Дүүмэдхэн бүсгүйд

Дүрлэн нүдний чинь сормуусанд

Бэх шившиж

Шүлэглэсээр явааг минь уучил

Дүгрэг хаш сарны дор

Өдий хүртэл

Мартаагүй явааг минь уучил

Дүүмэд хонгорхон чамайгаа

Сэтгэлийн угтаа

Хайрласаар явааг минь уучил

Дүү минь ахыгаа уучил

Амрагийнхаа уруулыг амтлахдаа хүртэл

Анисан нүдэндээ чамайг хардгийг минь уучил

Ахыгаа уучил

Ахин дахин нэрээр чинь дуудаж сэрээд

Айхтар хар дарлаа гэж булзааруулдийг минь уучил

Ахыгаа уучил

Дурлал шиг дарс хийгээд

Дарс шиг дурлал хоёрын чинь

Аль алиныг нь

Амталж л явлаа ах чинь

Чамайг харахгүй гэхнээ

Зүүдэнд нисэж үзэгдэх адтай шувуу минь

Чамайг хайрлахгүй гэхнээ

Зүрхэнд хөндүүрлэн ургах эрх цэцэг минь

Ер бусын үзэсгэлэн гоод чинь тэргүүн юугаа бөхийж

Есөн оны цэцэгстэй цуг өлмий дор чинь хагдарлаа

Бие сэтгэлийн буйдыг эзэгнэн суугч хатан хаан минь

Би чамд хайртай шүү уучил намайг дүү минь дээ

Яруу найрагч Дорж-Юндэнгийн Болдхуяг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button