УИХ-ын гишүүн Ч.Содномцэрэн Би дараагийн сонгуульд нэрээ дэвшүүлнэ

-Энэ хаврын чуулганы хугацаанд УИХ 40 гаруй хууль хэлэлцэнэ. Түүний арав гаруй хуулийн төсөл дээр би ажиллаж байгаа. Тухайлбал Хот тосгоны эрх зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барьсан. Энэ хуулийн төслийн ажлын хэсэгт орж ажиллаж байна. Био аюулгүй байдлын хуулийн ажлын хэсгийн даргаар ажиллаж байгаа. Ойн тухай хуулийн төсөл санаачилсан. Мөн Бэлчээрийн тухай хуулийг бидний хэсэг гишүүд санаачлаад явж байгаа. Чуулганы завсарлагаанаар хөдөө орон нутагт явж малчид, хөдөө аж ахуйн мэргэжилтэнүүд, сум аймгийн иргэдийн хурал, багийн иргэдийн хурлын төлөөлөгчидтэй уулзаж саналыг нь авсан. Үүнээс гадна мэргэжлийнхээ дагуу хэд хэдэн хуулийн төсөл дээр ажиллаж байгаа.
-УИХ-ын бүрэн эрхийн хугацааны талаас илүү нь өнгөрч байна. Хийсэн ажлынхаа үр дүнг эргэж харвал?
-Ардчилсан нам сонгуульд улс төрийн бусад хүчинүүдтэй нэгдэж Эх орон-Ардчилал эвсэл болж орсон. Тийм болохоор эвсэл тарсан ч бид эвслээс гаргасан мөрийн хөтөлбөрийг гол болгож ажилласан. Энэ мөрийн хөтөлбөрт хамгийн гол нь хүүхдийн мөнгө байсан. Тийм ч учраас УИХ дахь Ардчилсан намын 25 гишүүн хүүхдийн мөнгийг санаачлаад өнгөрсөн намрын чуулганаар хэлэлцүүлж батлуулсан. Уг нь бид хүүхдийн мөнгийг cap бүр 10 мянган төгрөг өгөх саналыг оруулсан ч энэ нь улирал тутам 25 мянган төгрөг, cap бүр гурван мянган төгрөг өгөхөөр болсон. Ингээд сард 11333 төгрөг өгөхөөр болж байгаа. Тэгэхээр үүнийг биелсэн гэж бид үзэж байгаа. Завхан аймгийг эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбохоор мөрийн хөтөлбөртөө оруулсан байсан. Энэ асуудал энэ онд багтан шийдэгдэнэ. Миний тойргийн таван сум тавуулаа энэ онд эрчим хүчний төвийн нэгдсэн сүлжээнд холбогдохоор болж байгаа. Энэ бол хоёр дахь том асуудал. Гурав дахь том асуудал нь татварыг бууруулж бизнесийн таатай орчин бүрдүүлнэ гэсэн. Үүн дээр манай намаас дөрвөн арав гэсэн санал дэвшүүлсэн. Бүх татварыг арван хувь болгоно гэсэн үг. Үүний гурван арав нь биелчихээд байгаа. НӨТ 10 хувь, ХАОТ 10 хувь, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 10 хувь болсон байгаа. Нийгмийн даатгалын шимтгэлийг 10 хувь болгоё гэсэн санал тавьж байгаа. Энэ биелэгдэх байх. Хууль эрх зүйн таатай орчинг бүрдүүлэхийн төлөө ажиллана гэсэн асуудлыг бид дэвшүүлж байсан. Энэ нь биелэгдээд явж байна. Гол гол хуулиуд гараад явж байна. Авлигатай тэмцэнэ, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлнэ гэсэн, хуулийг нь гаргачихлаа. Мөн ноолуурын үнийг 30 мянган төгрөгөөс доош байлгахгүй эрх зүйн орчныг бүрдүүлэх тал дээр ажиллана гэсэн. Одоо ноолуурын үнэ 40 мянга гарч байна. Эвслийн мөрийн хөтөлбөрт орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэж байгаа. Энэ хөтөлбөрийг нь бид батлуулсан. Одоо барьж эхлэх асуудал яригдаж байна. Энэ мэтчилэн мөрийн хөтөлбөр хэрэгжиж байгаа. Ер нь бидний мөрийн хөтөлбөр сайн биелж байгаа гэж бодож байгаа шүү.
-ТЭХ-ний сайд Б.Эрдэнэбатыг огцруулах асуудлыг Ардчилсан нам тавьсан ч МАХН хамгаалаад үлдлээ. Хариуцлагагүй ажилласан албан тушаалтнууддаа хариуцлага тооцож чадахгүй байгааг юу гэж үзэж байна вэ?
-ТЭХ- ний сайдын асуудалтай холбогдуулаад Засгийн газрын хоёр гишүүн огцруулах асуудлыг өргөн барисан. Харамсалтай нь МАХН хамгаалж энэ асуудлыг нэг тийш нь болгож чадсангүй. Нарны эрчим хүчээр малчдыг хангана гээд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орчихсон, УИХ-аас найман тэрбум төгрөг батлаад өгчихсөн байхад хангаж чадахгүй байна гэдэг хариуцлагагүй байгаагийн илрэл. Олон шалтаг тоочиж байна. Ажлаа хийж чадахгүй хүнд шалтаг олон байдаг юм байна. Ийм хариуцлагагүй ажиллаж байгаа Засгийн газрын гишүүндээ хариуцлага тооцож чадахгүй байна гэдэг бол УИХ бас л болоогүй байна гэсэн үг. Ер нь УИХ хариуцлага алдсан Засгийн газрын гишүүд, УИХ-ын харъяа байгууллагуудын удирдлагуудтай хариуцлага тооцож чаддаг байх хэрэгтэй. Танай, манай нам гэж өмгөөлж хамгаалах нь буруу гэж би үздэг. Энэ асуудлыг өшөө тодруулж шалгах зүйл байна гэж манай нам үзсэн учраас УИХ-ын байнгын хороодоос ажлын хэсэг байгуулж эрчим хүчтэй холбоотой будлиантай асуудлуудыг шалгаж тодруулж олон нийтэд ил тод болгох нь зүйтэй гэж үзэж байгаа юм.
-Гишүүдийн 250 сая гэгдэн гацаанд ороод байгаа 19 төгрөгийн хөрөнгө оруулалт юу болж байна. Оны эхний хагас жил өнгөрлөө. Тэр мөнгөөр хийгдэх ажлууд хийгдэж байгаа юу?
-Хөрөнгө оруулалт зогссон байгаа. Энэ их хэцүү асуудал болоод байна. Завхан аймагт л гэхэд Хүүхдийн нэгдсэн эмнэлэг энэ жил шинээр ашиглалтанд орж байгаа юм. Тэр эмнэлэгийн сэхээн амьдруулах тасагт нь шаардлагатай тоног төхөөрөмжийг тэр мөнгөнөөс ЭМЯ авч өгөх ёстой. Гэтэл тэр зогсчихоод байгаа. Өнөөдөр тэнд хүүхдүүд амь тэмцэж байхад энд мөнгийг нь улстөржүүлээд зогсоочихсон. Би түүнийг буруу гэж бодож байгаа. Тэр мөнгөний 80-90 хувь нь эмнэлэг сургуульд орох ёстой байгаа шүү дээ. Тэр чинь бидэн дээр ч ирж байгаа мөнгө биш. Үүнийг улс төржүүлснээр Монгол улс хожихгүй. Монголын иргэд хохирч байгаа юм.
-ҮХЦ дүгнэлтээсээ буцахгүй бол тэр 19 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг яаж шийдэх вэ?
-УИХ дүгнэлтээ гаргасан. ҮХЦ юу гэж үзэх юм мэдэхгүй. Хориг тавилгүй энэ зуны ажлыг хийлгэчихвэл зүгээр л байна. Хэрэв хориг тавивал Монгол улсын хөгжил нэг жилээр саатна гэсэн үг.
-УИХ-ын гишүүдийг 76 мангуу гэж ярих болж. Үүнийг та хэрхэн хүлээж авдаг вэ?
-Энэ бол жаахан соёлгүй л үг хэллэг юм болов уу гэж бодож байна. Ялангуяа залуус ийм үг хэллэгээс аль болох хол явах ёстой. Ер нь манай төрөө, төрийн түшээдээ хүндэлдэг уламжлал соёл заншил байна. Тийм учраас аль болох ийм үг хэллэг хэрэглэхгүй байх хэрэгтэй. Үг хэллэгээ зөв олж хэлж байхгүй бол болохгүй. Эрдэмтэн хүний нүдээр харахад бол энэ нэг их сайхан зөв зүйл гэж харагдахгүй байгаа. Намайг мангуу гэж хэлээд би мангуу болохгүй шүү дээ. Би байдагаараа л байж байна. Би чинь эрдэмтэн хүн. Их сургуулийн захирал байсан, гадаад дотоодын олон шавьтай хүн. Би УИХ-ын гишүүн болсноосоо хойш үүргээ гүйцэтгээд л хуулийн төслөө санаачлаад, хуулийн ажлын хэсэгт оролцоод сонгогчдынхоо санал хүсэлтийг УИХ болон байнгын хорооны хурал дээр хэлээд л явж байна. Манай сонгогчид намайг мангуу гээгүй байхад өөр нэг хөндлөнгийн хүн мангуу гэж хэлэхэд дургүй байлгүй яах вэ.
-Ирэх сонгуулийн чимээ улам их болж хүмүүс доор бүртээ бэлдэж эхэлжээ. Та дараагийн сонгуульд дэвших үү?
-Миний хувийн бодол дараагийн сонгуульд нэрээ дэвшүүлнэ гэж байгаа. Гэхдээ манай намын хувьд сонгуульд дэвших эсэх нь хувь хүнээс хамаардаггүй. Нам хэнийг хаана дэвшүүлэх вэ гэдгийг шийддэг. Тиймээс би дараагийн сонгуульд нэр дэвшинэ гэж өөрийгөө зарлах нь эрт байна. Ер нь бол би дэвшинэ гэсэн бодолтой байгаа.
Танд баярлалаа.
Х.Уянга
Дээдсийн хүрээлэн