Баруун өргөө, Автай сайн ханы гэр
Тэр хавьцаа Баруун өргөө гэж алдаршсан том модон гэр байрлаж байсан гэдэг нь ахмад хүмүүсийн ам яриа, дурьдатгал, эрдэмтэн судлаачдын ном, товхимолд тэмдэглэгдэн үлдсэн төдийгүй архив, бичигт байгаа нь түүхийн улбаагаар нотлогдож байгаа юм. Монголч эрдэмтэн Позднеевийн бичсэнээс үзэхэд Баруун өргөө буюу Автай ханы гэр нь монголоор явсан анхны аяллын үед гадна үзэмж болон байдлаараа дуган гэж нэрлэхээргүй байсан ажээ.
Баруун өргөө нь Дэчингалбын сүмийн баруун урд талд нь байрлаж байсан байна. Автай ханы ач хүү Өндөр гэгээний үед Эрдэнэзуугаас Баруун өргөөг Өргөөнд зөөвөрлөн авчирчээ. Автай ханы гэр буюу Баруун өргөөг гадна талаас нь харахад нь ер бусын том, түүнтэй харьцуулахад монголчуудын гэр маш жижиг харагддаг байжээ. Өдгөө тэрхүү алдартай Автай ханы гэрийн буурь нь Эрдэнэзуу хийдийн хашаан дотор байдгийг хойч үеийнхэн мэдэх буй за.
Баруун өргөөний гал голомтод эрт дээр үеийнхээ заншил ёсоор гурван чулууг тулсан тулгатай, тэрхүү ган тулганд Цагаан сарын шинийн нэгний өглөө хэт цохиураар гал асаадаг байсан гэж ахмад буурлууд ярьдаг байсан.
Баруун өргөөнд ном хурдаг байжээ. Түүнчлэн цам харайхад Баруун өргөөнөөс гарч, Богдын шар ордны өмнөх талбайд цам бүжиглэн тоглодог байж. Энэ тухай урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Дамдинсүрэн гуайн Хүрээ цам бүтээлд тов тодорхой харагддаг юм.
1877 оны үед Баруун өргөөний хойморт хэдэн бурхан бүхий ширээ түүний ард нь Автай ханы суудал 4 Махранз, хоёр хажуу талаар нь байрлуулсан байжээ.
1892 оны 1-р сард Шар ордонд түймэр гарч Дэчингалба болон бусад сүм дуган шатахад Баруун өргөөнд байсан зүйлийг Богдын ногоон ордонд зөөвөрлөн авчирсан байна.
Баруун өргөө гэр дотор Баатар бээлийн хэрэглэж байсан хуяг, дуулга, нум сум зэрэг зүйлс хадгалагдаж байжээ. Мөн тэнд байсан ган тулга, шилээвэр, галын хайч зэрэг эд зүйлс нь одоо Богд хааны ордон музейн 2-р давхарын үзмэрт байгаа гэж Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Дамдинсүрэн гуай надад хуучилсан сан. Түүнтэй би 1965 онд МУЭ-ийн хороонд зургийн тасгийн дарга байхдаа анх уулзсан билээ. Тэрээр манай тасагт монгол зураг, мөн эх зураг зурдаг байсан юм. Хүн нь дуу цөөтэй, намуухан дуугаар ярина. Тэр үед манай тасагт Минжүүр гуай, Аварзад гуай гээд ахмадууд байсан.
Нэг өдөр Дамдинсүрэн гуайгаас Дугарзабсон зургийг зурж өгөхийг би гуйсан юм.
Түүний бүтээлийг би өнөө хүртэл гэртээ нандигнан хадгалдаг. Д.Дамдинсүрэн гуай ихийг мэднэ ээ. Зарим үед Хүрээ хийд, монгол зургийн тухай өвгөн зураачаас асууж сонирхоно. Тэр үед буюу 1968 онд л өвгөн зураач надад Баруун өргөө буюу Автай ханы гэрийн тухай ярьсан билээ. Түүний хуучилснаар Баруун өргөөнд Өндөр гэгээний намтрууд хадгалагдаж байсан бөгөөд түүнд Автай ханыг Алаг довынх гэж өгүүлсэн нь олонтаа.
Их хүрээний гэр дугана, өргөө тугдамууд цөм улаан халзан хөлтрөгтэй бол Баруун Өргөөний хөлтрөг бусдаас өөр, барс адил алаг эрээн зургаан хөл нөмрөгтэй байжээ.
Баруун Өргөөнд түмэт хангал, жохор, хуучин ном, цэдэр гэх мэт цаг үеийн ээлжит хурлуудаас өөр ямар ч хурал хурдаггүй. Баруун Өргөөнд цогчин, Их хурлын гэсгүй нь шашны ёс дэглэм сахиулах, Жаягийн бэрээ модыг барьдаггүй ёс журамтай байж. Хүнийг алгадан зодож шийтгэдэг онцлогтой байсан юм даа гэж өвгөн зураачийн хуучилсан өнөө ч тодхон.
(Yг сонин 14)
Зураач Г.ДУНБҮРЭЭ