АНУ-тай дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойд зориулсан арга хэмжээ болов
Хөдөлмөрийн сайд хэлсэн үгэндээ манай хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааны талаар дурдаж, Ерөнхийлөгч Ж.Бушийн Монголд хийсэн айлчлалыг түүхэн ач холбогдолтой болсон гэж мэдэгджээ. Элчин сайд Р.Болд мөн хоёр талын харилцааны асуудлыг дурдахын сацуу, АНУ-д ажиллаж амьдарч байгаа монгол иргэдийн талаар мэдээлэл өгчээ. Өдөрлөгийн үеэр монгол бүжиг, морин хуурын тоглолт сонирхуулж, тус яамны дотор монгол гэр барьж, Монголын тухай мэдээллийн булан ажиллуулж, цагаан идээ тавагласан байв.
Майк Менсфильдийн дурсгалд зориулсан арга хэмжээг хамтран зохиов
Вашингтон дахь манай ЭСЯ Монгол Улсыг АНУ-ын засаг захиргаагаар хүлээн зөвшөөрүүлэх талаар идэвхтэй ажиллаж байсан Конгрессын гишүүн, сенатч, Элчин сайд Майк Менсфильдийн дурсгалд зориулсан арга хэмжээг хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойн хүрээнд 5 дугаар сарын 17-нд Майк Менсфильдийн Сантай хамтран зохиожээ. Тус сангаас зохион явуулсан чөлөөт ярилцлагад Монгол Улс, АНУ-ын харилцаа болон Монголын өнөөгийн улс төр, эдийн засгийн байдлын талаар Элчин сайд Р.Болд, М.Минтон нар мэдээлэл хийж, оролцогсдын сонирхсон асуултад хариулсан байна. Элчин сайд Р.Болд хоёр орны Иж бүрэн түншлэлийн харилцаа болон энэхүү хамтын ажиллагааны цар хүрээг тодорхойлсон баримт бичиг байгуулахын ач холбогдлыг тэмдэглэн ярьж, Япон Улстай хөгжүүлж буй Иж бүрэн түншлэлийн харилцаатай адилтгав. Элчин сайд М.Минтон АНУ-ын ЭСЯ-наас Монголд хэрэгжүүлж буй төслүүдийн талаар мэдээлэв. Мөн АНУ-ын Конгрессын ордны Менсфильдийн нэрэмжит танхимд хүлээн авалтыг ЭСЯ-наас хийж, 100 орчим хүн тэдгээрийн дотор сенатч Тед Стивенс, Төлөөлөгчийн танхимын гишүүн Жоу Уилсон, Дана Рорабейкер нар оролцжээ. Хүлээн авалтад ноён Стивенс, Рорабейкер нар товч үг хэлж Америкий, Монголын харилцааг өндөр үнэлсэн байна.
Монгол судлалын анхдугаар бага хурлыг Вашингтон хотноо зохион байгуулав
АНУ-д суугаа Монголын ЭСЯ, Америк дахь монгол иргэдийн байгуулсан Монгол соёлын Соёмбо төв хамтран 5 дугаар сарын 19-нд Монгол судлалын анхдугаар бага хурлыг Вашингтон хотноо зохион байгуулжээ. Бага хурал эх хэл, түүх, соёл, ёс заншил, урлагаа сурталчлах, АНУ-д оршин суугаа монгол иргэдийг ойртуулан нэгтгэх, монгол судлалын болон урлаг соёл, эрдэм судлалын чиглэлээр ажилладаг байгууллага, хувь хүмүүсийг хөхиүлэн дэмжих, ажил үйлсийг нь таниулахад чиглэсэн бөгөөд Элчин сайд Р.Болд нээж хэлсэн үгэндээ Монгол, АНУ-ын харилцаа, соёл боловсролын салбарын хамтын ажиллагааны сүүлийн үеийн байдал, АНУ- дахь монгол судлалыг хөхиүлэн дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар хөндөж ярив. Түүх, Урлаг соёл, гэр бүл, Хэл шинжлэл гэр бүл сэдвүүдээр салбарлан хуралдсан тус бага хуралд АНУ-ын их, дээд сургуулиудад ажиллаж буй эрдэмтэн судлаачид, Монголын нийгэмлэгийн удирдлага, Вашингтон хотын Арлингтон дүүргийн монгол сургуулийн багш нар, Вашингтон болон бусад зарим хот дахь монголчуудын холбоодын төлөөлөл, хувь иргэд сэхээтнүүд зэрэг 50 орчим хүн урилгаар оролцож 10 гаруй илтгэл сонсч нэг өдрийн турш санал бодлоо солилцсон байна. Бага хурлын үеэр монголын номын худалдаа, зураач Цолмонгийн бүтээлийн бэсрэг үзэсгэлэнг ажиллуулжээ. Цаашид бага хурлыг АНУ-ын бусад муж, хотуудад уламжлал болгон зохион байгуулах, илтгэлүүдийг эмхэтгэн хэвлэхээр тогтжээ. Тэрчлэн манай иргэдийн анхаарлыг татаж буй Цагаачлалын хуулийн шинэчлэл гэх мэт сэдвээр хэлэлцүүлэг зохиох зэрэг саналыг оролцогчид дэвшүүлсэн байна. Бага хуралд оролцож илтгэл хэлэлцүүлсэн эрдэмтэд судлаачдыг хүндэтгэн Элчин сайд өргөөндөө хүлээн авалт хийжээ.
/Оллоо.МН/