Малаас хүнд халдах таван төрлийн өвчний эсрэг 60 сая төгрөг зарцуулна

Тэгвэл АНУ-ын Хөдөө аж ахуйн яамны санхүүжилтээр Мерси Кор байгууллага өнгөрсөн 2005, 2006 онд Сүү цагаан идээний аюулгүй байдлын аян, мөн ондоо Малын өвчинтэй холбоотой нийгмийн эрүүл мэндийн аянг манай улсад зохион байгуулсан билээ. Энэ удаад Малын өвчинтэй холбоотой нийгмийн эрүүл мэндийн хоёрдугаар аяныг үргэлжлүүлэн зохион байгуулахаар болж байгаа тухай мэдээлэл хийлээ. Нийтдээ 60 сая төгрөгийн төсөвтэй тус аян өнөөдрөөс эхлэн хэрэгжих бөгөөд голчлон хөдөө орон нутгийн малын эмч, малчид, хүүхдүүдэд малын өвчнөөр өвчлөх эрсдэл, хэрхэн халддаг, мал сүрэг болон өөрсдийгөө хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдлэг, боловсрол олгох зорилготой аж. Өвчин малаас хүнд халдахаас урьдчилан сэргийлэхэд дээрх зорилтот бүлгийн хүмүүс илүү чадвартай бөгөөд өөрсдөө ч өвчлөх илүү эрсдэлтэй байдаг байна. Энэ аяныг зорилтот Өвөрхангай, Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говь-Сүмбэр, Ховд зэрэг 11 аймагт хэрэгжих аж.

Орон даяар шувууны томуу, шүлхий, боом, галзуу, бэтгэ өвчний талаарх ерөнхий мэдлэг хангалтгүй байгаа нь Монгол улсын хүн амд аюултай. Иймээс МК, АНУ-ын ХААЯ-ны энэ аян голомттой нөхцөл байдалд өвчний тархалтыг бууруулах, урьдчилан сэргийлэхэд гол анхаарлаа хандуулах юм.

Малаас хүнд халддаг өвчиний давтамж нь ямар байгаа талаар Хөдөөгийн агрибизнесийг дэмжих хөтөлбөрийн ХАА-н ахлах ажилтан Ө.Эрдэнэбилэг ийнхүү тайлбарлаж байна. үideo1Өнгөрсөн 2006 онд Сүү цагаан идээний аюулгүй байдлын аянд 5620 малчин, 13120 хүүхэд, 18 аймгийн зөвлөх, 164 сумын эмч шууд оролцсон байна. Мөн 6200 малчин, 500 шувууны аж ахуй эрхлэгч, 485 малын эмч, 228 багш, 18240 хүүхэд Малын өвчинтэй холбоотой нийгмийн эрүүл мэндийн аянд шууд оролцсон аж. Үндэсний, бүсийн болон орон нутгийн радиогоор аяны материалыг нэвтрүүлсэн, хүүхдийн боловсролын материалыг хөдөө орон нутгийн сургуулиудад тараасны үр дүнд энэ хоёр аянд хөдөө орон нутгийн нийт өрхийн ойролцоогоор 80 хувь, сургуулийн нийт сурагчдын 50 хувь хамрагдажээ. Одоогоор Монгол улсад шувууны томуугаар хүн өвдсөн тохиолдол гараагүй боловч тус орон нүүдлийн зэрлэг шувуудын ихэвчлэн дайран өнгөрөх газар нутаг тул энэ өвчин улирлын чанартай аюул дагуулсаар байх юм. Шувууны томуугийн халдвар авсан хүмүүсийн 50 хувь нь нас барч байгаа учир гэрийн тэжээмэл шувуу, гахай, адуу, хүн халдвар авахаас сэргийлж сонор сэрэмжтэй байх хэрэгтэй юм байна.

Монгол улсад шүлхий өвчний халдвар 2000 онд болон 2006 оны эхээр тус тус илэрсэн. Энэ өвчнөөр салаа туурайт мал амьтан өвчилдөг ба хүн халдварласан тохиолдол хараахан илрээгүй байна. Монгол улсын хувьд санхүүгийн үлэмж хохирол амсах, ялангуяа бүхэл бүтән сүргээрээ хохирох, малын ашиг шим буурах, өвчин гарсан тохиолдолд өвчний дэгдэлтийг хянах, хязгаарлахтай холбогдон гарах зардал өндәр зэрэг нийгэм, эдийн заегийн асар их хохирол учруулдаг өвчин юм. Малчид өвчин дэгдэх голомттой аюултай газар нутагт амьдарч байгаа эсэхээ малынхаа эмчээс асууж, улмаар бүх мал сүргээ вакцинжуулж, туулга хийлгэвэл Монголын хүн амд учрах эрсдлийг далайцтай бууруулна гэж найдаж байгаа аж.

Монгол улсад хүн, малын боом өвчний тохиолдол жил бүр нэмэгдэж байгаа бөгөөд 14 аймгийн 116 сум боом өвчний голомттой. 2006 онд Монгол улсын 23 суманд боомоор өвчилсөн тохиолдол илэрсэн бөгөөд 96 мал үхжээ. Энэ оны эхний 5 сарын байдлаар Завхан, Баянхонгор, Булган, Дорнод, Хөвсгөл, Увс аймагт боомоор өвчилсөн тохиолдол илрээд байна. Мал боомоор өвчлөх нь нэмэгдэж буй шалтгаан нь байгаль, цаг уурын өөрчлөлт нөлөөлөхөөс гадна малын эмч нар олон малтай малчдын мал сүргийг вакцинжуулахыг чухалчилж байгаад мал цөөтэй иргэдийн малыг орхидогт оршдог гэж малчид хэлж байна. Өөрийн болон бусдын амь насанд учрах аюулыг үл тоомсорлон боомоор өвчилж үхсэн байж болзошгүй малын арьсыг өвчих, махыг зарах зэрэг мөнгөтэй холбоотой энэхүү үйлдэл нь хүн боомоор өвчлөх явдлыг нэмэгдүүлж байна.

2006 онд Монгол улсын 27 суманд галзуу өвчнөөр өвчилсөн тохиолдол илэрсэн бөгөөд 87 мал үхжээ. Зэрлэг амьтан, нохойд хазуулсан гэж мэдүүлсэн хүмүүсийн тоо Монгол улсад өсөж байгаа бөгөөд үүний улмаас галзуу өвчний аюул, эрсдэл ихэсч байна. Халдварыг зэрлэг болон тэжээмэл амьтан ялгаагүй тээдэг тул Монгол улсад аюул заналхийлсээр байна. Ялангуяа зэрлэг болон тэжээмэл амьтдыг урьдчилан сэргийлэх арга хэмжээнд сайтар хамруулдаггүй нь үүнд нөлөөлдөг. Хүн галзуу өвчнөөр өвчлөх нь онц аюултай бөгөөд эмнэлгийн тусламж авахгүй, эмчилгээг бүрэн гүйцэд хийлгэхгүй бол 100 хувь үхэлд хүргэх өвчин юм.

Бэтэг нь Монгол улсад нийтлэг тархсан өвчин бөгөөд олон нийт, малчид, ялангуяа халдвар авах хамгийн их эрсдэлтэй бүлэг болох хүүхдүүдийн дунд сурталчилгаа таниулга, судалгаа бага хийгдсэн байдаг. Тиймээс энэ өвчнийг оройтсон шатанд нь ихэвчлэн оношилсноор хүмүүс элэгний бэтгээр өвчилж мэс засал хийлгэх шаардлагатай болдог. Нохой тэжээдэг бүх иргэд нохойдоо жилд дөрвөн удаа туулгалт хийлгэх гэх мэт урьдчилан сэргийлэх энгийн арга хэмжээ авах нь Монголын ард иргэдийг найдвартай хамгаалахад тус дөхөм болох юм.

Т.Од /olloo mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button