Боксчид боож үхэхийн даваан дээр

-Манай улсад анх удаа Азийн аваргын тэмцээн зохиогдох гэж байна. Тэмцээний бэлтгэл ажил ямар шатандаа явж байна вэ?

-Азийн аварга шалгаруулах боксын 24 дэх удаагийн тэмцээн манай улсад их шахуу явагдах боллоо. Учир нь Монголд зохиогдох зөвшөөрлийг Азийн боксын холбоо, Дэлхийн боксын холбооноос маш орой өгсөн. Тиймээс тэмцээн уралдаан зохион байгуулахад зарцуулагдах төсөв мөнгөний асуудал, тэмцээний бэлтгэл ажлыг хийхэд цаг хугацааны хувьд маш шахуу явагдаж байна.

-Энэхүү тэмцээнд зарцуулагдах мөнгөний тодорхой хувийг төрөөс шийдэж өгсөн гэсэн. Хэдэн төгрөг өгсөн бэ?

-Азийн аваргын тэмцээн зохион байгуулахад ихээхэн хөрөнгө мөнгө зарцуулагдана. Үүний 219 сая төгрөгийг төрөөс шийдэж өглөө. Үүнд Монголын боксын холбоо маш их талархаж байгаа. Цаана нь дутаж байгаа мөнгийг бид өөрсдөө олох үүрэгтэй.

-Та нар хичнээн төгрөгийн эрэлд гараад байна вэ?

-Одоо 300-аад сая төгрөг олох үүрэгтэй. Энэ мөнгийг олох гэж хөөцөлдөж байна. Маш шахуу ажилтай байна. Надад хоногийн 24 цаг ч багадаад байна ш дээ. Монголд анх удаа зохион байгуулагдаж байгаа учраас энэхүү том тэмцээнийг маш нарийн зөв зохион байгуулалттай явуулах ёстой. Би өнөө маргаашгүй Хятад улс руу явж ринг авчирна. Энд Нарантуул компанийн захирал Сайхансамбуугийн өгсөн нэг ринг бий. Дахиад нэг ринг шаардлагатай.

-Хэдэн орноос хичнээн тамирчид өрсөлдөх вэ?

-Одоогоор 22 орны 180-аад тамирчид, дасгалжуулагч, албаны хүмүүстэй ирнэ гэж мэдүүлгээ өгөөд байна. Их олон орон өрсөлдөхөөр боллоо. Бид цөөхөн орон оролцох байх гэж бодож байсан. Гэтэл ирэх 2008 онд Бээжингийн олимп болох гэж буйтай холбогдуулж ойрхон бүсэд байдаг бүхий л орнууд оролцох сонирхолтой байгаа юм билээ.

-Манайхаас хичнээн тамирчид оролцох вэ? Тамирчдын бэлтгэл ажил хэр хангагдаж байна? Хичнээн жинд орсөлдөх вэ?

-Азийн аварга 11 жингээр зохион байгуулагдана. Нэг жинд нэг л хүн орно шүү дээ. Манай улсаас 11 тамирчин оролцох зорилт тавьж байгаа. Тэгэхээр манай Монголчууд өөрийнхөө оронд зохион байгуулагдаж байгаа болохоор бүтэн багаар оръё гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Тамирчдын хувьд бэлтгэл сургуулилтаа хангаад явж байна.

-Эх орондоо зохион байгуулагдаж байгаа болохоор манайхан амжилттай оролцоно гэж ард түмэн найдаж байгаа байх?

Хүнд жин их хэцүү л дээ. Казак, Узбекийн олимпийн аваргын хүнд жингүүд хэцүү шүү дээ. Гэсэн ч бид хэцүү, хүнд гээд айгаад байх юм байхгүй, тэр хүмүүстэй адилхан өрсөлдөж л хүчээ сорино доо.

-Боксын тэмцээн гэхээр ард түмэн таныг өрсөлдөнө гэж бодож байгаа

-Тиймээ, ард түмэн маань тэгж бодож байгаа байх. Нэгдүгээрт, боксын спорт нь насны заагтай, хоёрдугаарт, энэ спорт нь хүнд спорт учраас нас ахисан хүмүүсийн хувьд эрүүл мэндэд аюултай. Яг л залуу насны эрч хүч, эр бяраар явдаг спорт ш дээ. Боксын спорт хэн дуртай нь хичээллээд амжилт гаргаж, аварга болчихдог спорт биш. Маш их тэвчээр, хатуужил, сахилга бат шаарддаг спорт. Би Боксын холбооны нарийн бичгийн даргын үүрэгт ажилтай болохоор энэхүү ажлаа л хийж гүйцэтгээд явж байна.

-Таны шавь нараас энэхүү Азийн аваргад хүчээ үзэх үү?

-Миний гарын шавь гэж байхгүй дээ. Миний багш Банди гэж хүн бий. Банди багшийн маань бэлдэж байгаа гарын шавь нар оролцоно. Олон багш нарын шавь нарыг цуглуулж байж Монгол улсын шигшээ багийг бүрдүүлдэг. Тэр бүрдүүлсэн шигшээ багийг миний багш, гавъяат багш Банди маань удирдан залж явдаг юм. Багш нар өөр өөрсдийнхөө шавь нарыг бэлдэнэ гэдэг хэцүү. Тэгэх юм бол амжилт гаргахгүй ш дээ. Тийм учраас нэг багшийн удирдлаган дор явж байж амжилт гаргадаг юм.

-Бокс сонирхдог хүүхэд залуус болон тэдний эцэг эхчүүд хүүхдээ боксоор хичээллэхэд бэлтгэж өгөөч гэж танд ханддаг уу?

-Эцэг эхчүүд маш их ханддаг л даа. Хүүхэд бэлдэж байна уу, хүүхдээ боксоор хичээллүүлэх гэсэн юм, чи гар дээрээ аваач гээд л ярьдаг. Хамгийн гол нь манай Боксын холбооныхон надад итгээд нарийн бичгийн дарга гэдэг хариуцлагатай албанд томилсон болохоор би шавь бэлтгэнэ гээд зогсож байж болохгүй ш дээ.

Амжилт хүсье.

Г.Мянгаа

Дээдсийн хүрээлэн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button