Яруу найрагч Д.Банзрагч агсны гэргий Д.Цэнджав Миний ханиас өөр эхнэртээ бичсэн шүлгээрээ ном гаргасан найрагч байхгүй

Түүний зохиосон Сүүдэр цармын цэцэг, Монгол далай, Жирмийн цагаан нуур, Хоёр буурал эгч зэрэг дуунуудыг аялдаггүй монгол хүн байхгүй гэхэд хилсдэхгүй, түүн шиг Хул азаргатай адуу хэмээх дан адууны тухай шүлэг, яруу найргаас бүрдсэн ном бүтээсэн нэгэн одоогоор гараагүй л байна. Ид бүтээж туурвих насандаа хорвоогоос хальсан энэ найрагч бусдын төлөө гэсэн сэтгэлтэй, дөлгөөн тайван зантай нэгэн байж. Бид нэрт яруу найрагчийн хань Цэнджавыг нилээд хайсны эцэст олж уулзаж хөөрөлдлөө.

-Таны хань Сүүдэр цармын цэцэг дуугаа танд зориулсан гэдэг?

-Миний хань надад зориулж олон шүлэг бичсэн хүн. Эхнэртээ зориулж бичсэн шүлгээрээ ном гаргасан найрагч ер нь байхгүй байх шүү. Амьддаа жинхэнэ хайрын минь билэг тэмдэг болж үр ачдаа үлдээнэ гээд номоо гаргасан юм.

-Ямар үед зохиол бүтээлээ туурвидаг байв?

-Зориудаар цаг гаргаад шүлэг бичнэ гээд суухгүй л дээ. Яруу найраг бол сэтгэл зүрхний дуудлагаар гэнэт илэрдэг болохоор баярлах гуних үед илүү их орж ирдэг гэдэгсэн. Харин үргэлжилсэн үгийн зохиол юмуу дуурийн цомнол дээр нилээд суудаг байсан. Үүлэн цөл романаа нилээд нухаж байж бичсэн.

-Та хоёр анх яаж танилцсан бэ?

-Би 17-хон настайдаа ханьтайгаа учирсан. Банзай маань тэр үед дөнгөж 20 шүргэж телевизэд зураачаар ажиллаж байсан үе. Ангийн маань залуу биднийг танилцуулсан. Кино үзэж хөтлөлцөж гүйсээр гэр бүл болж байлаа. Олон охидоос шилэгдсэн азтай охиндоо гээд л цаашлуулдагсан. Бид хоёр гуч гаруй жил жаргал зовлонгоо хуваалцаж амьдарсан.

-Хэдийгээр өнөөдөр та зовлон үзсэн ч жаргалтай байсан он жилүүд дийлэнх нь байсан байлгүй?

-Тэгэлгүй яахав дээ. Хорвоод зовлон жаргал ээлжилдэг хойно. Хүн болгонд ээлжилж ирдэг зовлон надад дайрсан ч үлдсэн үр ачаа бодоод сөрж амьдрахаас аргагүй. Гэвч бидэнд ирсэн хагацал дэндүү эрт.цаг бусаар тохиолдсонд харамсаад баршгүй. Тэдний хийж амжаагүй бүхнийг гүйцээх үр хүүхдийг нь сайн хүн болгож хүмүүжүүлэх, боловсролтой болгох үүрэг ноогдож байна.

-Монголд эцэг хүү хоёр яруу найрагч ховорхон. Хүүгийн чинь бичсэн олон шүлэг нийтэд түгэн дуу болсон?

-Миний хүү өдрийн од шиг харваад, богинохон насалсан ч олон сайхан шүлэг үлдээсэн. Аав нь хүүгээрээ их бахархдаг байлаа. Никитон хамтлагийн олон дууны шүлгийг бичсэн дээ. Хүүгийнхээ шүлгүүдийг эмхэтгээд нэг сайхан ном гаргах санаатай явна.

-Танайхаар олон уран бүтээлчид цуглардаг. Зарим нь бүр өөрийн хүүхэд шиг байрладаг байсан гэлцдэг?

-Манайхаар зохиолч, яруу найрагчид, зураачид их ирнээ. Ялангуяа П.Пүрэвсүрэн, Н.Нямдорж, Ш.Сүрэнжав нар байнга ирдэг байсан. Талийгаач Болд-Эрдэнийн нэг гэр нь байлаа. Яруу найрагч Уянга гээд шүлэг бичдэг залуучууд багшаа гээд л шөнө ч гэсэн хаалга цохиод л ирнэ. Тэд маань цэл залуугаараа л явчихсан. Авъяастай хүмүүс богинохон наслах юм даа. Санаанаас гардаггүй нэг дурсамж байдаг юм. Нэг өвөл Явуухулан гуай манайд ирлээ. Тэр үед манайх гэрт байсийм. Хоночихоод өглөө нь гутлаа хайгаад олдоггүй. Бид ч санаа зовоод хамт хайлаа. Тэгсэн орж ирэхдээ үүдний амбаарт тайлчихсанаа мартчихсан байж. Байрны хүн болохоор соёлтой байхгүй юу. Та яаж байгаа юм бэ гэхэд цас шавхайтай гуталтай яаж айлд орохов дээ гээд инээж байж билээ.

-Нөхрийнхөө ямар дуу шүлгэнд дуртай вэ?

-Бүх уран бүтээлийнх нь анхны уншигч, зөвлөгч шүүмжлэгч нь байлаа. Гэхдээ өөртөө зориулсанд нь илүү дуртай. Сүүдэр цармын цэцэг, Дөлгөөн хайрхан гээд олон дуугаа надад зориулсан даа. Миний хань чинь айлын отгон хүү. Хоёр сайхан эгч, ах нь одоо энх тунх амьдарч байна. Хоёр эгчдээ зориулж сайхан дуу хийснийг нь УГЖ Энхзул дуулсан. Нэгэн том зохиолч Банзайгаас өөр эгчдээ зориулж дуу хийсэн яруу найрагч байхгүй шүү гэж байлаа.

-Яруу найрагчдаас хамгийн олон тоглолт хийсэн гэлцдэг юм билээ?

-Тийм байх шүү. Бие даасан тоглолтоо дөрвөн удаа хийсэн. Яруу тунгалаг үг аялгуутай олон сайхан дууг нь ард түмэн сонсох дуртай болохоор зритель дүүрэн л үздэг юм. Би энэ намраас хань, хүү хоёрынхоо дуунуудаар нэг сайхан тоглолт хийж номыг нь гаргах бодолтой явна. Олон сайхан уран бүтээлчид тусалж дэмжих байх гэж итгэж байгаа шүү. Миний хань ханилсаар, хайрласаар, урссаар, уйлсаар нартаас дэндүү эрт буцсан даа. Бие нь үгүй ч Бүтээл нь мөнх орчлонд Би бүхнийг нь үргэлжлүүлж амьдрахаас яахав дээ.

-Ярилцсанд баярлалаа.

Н.Удвал

Монголчуудын амьдрал

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button