Фрипортын зэсийн борлуулалт нэмэгдэнэ

Энэ оны 3-р сарын 19-нд Фелпс Додж компанийг 26,3 тэрбум ам доллараар худалдан авч дэлхийн хамгийн том зэсийн хувьцаат компани болсон Фрипорт эхний улиралд 520,3 сая фунт зэс борлуулсан бөгөөд хоёрдугаар улиралд 970 сая фунт зэс борлуулахаар төлөвлөж байгаа юм. Харьцуулбал алтны борлуулалт эхний улиралд борлуулсан 955,900 унцаас буурч 600,000 унц болох юм.

Фрипорт компани эхний улиралд 1,7 сая фунт молибдени борлуулсан бөгөөд Фелпс Доджийн уурхайнуудыг оролцуулан 2-р улиралд борлуулалтаас 17 сая фунт хүргэх төлөвлөгөөтэй байгаа ажээ.

Индонезийн Фрипортын Грасбергийн зэсийн уурхайн ажилчид 4-р сард дөрвөн өдөр ажил хаясан бөгөөд 4-р сарын 21-ний өдөр компани ажилчдын цалинг хоёр дахин нэмэгдүүлэх шийдвэр гаргаснаар уурхайн үйл ажиллагаа хэвийн болсон юм. Гэсэн ч энэ ажил хаялт үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлөөгүй гэж мэдээлжээ.

2007 онд Фрипорт 3,9 тэрбум фунт зэс, 1,9 сая унц алт, 70 сая фунт молибдени борлуулахаар тооцоолж байгаа хэдий ч энэ зорилгоо биелүүлэх эсэх нь ашигт малтмалын үнэ, үйлдвэрлэлийн өргөтгөл ажил, цаг агаар болон бусад хүчин зүйлээс шалтгаална гэж Фрипорт компани мэдэгджээ.

Солонгосын компани никельгүй зэвэрдэггүй ган бүтээжээ

Дэлхийн дөрөв дэх том ган үйлдвэрлэгч Поско компани никелийн үнэ дээд амжилт тогтоосны дараа никелийн орцгүй зэвэрдэггүй гангийн үйлдвэрлэлээ өргөжүүлнэ гэж мэдэгдсэн байна. Поско компани 4-р сард никелийн орцгүй зэвэрдэггүй ганг зах зээлд гаргасан бөгөөд эхний ээлжинд сард хоёр мянган тонныг үйлдвэрлэж ирэх жил гэхэд сард 10 мянган тонныг борлуулна гэж тооцоож байгаа юм. Похангд үйл ажиллагаагаа явуулдаг энэ компанийн бүтээгдэхүүн болох зэвэрдэггүй ганг үйлдвэрлэхэд никелийн оронд хромыг ашигладаг ажээ.

Өнгөрсөн жил никелийн үнэ огцом өссөнөөс болж Поско компанийн зэвэрдэггүй гангийн үнэ дөрвөн удаа өсчээ.

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button