Бэрлэгийн хорихын хяналтын тусгай прокурор асан улсын начин Улаан М.Мижиддорж Хадаа аварга бол ерөөсөө хэлмэгдчихсэн юм
Уг нь түүний мэргэжил хуульч, Зүүнхараагийн Бэрлэгийн хорих ангид прокурор явсан хүн. Энд ажиллаж байхдаа тэрбээр Хадбаатар аваргад өгөөмөр сэтгэлээр тусалж байсан аж.
-Хадаа аварга та хоёр адилхан бөхчүүд учраас эртний найзууд байсан байх?
-Хадаа, Цэрэнтогтох аварга, Цэнд-Аюуш заан бид хэд бол нэг оны цэргүүд. Алдар-т л ноцолдож явлаа. 1972 оны наадмын өмнө бид армийн аваргаар зодоглоход би цэргийн арслан цол авсан. Харин Хадаа, Цэрэнтогтох хоёр улсын наадамд сайхан барилдаад хоёулаа улсын начин болж байсан. Миний хувьд үеийнхнээсээ их хожуу улсын цолонд хүрсэн дээ.
-Хэдэн онд цол авсан бэ?
-1983 оны наадмаар дөрөв даваад ойчсон. Тэгээд хойтон нь Дамдин аваргаар тав давж улсын начин болж байлаа.
-Та аль нутаг вэ?
-Увсын Завхан сумынх аа.
-Хадаа аваргыг нэг ялтанд хутгалуулчихаад байхад нь та гэртээ аваачаад айхтар буруудах шахсан гэв үү?
-Хадааг сүүлийн удаа аав-ынд ороод байхад би хариуцсан хяналтын тусгай прокурор нь байсан юм. Би Хадаагаа дандаа эргэнэ. Нэг удаа хамт байсан хоригдолтойгоо ам мурийхад цаадах нь хутгалчихаж. Хариуд нь Хадаа нөгөө нөхрийг арай ширүүдүүлчихсэн юм байж. Тэгэхэд нь би Хадааг байрандаа аваачиж хоол цай өгөөд хонуулсан юм. Хадаагийн хавирга лут өргөн юм билээ. Хутга маханд нь орсон мөрт хавирганд нь тээглээд цаашаа ороогүй байсан. Гэтэл өглөө нь сүйд болдог юмаа.
-Яасан гэж?
-Манай хорихын дарга хурандаа Нацаг Улаан Мижиддорж Хадааг оргуулаад явлаа гэж Улсын прокурор Гүнсэн рүү утасдаад Дээд шүүх, НАХЯ, Прокурор, АИХ-аас шалгалт хүрч ирсэн. Би ч ажлаас хөөгдөх нь тодорхой болчихож байгаа юм. Уг нь би ажил танилцуулах учиртай хүн шүү дээ. Гэтэл миний өмнөөс ондоо хүн ажил танилцуулсан. Ингээд шалгалтын дүнгийн хурал боллоо. Би ч тэнд ороод л суулаа. Тэгсэн шалгалтын комиссыг ахалсан УИХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ц.Готов гуай Энэ колонийн прокурор нь сайн ажилладаг юм байна. Хэн хийдэг вэ гэж асуувал улсын прокурор Гүнсэн Мижиддорж гэдэг нөхөр хийдэг боловч дэг журам ноцтой зөрчсөн тул ажлаас нь халж байгаа гэлээ. Готов дарга Тэр Мижиддорж хэн бэ, бос гэхээр нь би бослоо. Тэгсэн Готов гуай Өө, энэ чинь улаан Мижиддорж байна шүү дээ. Сайн барилддаг залуудаа,чи чинь цэргийн арслан байх аа гэлээ. Тэр үед би улсын начин болоогүй байсан. Готов гуай хэлж байнаа. Том цолтой бөхөө ядарч явах үед жижиг бөх нь жаахан харж үзсэн юм биш үү. Энийг чинь сүйд болгох хэрэг байгаа юм уу, Гүнсээн гэснээр би халагдах аюулаас мултарсан даа. Захиргаадалтын үед төр засгийн удирдлагад байсан цөөвтөрхөн гэгээтэй хүний нэг нь энэ Готов гуай байсан даа.
-Хадаа аварга үнэхээр гэмт хэрэг хийчихсэн хүн мөн юм уу?
-Хуульч, прокурор хүний хувьд би бололцоог ашиглаад Хадаагийн бүх хэрэгтэй танилцсан. Гурван хэрэг нь бүгд нотолгоо байхгүй. Ерөөсөө л хэлмэгдчихсэн юм билээ. Хадаа чинь өчиг өгч ч чаддаггүй дэндүү цайлган, хүүхдээрээ хүн байсан даа. Олны хайрыг хэтрүүлчихсэн гэхэд ч хаашаа юм. Ер нь манайхан нэгийгээ хайрлаж байгаа нь гээд архиар дайлдгаа болих хэрэгтэй.
Монголчуудын амьдрал