Иргэд газраа ашиглан амьдралаа дээшлүүлж чадахгүй байна

Бага хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр оролцож газрын шинэчлэлийн тулгамдсан асуудлаар үг хэллээ.

Ерөнхийлөгч Н.Энхбаяр хэлэхдээ Монгол Улсын Төрийн тэргүүн миний бие бодлого үйл ажиллагааны хөтөлбөртөө Монгол Улсын иргэд газраа өмчлөн эдийн засгийн эргэлтэнд идэвхтэй оруулах эрх зүйн орчинг боловсронгуй болгох, бэлчээр, тариалангийн газрыг зохистой ашиглах асуудлаар зөвлөмж чиглэл гаргаж, дэмжлэг үзүүлж ажиллахаар тусгасны дагуу энэ оны 5 дугаар сард газрын шинэчлэл, байгаль хамгааллын асуудалд түлхүү анхаарал хандуулж, энэ ажлын хүрээнд газрын шинэчлэлийн бодлогын хэрэгжилт, газар өмчлөлийн явц байдал, хүндрэл бэрхшээл, тулгамдаж буй асуудлын талаар ард иргэд, эрдэмтэн мэргэдийн санаа бодлыг сонсох хэлэлцүүлэг, ярилцлага, нэвтрүүлэг хийж байгааг Та бүгд хэвлэл мэдээллийн хэрэгслээр үзэж сонсож, уншиж мэдсэн гэдэгт эргэлзэхгүй байна.

Миний бие 2000-2004 онд Монгол Улсын Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байхдаа газрын шинэчлэлийн бодлогыг Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийн нэгээр тодорхойлж, газрын харилцааны шинэчлэлийг эрчимжүүлэх бодлогын зорилтын хүрээнд нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжин иргэдийн амьдрал ахуйг өөд татах, газар өмчлөх, түүнийг эдийн засгийн эргэлтэнд оруулах замаар нийгмийн баялаг бүтээхэд чиглэсэн тодорхой ажлууд хийгдэж, эхний бодит үр дүн гарч, түүний үр шимийг ч ард иргэд мэдэрч эхэлсэн билээ.

УИХ 2002 онд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль баталсан нь улс орны хөгжил дэвшил, ард иргэдийн маань ахуй амьдралд чухал ач холбогдолтой түүхэн үйл явдал болсон юм. Энэ шийдвэр гарах үед улс орны аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд аюул учирч болзошгүй тухай зарим хүн ярьж байсан. Энэ хууль хэрэгжиж эхэлсэнээс хойш өнгөрсөн хугацаанд дээрх болгоомжлол үндэсгүй зүйл байсан нь батлагдлаа. Харин түүхэндээ анх удаа газар хэмээх ихээхэн үнэтэй өмчийг иргэддээ үнэгүй шилжүүлсэн нь ерээд оны эхнээс өрнөсөн их өөрчлөлтийн үйл явц эргэлтгүй болсоныг баталгаажуулсан юм.

2003 оны 5 дугаар сарын 1-нд Монгол Улсын иргэнд түүхэндээ анх удаа газар өмчлүүлж эхэлсэн тэр өдрөөс хойш энэ оны 5 дугаар сарын 1 хүртэлх 4 жилийн хугацаанд 155000 гаруй иргэд гэр бүлийн хэрэгцээнд зориулан газраа өмчлөн авсан гэсэн тооцоо судалгааг манай мэргэжлийн байгууллага гаргасан байна.

Өөрөөр хэлбэл 2006 оны эцсээр бүртгэгдсэн манай улсын 632000 өрхийн 25 хувь нь газраа өмчлөн авч, үл хөдлөх хөрөнгөтэй болсон гэсэн үг. Иргэдийн өмчилж авсан газрыг одоогийн мөрдөгдөж буй эрхзүйн баримт бичиг, үнэлгээгээр тооцож үзэхэд 500 гаруй тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө ард иргэдийн маань өмчлөлд шилжиж, энэхүү үл хөдлөх хөрөнгөө ашиглан амьдрал, ахуйгаа өөд татах бодит боломж бий болжээ. Харин манай иргэд энэхүү бодит боломж, давуу талаа хэр зэрэг ашиглаж, газраа эдийн засгийн эргэлтэнд оруулж, амьдрал ахуйгаа өөд татаж байна вэ? гэвэл тийм ч сайн дүр зураг тэр бүр харагдахгүй байна. Иргэд маань өмчилж авсан газраа үл хөдлөх хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгүүлж, хууль ёсны өмчлөгч болохоо нотолж, баталгаажуулснаар сая өмчийн газраа эдийн засгийн эргэлтэнд оруулах эрхзүйн үндэс бүрдэх учиртай. Гэтэл газраа өмчилж авсан 155000 иргэдийн дөнгөж 20000 орчим нь л өмчилсөн газраа үл хөдлөх хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгүүлсэн байх жишээтэй. Ийм учраас миний бие бүртгэл мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгох талаар нэг биш удаа ярьж, өнгөрсөн оны сүүлчээр үндэсний хэмжээнд дугуй ширээний ярилцлага зохион байгуулсныг Та бүгд сайн санаж байгаа биз ээ.

Монгол Улс иргэддээ газар өмчлүүлж байгаагийн гол зорилго нь иргэдээ үл хөдлөх хөрөнгөтэй болгож, тэдний амьдрал ахуйг өөд татахад нь бодит дэмжлэг үзүүлэхэд чиглэж байгаа учраас нэг талаас төр засаг, салбарын яамд, агентлаг, аймаг, орон нутгийн удирдлага, нөгөө талаас ард иргэд маань өмчилж авсан газраа эдийн засгийн эргэлтэнд оруулах тал дээр хаана хаанаа анхаарч, илүү идэвх санаачилга, хичээл зүтгэл гаргаж ажиллах нь газрын шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх ажлын эрх ашигт илүү нийцнэ.

Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас гаргасан албан ёсны мэдээгээр бол 3000 орчим иргэн өмчилж авсан газраа арилжааны банкуудад барьцаалж зээл авсан байна. Энэ нь хэдийгээр хангалттай үзүүлэлт биш боловч иргэд маань газрыг эдийн засгийн эргэлтэд оруулж эхэлж байгаа, түүний үр дүнг нь үзэж, мэдэрч байгаа анхны бодит алхам гэдэг утгаараа чухал ач холбогдолтойг бид үгүйсгэж болохгүй.

Манай иргэд өмчилж авсан газраа эдийн засгийн эргэлтэнд оруулна гэдгийг зөвхөн арилжааны банкинд барьцаалж зээл авах төдийгээр хязгаарлаж болохгүй бөгөөд энэ нь тухайн газарт хөрөнгө оруулалт нэмэгдэх, газрын үнэ өсөх, газрын өгөөж, үр шимийг хүртэх, улмаар газар өмчлөгч нь газраа өөр иргэдэд гэрээгээр эзэмшүүлэх, ашиглуулах зэрэг нэлээд өргөн хүрээтэй ойлголт гэдгийг ард иргэдэд ойлгуулах, тэдэнд тусалж дэмжих, улмаар газрын шинэчлэлтийг эрчимжүүлэх тал дээр салбарын яам, агентлаг, мэргэжлийн байгууллага онцгой анхаарч, илүү идэвх санаачилгатай ажиллах хэрэгтэй байна.

Газрын шинэчлэлийг эрчимжүүлэхийн тулд юуны өмнө газрын харилцааны эрхзүйн орчинг улам боловсронгуй болгох бодит шаардлага амьдралаас урган гарч байгааг ухаалгаар мэдэрч, холбогдох эрхзүйн зохицуулалтыг хийж өгөхийг ард иргэд биднээс хүсэн хүлээсээр байгаа нь тодорхой.

Монгол Улсын Төрийн тэргүүн миний бие Монгол Улсын иргэн бүрт газар өмчлүүлэх тухай санал дэвшүүлсэнийг та бүгд мэдэж байгаа бизээ. Энэ нь газрын шинэчлэлийг цааш эрчимтэй гүнзгийрүүлэхэд зайлшгүй хийх алхам мөн гэдэг нь ойлгомжтой. Энэ талаар Засгийн газрын болон УИХ-ын зарим гишүүд тодорхой санал дэвшүүлдэгийг ч анхаарах хэрэгтэй.

Монгол Улсаас иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиар бол иргэдэд үнэгүй, давуу эрхээр, дуудлага худалдаа гэсэн 3 хувилбараар гэр бүлийн хэрэгцээний болон аж ахуйн зориулалтаар газрыг өмчлүүлэхээр хуульчилсан байдаг ч сүүлийн үед иргэдэд эрхийн бичгээр газар өмчлүүлэх хувилбарыг зарим хүмүүс ярьж, сурталчилж байгааг ч мөн судалж, нэг мөр болгож, нэгдмэл ойлголтонд хүргэх хэрэгтэй гэж үзэж байна.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрйн нэгжийн өөрчлөлтийн тухай асуудал яригдаад багагүй хугацаа өнгөрч байна. Энэ ажил удааширч байгаагаас иргэдэд хүлээлт, болгоомжлол бий болсон нь эргээд газар өмчлөлийн явц саарч, удаашрахад нөлөөлж байгаад дүгнэлт хийж ажиллах хэрэгтэй байна.

Манай улсын иргэд түүхэндээ анх удаа өөрийн өмчийн газартай болж, газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагч гээд хэд хэдэн субъектүүд бий болж байгаа учраас газрын мэдээллийн нэгдсэн системийг улсын хэмжээнд бий болгож, энэ мэдээллийг ард иргэд, аж ахуйн нэгж, албан байгууллагын тогтмол хэрэглээ болгон хэвшүүлэх тал дээр холбогдох яам, агентлаг анхаарч, идэвх санаачилгатай ажиллахыг зөвлөж хэлье. Газрын шинэчлэлийн зорилго зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн хийх ажил, авах арга хэмжээ, шаардагдах хөрөнгө санхүүгийн хэмжээг бүхэлд нь тусгасан газрын шинэчлэлтийн хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх асуудлыг ч Засгийн газар судалж үзэх хэрэгтэй гэж үзэж байна.

Газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулах нөхцөл бололцоо, түүний үнэлгээний механизмыг бий болгох, газарт суурилсан дэд бүтэц, орон зайн мэдээллийн систем, газар, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн нэгдсэн тогтолцоо бий болгох, иргэн бүрт газар өмчлүүлэх боломж, газар төлөвлөлтийн бодлогоор их бүтээн байгуулалт, ажлын байр нэмэгдүүлэх болон бүхэлдээ газрын шинэчлэлийг эрчимжүүлэхэд өнөөдрийн бага хуралд оролцож буй УИХ, Засгийн газрын гишүүд, эрдэмтэн мэргэд Та бүгд үнэтэй санал бодол, зөвлөмж чиглэл өгнө гэдэгт гүнээ итгэж байна.

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button