Монголын ард түмэн 76 гишүүнээ тэжээж дийлэхээ болилоо

Тэд энэ ажлыг хийж чадна хэмээн амласныхаа төлөө биднээс татвар авдаг. Ард түмэн татвараа төлсөөр, эрхэм түшээд үүргээ умартсаар эцэс төгсгөлдөө Монголын ард түмэн та бүгдийг тэжээж дийлэхээ болилоо. 76 эрхэм уран сайхан үгээрээ ард түмний тархийг угаах нь их болохоос биш улс орон, ард түмэндээ нэмэр болж буй нь тун ховор. Худлаа ярихаас өөр зүйл хийдэггүй төрийн түшээд Монголын ард түмний нуруун дээр хамгийн хүнд ачаа, дарамт шахалтыг үзүүлж байна. Ард түмний аж амьдрал ядран туйлдсаар Амьдрахын эрхэнд тэд тэмцсээр. Хөдөөнөөс хот руу, хотоосоо гадаадад цагаачлан дүрвэн гарагсдын их урсгал үерийн ус лугаа адил хүчээ авч байна. Амьдрахын эрхэнд ямар ч хамаагүй харийн оронд очиж олдсон ажлыг нь хийхийг хүсэгсдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж гадаад дотоодын луйварчдын олз болж, ажил хөдөлмөрөө шулуулсаар байна. Харц ардууд ядуурахын хэрээр дээдсийн цамаан зан улам бүр ихсэж байна. Улаанбаатар хот гэдэг ямар ч эмх замбараагүй их хүний бөөгнөрөл болжээ. Нийслэл хотод эмх журам гэж алга. Хотын хүн амын ихэнх нь хог новшиндоо дарагдсан газарт өнөө маргаашаа өнгөрүүлэн амьдарч байна. Их наран-гийн энгэрийн хогноос өдөр бүр мянгаад хүн хог түүж амьдардаг гэсэн тоо бий. Энэ нь Улаанбаатар хотын мянган хүн тутмын нэг нь тэндээс хог түүдэг гэсэн үг. Үүн дотор хотын ундааны сав, лааз цуглуулдаг хүүхэд, хөгшдийг оруулбал хязгааргүй их тоо гарах нь лавтай. Тэдний өдрийн хоолоо олох гэж цуглуулсан хогноос ханаж цадахаа мэдэхгүй 76 гишүүн булаацалдсаар. Түүсэн хогоо борлуулж чадахгүйгээс хоолтой хоолгүй өдрийг өнгөрөөж Төрийн ордныг тойроод хог түүгч нар хэд гурваараа хөлхөлдөн явахад эрхэм гишүүд, сайд дарга нар цочих сөхөөгүй, зөвхөн өөрсдийнхөө хувийн ашиг сонирхолыг бодон суудаг. Мөн тэсвэртэй хүмүүс ээ Ер нь ийм төр засаг бидэнд хэрэг байна уу?!
Нэг дор төвлөрөхийг траншейныхан дэмжиж байна уу?
Б.Намсрай Би тэнд очихгүй ээ
-Таныг хэн гэдэг вэ?
-Батчулууны Намсрай гэдэг. 47 настай.
-Орон гэргүй траншейны хүмүүсийг нэг дор төвлөрүүлэх хороолол байгуулагдах гэж байгаа гэсэн. Та тэнд очих уу?
-Та нараас л сонсож байна. Үнэнээ хэлэхэд ах нь тэнд байж чадахгүй ээ. Энэ амьдралаараа л дуусая. Харин залуу хүмүүс ирээдүйгээ бодоод дуртай очих байх.
-Та ингэж амьдраад хэдэн болж байна вэ?
-Ах нь 27 жил яг ийм амьдралаар амьдарч явна.
-Өмнө нь ажил эрхэлж байсан уу?
-Улсад цөөхөн жил ажилласан. Дэлгүүр, барилгын грушик хийж явлаа
-Яагаад ийм амьдралын замыг сонгох болов? 27 жил гэдэг урт хугацаа шүү дээ?
-Яахав дээ, урд төрийн үед юм бүхэн элбэг дэлбэг сайхан байсан үе. Тэр үед ирээдүйгээ бодохгүй явснаас л амьдралаа үрэн таран хийлээ гэж боддог. Тухайн үед хөдөлмөрийн дэвтэрээ ч олж авч чадаагүй, авъя ч гэж боддоггүй байж.
-Хоол ундаа яаж зогоож байна?
-Өө яахав хаягдал хог новш ухаж л голоо зогоож явна. Ундааны сав, лааз цуглуулдаг.
-Уучлаарай таны хөл яачихсан юм бэ? /Өрөөсөн хөлнийх нь нарийн шилбэ гүн шарх, идээ бээр болсон байв.сурв/
-Яахав, согтуу явж байгаад л машин дайруулчихсан юм. Тэгээд эмнэлэгт хүргэгдээд хоорондын яс нь тэр чигээрээ бяцарсан байсныг бүгдийг нь түүгээд авчихсан. Одоо энэ хэсэгт тулах яс байхгүй. Эдгэж байгаа нь энэ гэсээр бидний яриа өндөрлөлөө. Харин зургийг нь авах гэтэл энэ чинь хүний эрх хэмээн зургаа авахуулахыг хүсээгүй юм.
Гантулга Энэ амьдралдаа дассан
-Чамайг хэн гэдэг вэ? Хэдэн настай вэ?
-Гантулга гэдэг. Насаа мэдэхгүй.
-Гадуур тэнээд хэр удаж байна?
-Мэдэхгүй.
-Аав ээж бий юу? Орон гэр байхгүйгээс тэнэж явна уу?
-Байхгүй.
-Орон гэргүй хүмүүсийг Эмээлтэд суурьшуулах юм гэсэн. Чи тэнд очих уу?
-Би очихгүй. Энэ амьдралдаа л дассан.
-Гадуур даарч хөрч явснаас тэнд очсон нь дээр юм биш үү?
-Яахын.
12 настай Цэрэнзаяа Очмоор л байна, гэхдээ бид нарыг гадуур гаргах болов уу?
Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн хажууханд траншейнд амьдарцгаадаг 12 настай Цэрэнзаяа, 13-тай Баярхүү, 11-тэй Тамираа нартай уулзлаа.
-Гэр оронгүй хүмүүсийг Эмээлт рүү аваачиж сууришуулна гэсэн. Та нар очих уу?
-Эмээлт гэж хаана байдаг билээ. Уг нь гэр оронд амьдардаг бол гоё л юм. Гэхдээ бид нарыг гадуур гаргах болов уу. Гаргахгүй бол хэцүү ш дээ.
-Тэндээ бичиг үсэг зааж өгнө гэсэн. Бас тэгээд ажил хийх аргыг нь зааж өгөөд ажил хийлгэнэ гэсэн. Та нар цалин авна ш дээ?
-Тэгвэл ах нараасаа асууж байгаад хамтдаа очноо.
-Ах нартайгаа цуг байдаг юмуу?
-Үгүй ээ төрсөн ах биш. Хуурай ах нар. Гадуур явж байгаад танилцсан ах нар.
-Та нарт ээж, аав бий юу?
-Байсан ч тоодоггүй юм. Бас шил, лааз түүж амьдардаг.
За юу тайж нийгэмлэгийн тэргүүн Ц.Тамара Траншейныхны хорооллын дэд бүтцийг шийдэхгүй бол үймээн дэгдээнэ
Нийслэл хотын энд тэнд байх траншей, орц хонгилоор амьдардаг траншейны гэх тодотголтой хүмүүс жилийн жилд хэдэн арваараа үхэж хорогддог. Тэдний гудманд осгох нь бүү хэл траншейны халуун усанд шалзлагдаж үхэх, бусдад зүй бусаар хорлогдох зэрэг нь жирийн л үзэгдэл болсон мэт. Эмгэнэлтэй амьдралаар амьдарч буй эдгээр хүмүүсийг нэг дор төвлөрүүлж, орох оронтой, идэх хоолтой, хийх ажилтай болгох цаг нь хэдийнэ болсон хэмээн үзэх хүмүүс байна. За юу тайж нийгэмлэгийн тэргүүн Ц.Тамара траншейныхны хороолол байгуулахаар Эмээлтэд 3 га газар авсан байна. Эхний ээлжинд орон байрны асуудал шийдэгдэж буй хэдий ч дэд бүтцийн ажлыг нь төрөөс шийдэж өгөхгүйгээс цаг хугацаа алдаж буй талаар Ц.Тамара гуай ярьсан юм.
-Траншейныханыг нэг дор төвлөрүүлэх ажил хэр нааштай байна. Энэ хавар нээлтээ хийнэ гэж байсан юу болсон бэ?
-Гадна дотны хүмүүст нүд үзүүрлэгдэн хотын хаа сайгүй явдаг эдгээр хүмүүсийг нэг дор төвлөрүүлж, нийгэмшүүлэх зорилготой хороолол байгуулахаар Эмээлтэд 3 га газрын асуудлыг шийдүүлсэн. Ингэснээр эдгээр хүмүүсийн эрүүл мэнд, амь нас баталгаатай болж, нийгэмших эхний алхам тавигдана. Манай улсын хувьд ийм хороолол байх ёстой. Ер нь гадаадад ийм улсуудыг хуарангийн чиглэлд шилжүүлдэг. Энэ бол хуарангийн чиглэл биш арай хүнлэгээр орох оронтой, хийх ажилтай, сурч боловсрох, эрүүл мэнд, эрх чөлөөгөө хамгаалуулах эрхтэй. Орон гэрийн асуудал эхний ээлжинд болно гэж үзэж байна. Ер нь бол төр засаг эхнээсээ маш их дэмжиж ирсэн. Ерөнхийлөгч хүлээж авсан. Ерөнхий сайд болон Хөдөлмөр нийгмийн хамгаалллын сайд, Нийслэлийн засаг даргын Тамгын газар хүлээж авсан. Хамтарч төсөл боловсруулсан. НЗДТГ-аас тодорхой хэмжээний хөрөнгө өгье гэсэн. Дүүргүүд гэрээр хангаж байна. Ер нь маш их дэмжлэг авсан. Энэ бол хүмүүсийн дэмжлэг авахгүй байхын аргагүй асуудал шүү дээ. Овоо нааштай явж байсан чинь одоо дэд бүтэц дээрээ гацчихаад байна. Дэд бүтцийн асуудлыг шийдэж өгөхгүй удаашраад байна. Бүгдээрээ нэг нэг цаасаар нэмэрлээд байхаас биш бодит ажил ерөөсөө болохгүй явсаар өнөөг хүрлээ. Ер нь бодит ажил болохгүй л юм бол нэг цаас нэмээд нэгнээс нэг рүү явуулаад, цаг хугацаа алдаад байх шаардлага байхгүй ш дээ.
-Тэгж байтал удахгүй өвөл болно шүү дээ. Дэд бүтцийн асуудлыг нь шийдэхгүй бол яах вэ?
-Хоёр жил гаруй хөөцөлдөж байна. Баахан дарга нарын үүдэнд очиж л сайхан үг сонсож явна. Үнэхээр ард түмнийхээ эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдлыг хайрлаж хамгаалахыг хүсэхгүй байгаа бол бид дараагийн шатны арга хэмжээгээ авахад бэлэн байна. Төр засагтай хамтарч ажиллая, тохиролцоё, нэг нэгнийхээ нэр төрд халдахаа больё гэж хоёр гурван жил явлаа. Болохгүй бол бид нэр төрд нь халдана, дараа дараагийн үйл ажиллагааг хийх боломж байна.
-Та нарын зүгээс ямар арга хэмжээ авах вэ?
-Бид гэр оронгүй, ядарч цөхөрч яваа иргэдийг талбай дээр цуглуулж, жагсаал цуглаан, өлсгөлөн зарлаж чадна. Юу ч хийсэн болно. Хүний хийгээд байгаа бүхий л үйлдлийг хийхэд бэлэн. Хэдэн төгрөгөө алдсаны төлөө өлсгөлөн зарлаад, Засгийн газрыг гартаа хийгээд мөнгөө төлүүлж байгаа хүмүүс байна. Гэтэл яагаад чимээгүй үхээд байгаа иргэдийнхээ төлөө хэдхэн төгрөгийн асуудлыг шийдээд өгчихөж болдоггүй юм. Бид ингэж шахалтанд оруулж албан хүчээр хийлгүүлж болно ш дээ. Энэ ерөөсөө л төр засгийн хийх ёстой ажил. Эвтэй байх юм бол ажил бүтнэ гэдэг утгаар өдий болтол харлаа. Тэглээ ч надад ганц ч үгүй гэсэн үг хэлэхгүй байгаа ш дээ. Дандаа л дэмжиж байгаа гэсэн сайхан үгээр молигодоод байна. Одоо бол би эрхэм дарга, сайд нарын амыг харж, цаг хугацаа алдахгүй гэж бодож байгаа. Траншейныхныг цуглуулж маш том хэмжээний үймээн самуун дэгдээж ч болно. Яагаад гэвэл манай энэ орон гэргүй, ядуус чинь эцсийнхээ шатанд орчихсон дэн дунаа амьдарч яваа улс чинь амь насаа ч хайрлахаа ч мэдэхгүй. Ухамсартай, мэдлэг боловсролтой хүн байлаа ч архинд нэвчээд ухаан санаа нь самуурчихсан улс. Тэр улсуудаар далимдуулаад янз янзын юм хийж болно. Хамгийн гол нь би тэр улсуудыг хайрлаж л байгаа бол өнөөдөр ч гэсэн хайрлах л ёстой. Тэд нэг удаагийн бороохойдолтыг даахгүй. Тийм учраасхүн амины асуудал ч их гарч болзошгүй. Тэгэхээр би тэр улсуудын амь насыг хамгаалж байна, төр засгаа хүндэтгэж байна, нийгмийн аюулгүй байдлыг хамгаалж байна.
-Эхний ээлжинд орон гэрийн хувьд болох юм байна. Гол шийдвэрлэх асуудал дэд бүтцийг шийдэхэд хичнээн төгрөг шаардлагатай байгаа юм бэ?
-Орон гэрийн асуудал эхний ээлжинд болно гэж үзэж байна. Одоо хамгийн гол нь тог цахилгаан, усны асуудлыг шийдээд өгчихвөл бид эхний ээлжийн хүмүүсээ авахад бэлэн байна. Долоон зуу гаруй сая төгрөгний асуудлыг шийдээд өгөөч л гэж хүсээд байгаа юм. Бид дааж давшгүй их мөнгө нэхээгүй. Энэ бол төр засгийн хийх ажил. Өдрөөс өдөрт хэдэн арваараа чимээгүй үхээд байгаа иргэдийнхээ төлөө тэр мөнгийг яагаад гаргахгүй байгаа юм бэ. Эцэст нь би энэ асуудлыг Их хурлын гишүүд, Их хурлын дарга Ц.Нямдорж, Ерөнхий сайд М.Энхболд, Нийслэлийн засаг дарга Батбаяр, иргэдийн хурлын дарга Болормаа нарт хандаж энэ ажлаа хий гэж шаардаж байна. Хийхгүй юм бол хийж чадахгүй гэдгээ хэл. Бид дараагийн арга хэмжзэгээ авахад бэлэн байна. Энэ өвлөөс хойш траншейны тодотголтой нэр хаяггүй хүн үхэх юм бол амь нас нэхнэ шүү. Нэхэх нэхэхдээ тухайн жилд үхэж буй хүний амь насыг нэхэхгүй. 2004 оноос хойш үхсэн траншейныхны амь нас нэхэгдэнэ шүү гэдгийг анхааруулъя.
-Жилд хичнээн орон гэргүйчүүд үхэж байна вэ?
-Нэг жилд 350-иас дээш хүн үхэж байгаа. 2004 оноос хойш гэхээр 1000 гаруй хүний амь нас нэхэгдэнэ шүү гэдгийг сануулмаар байна.
Бэлтгэсэн Г.Мянганцэцэг
Дээдсийн хүрээлэн