Д.Туяа сайд монголд иж бүрэн оношилгооны төв байгуулах солонгосын сая, сая долларын төслийг зогсонги байдалд оруулчихаад…

Гэхдээ түүний үед Эрүүл монгол хүн хөтөлбөрийг Засгийн газар гаргасан. Харин уг хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээгүй. Л.Гүндалайг Ерөнхий сайдын саналаар огцруулж Д.Туяа шинээр ЭМ-ийн сайд болсон Ш.Отгонбилэг агсны гэр бүл тэрбээр талийгаачийнхаа оронд УИХ-д тойргоос нь хоёронтоо сонгогдоод байгаа нэгэн. Энэ сайдын үед Эрүүл монгол хүн хөтөлбөр хэрэгжиж эхэлж байгаа ч сайдын зарим үйлдэл нэг л ойлгомжгүй байдлаар явагдаж байна. Хадагтай сайд ОХУ-ын Эрхүү хотод оччихсон эндхийн эмнэлэг чинь оношилгоо сайтай, тэгээд ч Хөх хот, Бээжингийнхээс хямд үнэ тарифтай юм байна гэж реклам-даж зогсох нь гайхмаар.

Урьд ЭМ-ийн сайдаар П.Нямдавааг ажиллаж байх үед хятад эмч нараас Анагаах ухааны хамгийн сайн доктор хэн бэ гэхэд Ар монголын ЭМ-ийн сайд. Яагаад гэвэл бидэнд ар монголчууд арвин зоос тушаах үйл хэрэгт тэр хүн зүтгэж байна гэсэн тухай онигоо хүртэл зохиогдож байж. Тэгвэл өдгөө орос эмч нар хамгийн сайн эмчээр эмийн сангийн эзэн байсан Д.Туяа сайдыг тодруулах бололтой. Монголчууд яагаад Монголдоо эмчлүүлэхгүй Хятад, Солонгосыг зорьдог гэхээр манайд дэлхийн хэмжээний оношилгооны төв байтугай, олигтой ганц аппарат ч байхгүй шахуутай холбоотой гэвэл үнэнээс хэтийдэхгүй байх. Ийм байхад ЭМ-ийн сайдаар ажиллаж буй хүмүүс оношлогооны төв байгуулахаас илүүтэй гадаад улсын оношилгооны төвийг магтаж үнэ тарифыг нь сурталчилж явах нь эмгэнэл мэт.

Монголчуудын эрүүл мэндийг хамгаалах үүрэгтэй салбарынхныг ийн учраа олохгүй байхад зарим нэг иргэд санал санаачилга гарган өндөр хөгжилтэй орноос оношилгооны иж бүрэн төв оруулж ирэхээр болсон сураг дуулдаж байна. БНСУ-даа нэр хүндтэй тав зургаан эмнэлэг, оношлогооны төв ажиллуулдаг нэгэн солонгос доктор манайд эмчилгээ оношилгооны төв байгуулахаар болсон аж. Уг асуудлыг Ерөнхий сайд тэргүүтэй хүмүүс дэмжин туслахаа амласан гэнэ.

Гэвч эмчилгээ, оношлогооны дэлхийн жишигт хүрсэн том төв байгуулах энэхүү төсөл ЭМЯ-ны хойрго үйл ажиллагаанаас болоод зогсонги байдалд орсон сурагтай. Энэ байдал нь хөрөнгөө оруулж оношилгооны төв байгуулах хүсэлтэй солонгос эмчид их л хачирхалтай санагдаж буй бололтой. Хүн мөнгөө барьж ирээд оношилгооны иж бүрэн төв байгуулаад өгье гээд байхад Хятад руу явж оношлуулагчдыг Эрхүүд хямдхан оношилдог юм байна гэх ЭМ-ийн сайдыг ямар бодлого барьж, яаж монголчуудаа эрүүлжүүлэх гээд байгааг ойлгоход хэцүү байгаа юм.

Монголчуудын амьдрал

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button