Ази Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын 63 дугаар чуулган Алматы хотноо эхэллээ
Тус чуулганд Монгол Улсын төлөөлөгчдийг тэргүүлэн оролцож буй Засгийн газрын Шадар сайд М.Энхсайхан АНД-н бүс нутагт Мянганы хөгжлийн зорилтууд (МХЗ)-ыг хэрэгжүүлэх нь сэдэвт Комиссын 60 жилийн ойд зориулсан өндөр хэмжээний уулзалтад оролцож, Монгол Улсын МХЗ-ын хэрэгжилтийн талаар илтгэл тавив.
Шадар сайд илтгэлдээ, МХЗ-ыг хэрэгжүүлэх талаар төр, засгаас авч хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээ, ололт амжилтын талаар мэдээлэхийн зэрэгцээ тулгарч буй хүндрэл бэрхшээлийн тухай ярьж төлөөлөгчидтэй санал солилцсон байна. Тэрбээр Монгол Улс МХЗ-аа хэрэгжүүлэхдээ хэрэгцээний үнэлгээ хийж, төр, засаг, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд гээд бүх талын оролцоог хангах болон улс орныхоо нийгэм, эдийн засгийн асуудлуудыг шийдвэрлэхдээ өөрсдийн хүч бололцоогоо бүрэн дайчлах талаар ажиллаж байгаагаа онцлон тэмдэглэв.
Манай төлөөлөгчдийн тэргүүн Ази, Номхон далайн бүс нутагт МХЗ-ыг хангах Мөрийн хөтөлбөрийг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Мөрийн хөтөлбөрт чадавхийг бэхжүүлэх, мэдлэг түгээх, туршлагаа хуваалцах,дотоод, гадаадын санхүүгийн эх үүсвэрийг дайчлах, МХЗ-ын ач холбогдлыг сурталчлах, таниулах, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлийн асуудлуудыг тусгасан болно.
Комиссын Гүйцэтгэх Нарийн бичгийн дарга Др. Ким Хаксу Монгол Улс МХЗ-ыг хэрэгжүүлэх талаар онцгой анхаарал тавьж ажиллаж байгаа орон хэмээн өндөр хэмжээний уулзалт дээр хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэсэн байна.
Мөн өдөр Шадар сайд М.Энхсайханыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Др.Ким Хаксу хүлээн авч уулзжээ.
Чуулган 23-нд өндөрлөнө гэж Гадаад хэргийн яамны Хэвлэл мэдээллийн хэлтсээс манайд мэдээллээ.
/Оллоо.МН/