний эрүүл мэндийг хариуцдаг болохоор аль болох шинэ техникээр хангагдаж байх нь чухал. Гэхдээ улс орны эдийн засгийн өнөөгийн байдлаас болоод хангагдах нөцхөл ч бага байгаа болохоор бид чинь ер нь түймэр унтраах байдлаар л арга буюу ажиллаж байна шүү дээ.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа. Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар манай уншигчдад бяцхан зөвлөгөө өгч яриагаа өндөрлөх үү?
-За баярлалаа. Энэ өвчнөөр өвчлөхгүйн тулд хөдөлгөөнтэй байж, удаан суухгүй, өтгөнөө аль болох хатаахгүй байх, архи тамхи, халуун ногоотой амтлагч хэрэглэхгүй байх хэрэгтэй, Үүнээс гадна ургамлын ислэг агуулсан хоол хүнс тогтмол хэрэглэх, хүчин нөлөөлөх зүйлүүдийг нь чанд сахих зэргээр амьдралынхаа хэв маягт өөрчлөлт хийж, өөрийнхөө эрүүл мэнддээ анхаарч байгаарай гэж хэлмээр байна.
Миний эрүүл мэнд