БНСУ-ын Yндэсний ассамблейн төлөөлөгчидтэй уулзлаа
Ноён Жөн Жан Сөн, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулан өнгөрсөн жил Парламентын бүлгийнхээ хүрээнд томоохон арга хэмжээ зохион байгуулсан. 2014 оны Өвлийн Олимпыг БНСУ нутагтаа зохион байгуулах хүсэлтэй. Энэ талаар дэмжлэг хүсч байна. Монгол Улстай эдийн засгийн чиглэлээр ялангуяа ашигт малтмалын салбарт хамтын ажиллагаа хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Мөн энэ оны 3 дугаар сарын 19-нд БНСУ-д барилга дээр гал гарах үеэр дөрвөн монгол 11 солонгосчуудын амийг аварсан. Солонгосчууд бид тэдгээр монголчуудад маш их талархаж байна. Үйл явдлын талаар Солонгосын сонин хэвлэл мэдээлж, тэдэнд хууль ёсоор БНСУ-д оршин суух эрх олгосон гэв.
Ерөнхийлөгч Н.Энхбаяр, энэ мэдээг сонссон. Хүнд нөхцөлд хүмүүсийн амь аварсан монголчуудыг маань солонгосчууд дэмжих алхмууд хийж байгаад баяртай байна. Энэ нь хүмүүс хоорондын харилцан ойлголцол, харилцаанд тус дэм болсон сайхан үйл явдал болсон гээд Монгол, Солонгосын харилцааг гүнзгийрүүлэхийн тулд хоёр тал анхаарал тавьж байгааг тэмдэглэлээ.
БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн Ү Юн Гын, Монгол Улсын Төрийн тэргүүний БНСУ-д хийх айлчлал хоёр улсын харилцааг гүнзгийрүүлэхэд ихээхэн ач холбогдолтой болно гээд БНСУ-ын компаниудаас зээл аваад төлөөгүй Монголын компаниудын шалгагдаж буй асуудал БНСУ-аас Монгол улсад хийх хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлж болзошгүйг анхааруулаад, уг асуудал хуулийн дагуу шударгаар шийдвэрлэгдэнэ гэж найдаж байгаагаа илэрхийлэв.
/Оллоо.МН/