МАХН-ын удирдах зөвлөлийн хэлэлцүүлэгт орох хүмүүсээ цөөл гэсэн ч эсрэгээр улам олон байна
Эхний удаад тэд намдаа тав, таван саяыг тушаах ёстой. Үүнийгээ ч биелүүлжээ. Эхний ээлжинд АН-ын ҮЗХ-ны гишүүн 80 гаруй хүн мөнгөө тушааснаар тус намын дансанд 400 гаруй сая төгрөг төвлөрчээ. АН-ын УИХ-д нэр дэвших хүсэлтнүүдийн дунд одоо УИХ-д сууж байгаа 25 гишүүнээс гадна тус намын лидер гэгдэгчид бүгд багтжээ. Мөн шинээр улстөрд орж ирэгсэд ч цөөнгүй байгаа гэнэ. Тэгвэл МАХН-ынхан ирэх жилийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах хоёр дахь удаагийн хэлэлцүүлгээ тун удахгүй явуулах гэж байна.
Хэлэлцүүлэг хаяанд ирээд байхад С.Баяр дарга хаачив аа
МАХН-ын цагаан ордон, төр засгийн саарал ордноор намынхаа ерөнхий нарийн бичгийн даргыг муучлах үг яриа дэлгэрч тархсаар байна. С.Баяр даргыг сүүлийн үед ажилдаа алдаг оног ирэх болсон хэмээн тэд ярих болжээ. Үүний шалтгаан нь тэрбээр нэлээд хүнд өвчилсөнтэй холбоотой бололтой. Түүнийг намын удирдлагад ирсэнд талархалтай байсан намын аппаратын нөхөд нь ийн муучлах болсон ч түүнийг МАХН-ыг дахин хүчирхэг болгоно гэдэгт итгэх хүмүүс ч бий аж. С.Баяр л МАХН-ын дарга байх естой гэсэн мессежийг байнга нисгэдэг тэдгээр хүмүүс нь Уламжлал, шинэчлэл, ардчилал шударга ёс жигүүрийнхэн гэнэ. Мөн удахгүй болох хэлэлцүүлэг будилвал түүнийг зохицуулж чадах хүн нь С.Баяр хэмээн тэд үздэг байна.
Англиас хүртэл нэр дэвшүүлээч хэмээн утасдах болжээ
МАХН-ын удирдлага, Удирдах зөвлөлийнхөө шийдвэртэй нэр дэвших хүсэлтнүүд нь нэг л эвлэрч чадахгүй байгаа гэнэ. Сонгуульд нэр дэвшиж л байвал гэсэн сэтгэлгээтэй нөхдүүд аймаг, хотын намын хороодоор эргэлдэн, анхан шатны байгууллагууддаа хандив өргөж байгаа ба сонгогч олны саналыг татахаар мөнгийг баруун солгойгүй цацаж байгаа аж. Гадаадад элчин сайдаар сууж байгаа эсвэл сурч, ажиллаж байгаа зарим хүн ч нэр дэвших хүсэлтээ ичиж зоволгүй илэрхийлэх болжээ. Нэгэн цагт Сангийн сайдын алба хашиж явсан Англи дахь Монгол улсын элчин сайд С.Даваасамбуу гэхэд л нэрээ дэвшүүлэхийг хүсэж Завхан аймгийн МАХН-ын хорооны утсыг амраахгүй байгаа сурагтай.
Ирэх сонгуульд хэрхэн оролцох нь хэлэлцүүлгийн үр дүнгээс шалтгаална
Тус нам дахь ээлжит хэлэлцүүлгийн үр дүнгээс шалтгаалж хэвлэлүүдээр гарч буй МАХН-ын нэрийг солих эсэх намын дотоод жигүүр, хөдөлгөөнүүд татан буугдах эсвэл үйл ажиллагаагаа улам эрчимжүүлэх эсэх нь тодрох болно гэдэгт ч итгэх хэрэгтэй гэнэ. Хэлэлцүүлэг хичнээн их хэл ам, маргаан будилаан дагуулна, тэр хэмжээгээр МАХН-ын рейтинг улам унана гэдгийг улстөрийн ажиглагчид хэлж байгаа юм. МАХН-ын энэ удаагийн хэлэлцүүлгийн үр дүнгээс ирэх жилийн сонгуульд тус намын хэрхэн оролцохыг тольдож болох аж. Ийм хариуцлагатай үе тулж ирээд байхад. МАХН-ын нийслэлийн намын хорооныхон эв нэгдэлгүйгээ харуулсан нь жирийн гишүүдийнх нь эгдүүцлийг хүргэсэн тухай ч ярих болж.
Хэлэлцүүлэгт 9 хүн оруулж байсан намын хороо 15 болгож өсгөжээ
Өнгөрсөн жил МАХН-ынхан УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах анхны хэлэлцүүлгээ явуулахад хоёр зуун гуч гаруй хүн сунгаанд оролцсон. Сум, хороо, дүүрэг, аймаг хотын намын хороод нэр дэвшүүлэх боломжтой хүмүүсээ тодруулсаар дээрх тоонд хүрсэн гэдэг. Нэг аймаг дунджаар 7-9 хүний нэрийг дэвшүүлж намын жирийн гишүүдийнхээ саналыг авсан. Уг хэлэлцүүлгээр МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга С.Баяр эхний байранд орсон бол намын дарга нэлээд хойгуур орсон. Тухайн үед хэлэлцүүлэг тойрсон хэл ам их байсан юм. Намын жирийн гишүүдээс өндөр санал авагсдыг аймаг, дүүргийн намын хороодын дарга, удирдлагууд нь дарж өөрсдийгөө урдуур нь дайруулснаас тийн хэл ам гарч байлаа. Энэ удаа хоёр дахь хэлэлцүүлэг улам ч их хэл ам дагуулах бололтой. МАХН-ын Удирдах зөвлөлөөс анхан шатны үүр хорооддоо энэ удаагийн хэлэлцүүлэгт өнгөрсөн оны хэлэлцүүлэгт орсон хүний тоог цөөлж оруулах үүрэг өгчээ. Гэвч сонгуульд нэр дэвшигч тодруулах хэлэлцүүлгээс нэрээ татах хүн олдохоо больж бүр нэмж нэрээ бичүүлэгсэд олширчээ. Жишээлэхэд, Завхан аймагт өнгөрсөн жил 9 хүн хэлэлцүүлэгт орсон бол энэ жил 15 хүн болж зургаан хүн нэмэгдээд байна. Эндээс гаргалгаа хийгээд үзэхээр МАХН-ын ээлжит хэлэлцүүлэгт 300 гаруй хүн нэрээ өгч байна гэсэн үг.
Монголчуудын амьдрал