Босоо ухаан
Хагас зууны тэртээ ахмад хүмүүс хүүхэд, залуус биднийг ухаанд нь ухна үхсэн тархи гэж загнадаг байж билээ. Тэр үед байтугай одоо ч ухаанд нь ухна үхсэн гэж чухам юуг хэлээд байсныг нь ухаарахад түвэгтэй хэвээрээ л байна. Гэхдээ ухаанд нь ухна үхсэн хүмүүс өнөөгийн манай нийгэмд улам бүр олширсоор байна. Хэн нэг хувь хүний ухаанд нь ухна үхчихэж мэдэх л юм. Гэвч бүхэл бүтэн үндэстний маань ухаанд нь ухна үхэж болохгүй биз дээ. Тэгэхэд хүрвэл тэр ухныг ухаанаасаа зайлуулж ухаанаа цэвэрлэж авахад бүх нийтээрээ чармайх хэрэгтэй болно. Саяхан Ричард Лүнн, Тату Ванханен гэдэг өрнөдийн хоёр эрдэмтэн 185 улс орны иргэдийн ухааны бярыг буюу (ай кү) хэмжиж судалсан чинь монголчууд эхнээсээ 21 дүгээрт орсон байна. Тэгтэл монголчуудын амьдралын төвшин нь өрнөдийн судалгаагаар мөнөөх 185 орны дотор эхнээсээ биш сүүлээсээ 21-д орох хэмжээнд арай гэж хүрч байгаа ажээ.
Ухааны нь бяр чадал дэлхийн 164 орныг ардаа орхиж байгаа мөртлөө амьдралынх нь бэл бэнчин 164 орны хойно хоцорчихсон явж байна гэдэг нь өөр юуных ч биш гагцхүү ухаанд нь ухна үхсэнийх гэхээс өөр үг алга.
Монголчуудын уураг тархины жин нь цагаан арьстнуудынхаас даруй 52 граммаар илүү буюу 13301382-ийн харьцаатайг шинжлэх ухаан аль эрт нотолчихсон зүйл билээ. Тэгсэн мөртлөө монголчууд бид хүний адагт ороод гэлдэрч явмааргүй юмсан. Тэр тусмаа энэ зуун маань оюун ухаан хүний болоод нийгмийн хөгжлийн гол хөдөлгүүр болж буй эрин цагийн эхэн билээ. 2030 он буюу ердөө л 25-хан жилийн дараа хүний зохиосон цахим оюун буюу компьютерийн чадал нь хүний ой ухаантай тэнцүү болох бөгөөд цаашдаа давж гарна гэсэн тооцоо нэгэнт гарчихаад байгаа нь дээр өгүүлсэний нэг нотолгоо бөгөөд сүүлийн хориодхон жилд гэхэд л цахим тооцоолуур байтугай гар утас гэдэг хөдөлгөөнт холбоо хэчнээн хурдан, хэчнээн боловсронгуй болж байгааг ч гэсэн эргэцүүлэн бодох шаардлагатай байна. Хэрвээ юу ч бодохгүй, маргааш юу ч болохыг төсөөлөхгүй энэ янзаараа суугаад байвал хүний бүтээсэн компьютерээс тэнэг хүмүүс болсноо нэг л өдөр мэдрэх цаг ирэх нь зайлшгүй.
Ухаанд маань ухна үхсэн гэдгийг сайтар бясалган бодвоос босоо ухаантай байсан монголчууд мөлхөө ухаантай болсонд л хамаг гай нуугдаж буй бололтой. Босоо ухаан гэж юуг хэлдгийг орчин үеийн IQ буюу интеллиженс куошент хэмжүүрийн үзүүлэлтээр аваад үзэж болно. Ямарваа хүний сэтгэлгийн чадвар нь дөрвөн зүйл бүрэлдэхүүн дээр тулгуурладаг.
Нэгд, ердийн бус, хоёрт, ердийн, гуравт, нүдлэн сэтгэх, дөрөвт, зөгнөн бодох эдгээр юм.
Ердийн буюу вертикал (босоо) сэтгэлгээгээр монголчууд хосгүй явсан үе бий. Тэр цагт хагас орчлонг морин туурайгаараа тамгалж гурван тив, гурван далайг тулсан их гүрнийг байгуулж явлаа. Ердийн буюу босоо сэтгэлгээ мухардах юмуу мөхөсдөхийн цагт ер бусын (казуал) болон зөнч сэтгэлгээрээ (латерал) оюунаа тэтгэж явсны дурcгал нь монгол ардын аман зохиолд шингэж үлджээ. Босоо сэтгэлгийн бусад шалгуураар ч өвөг дээдэс маань хүний дор орохооргүй явжээ. Үүнд сэтгэх хурд, ярих хурд, бичих хурд гэдэг үзүүлэлтээр аваад үзэх юм бол саяхан болтол үндэстний маань бахархал болсон хүмүүсийн намтар түүх олон зүйлээр онцгой байсныг хүмүүс судар бичиг, аман ярианд мөнхлөн үлдээжээ. Сайн ноён хан Намнансүрэнг Манжийн хаанд бараалхахад ёроолгүй бөөрөнхий аяганд халуун цай хийж өгөхөд нь тэвдсэн ч үгүй эрхээ дугуйлан ширээн дээр тавьж түүн дээрээ өнөөх аягыг нь суурилуулан тогтоож байсан гэдэг домог бий. Морины давхил дунд бийрээр ацаг шүд орхилгүй тэмдэглэл хөтлөж байсан их бичээч Магсар хурц гэхчилэн сэтгэлэг, бичлэг, үг ярианы хурдаар гайхагдаж явсан ахмад үеийнхнии хэрэг явдал өнөө хэр мартагдаагүй байгаа үед бид аж төрж буй билээ.
Бие даах, бусдыг манлайлах, эрсдэлд орох чадвараар монгол цэргийн жанжингууд хэний ч дор орж байгаагүй гэдгийг түүх гэрчилсээр үлджээ. Зохион байгуулах, донж тааруулах (дизайн) сэтгэлгээр ч гэсэн монголчууд нүүдэлчдийн ертөнцөд байтугай суугаачуудын хорвоод ч гайхагдсаар буй мөнхийн бүтээлийн эзэд юм. Монгол гэр бол зохион бүтээх, байгальтай зохицон аж төрөхийн гүн ухааныг цаг, зардал, хөдөлмөр хэмнэхийн эдийн заcгийн номлолыг, эрүүл орчинд, алжаал тайлахын эрдмийг, тэнгэр гал шүтлэгийн нарийн увидасыг цогц шингээсэн хосгүй, давтагдашгүй бүтээл юм. Үүнээс эөвхөн гал, тэнгэрийг дээдлэх үзлийн журам хэрхэн туссаныг товч өгүүлэхэд хүүхэд төрвөл тэрний анхлан харах юм нь тооноор цэлийх хөх тэнгэр агаад манцуйнаас гарч хөлд орох хүртлээ дээш харан хэвтэж гагцхүү дээрх хөх тэнгэрийг ширтэж хараагаа гүнзгийрүүлдэг нь Монголын бага насны эх болдог бол гэрийн төв дунд тулгаа байрлуулан галаа түлэхүйд түүний утаа нь ч, илч нь ч дээд тэнгэрт тэмүүлэн тооноор дээш оргилдог бөгөөд хажуу хананаас юмуу хөл дороос халдаг өрнөдийн дулаалгын ёсноос хахь ондоо билээ. Ямар ч үед монгол хүн галаа тойрон сууж, гал өөдөө элгээ харуулж илч дулааныг авдаг байсан бүлгээ. Өдрийн цагт гэрт болж байгаа бүх юм өрх нь татаастай тооноор мэлмийд ил тод нуултгүй харагдаж, шөнийн цагт гэрт болдог юмаа тэнгэрийн мэлмийгээс нууж өрхөө бүтээдэг нь монгол гэртээ шингээсэн монгол сэтгэлгийн нэгэн нууц байсан ажгуу. Монгол донж (дизайн) гэдэг бол гэрээсээ эхлээд хувцсандаа эдлэл хэрэглэлдээ, идээ ундаандаа цогцлон шингэж эрин зууныг элээсээр өнөөтэй золгожээ.
Л. Түдэв
Яруу сэтгэгч