Австрали Улс 4.0 сая долларын буцалтгүй тусламж үзүүлнэ
Хатагтай Жейн Халтон нь Дэлхийн эрүүл мэндийн энэ удаагийн чуулганы Ерөнхийлөгчөөр сонгогдсон бөгөөд хоёр орны сайд нар тавдугаар сарын 15-нд уулзсан юм.
Уулзалтын эхэнд Сайд Д.Туяа, Австрали улс Монголын эмч мэргэжилтнүүдийг төгсөлтийн дараах тэтгэлэгт хөтөлбөрт хамруулснаар ирсэнд талархал илэрхийлээд дэмжлэгээ нэмэгдүүлэхийг хүслээ. Мөн ирэх оноос үзүүлэх 4.0 сая долларын буцалтгүй тусламжийг үр ашигтай зарцуулахыг чухалчлаад Эрүүл мэндийн салбарын мастер төлөвлөгөөнд туссан салбарын хүний нөөцийг дэмжихэд зориулахад анхаарахыг хүслээ.
Сүүлийн жилүүдэд халдварт бус өвчин, осол гэмтэл нэмэгдэж байгаа нь санаа зовох асуудал болоод байгааг сайд Д.Туяа тэмдэглээд эдгээр өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг дэмжих чиглэлээр хамтран ажиллах боломжийг хөндсөн юм.
Хатагтай Жейн Халтон хүсэлтийг харгалзан үзэж, хамтран ажиллахаа илэрхийлээд эрүүл мэндийг дэмжих чиглэлээр Австрали улс баялаг туршлагадаа тулгуурлан мэдээлэл солилцох, мэргэжилтэн ажиллуулах зэргээр туслахаа мэдэгдэв.
Сайд Д.Туяа мөн өдрөө Япон Улсын ЭМХНХ-ын Яамны дэд сайд, Төлөөлөгчийн тэргүүн ноён Нишияама Масанори, ХБНГУ-ын Холбооны ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын орлогч, төлөөлөгчийн тэргүүн Udo Scholten нартай улс уулзаж хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
Сайд Д.Туяа Монгол улсад эмч мэргэжилтэн бэлтгэхэд Герман улс дэмжлэг үзүүлж байдагт талархаад GTZ байгууллагын дэмжлэгтэй төсөл, хөтөлбөр Монголын эрүүл мэндийн салбарт амжилттай хэрэгжиж байгааг тэмдэглэв. Тэрээр гуравдагч шатлалын оношлогооны чадавхийг бэхжүүлэхэд Герман улсын дэмжлэгийг авах хүсэлтэйгээ илэрхийлэв. Ноён Udo Scholten, Монгол улсын зүгээс хамтын ажиллагааны сонирхол, чиглэлээ тодорхойлон хандвал дэмжин ажиллахаа илэрхийлээд клиникийн оношлогоо, эмчилгээний чиглэлээр шинжээчид илгээх боломжтой гэв.
/Оллоо.МН/