Тохиролцооноос ТОЛХИЛЦОЛ хүртэл
2004 оны УИХ-ын сонгуулийн дараа улс төрийн намууд төрийн захиргааны байгууллагуудыг наймаалцаж, бие биедээ бэлэглэж суусан нь саяхан. Шадар сайд хэмээх албан тушаалыг сэргээж, яамдын тоог нэмж, асуудал эрхэлсэн сайдын албыг шинээр бий болгосон нь зөвшилцөл нэрийн дор олон түмний нүдэн дээр хийсэн наймаа байсан юм. Ард түмнээс бус намуудын тохиролцоогоор томилогдсон сайд нар төрийн яамыг хувийн компани шиг болгож, төрийн албыг тохиолдлын хүмүүсээр дуүргэж байгааг олон нийт харж байна. Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайдын суудал болон Бай-галь орчны, Түлш, эрчим хүчний яамыг Эрэл компанид, Үйлдвэр, худалдааны яамыг Буян компанид зүгээр л бэлэглэж орхисон. Нэгэн цагт сайдын алба хашиж явсан УИХ-ын гишүүн Л.Гүндалай сайдын суудлыг 400, дэд сайдынхыг 200 сая төгрөгөөр худалддаг хэмээн мэдэгдэж байв. Иймэрхүү наймааны аргаар бүтсэн төрөөс олигтойхон бодлого, дорвитойхон шийдвэр яасан ч гарахгүй гэдгийг цаг хугацаа хэлээд байх шиг.
Монгол Улс өнгөрсөн гурван жилд хөгжиж, урагшилж гавьсангүй. Аминдаа бизнестэй сайд нар хувийнхаа эрх ашгийг нэгдүгээрт тавиад, төрийн албан хаагчид намын харъяалал хэмээх хүлээсэндээ бариг-даад байгаа өнөө цагт төрийн бодлого, төсөл хөтөлбөрүүд хоосон цаас хэвээр байх нь дамжиггүй. Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар төрийн бодлогыг хэрэгжүүлэх тал дээр нэгдмэл байж, гар нийлэн ажиллаж чадахгүй байгаа нь илт. Төрийн тэргүүн шүүмжилж, УИХ-ын гишүүд хэрэлдэж, Засгийн газар мунгинасаар суутал дараагийн сонгууль хаалга тогшиж эхэллээ. Дээгүүрээ эв түнжин муутай болоод ч тэр үү, яам, агентлагуудад ч байдал сайнгүй. Нэг яаманд ажилладаг хэрнээ намын харъяалал ондоогоос болоод хоорондоо толхилцдог, төрийн ажлыг уядаг хүн цөөнгүй байх юм.
Тендер будлиулсан хэргээр огцрох шахсан Түлш, эрчим хүчний сайд Б.Эрдэнэбат яамныхаа төрийн нарийн бичгийн дарга Т.Цэрэнлүрэвтэй байсхийгээд л ам мурийдаг болжээ. Бие биемйнхээ шийдзэрийг үгүйсгэж, эрх мэдлээ булаацалдах нь ердийн үзэгдэл мэт болсон. Үүнээс болоод эрчим хүчний чиглэлээр шууд гэрээгээр гүйцэтгэх бүтээн байгуулалтын ажил сунжирч, бөөн хэл ам дэгдсэн талаар яамны ажилтнууд халаглан сууна. Эрэл компаниар овоглодог сайд, МАХН-д данстай төрийн карийн бичгийн дарга хоёрын хөлд яамны ажилтнууд хохирч, төрийн ажил хоцорч байгаа юм. Орой болгон зурагтаар гардаг Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд С.Отгонбаяр ч зарим ажилтантайгаа таарамж муутай байгаа дуулддаг. Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн комиссар П.Даш сайдтайгаа үе үе мөчөөрхөж, тэр ч бүү хэл сонин хэвлэлд сайдынхаа но-г нууцаар дэлгэдэг тухай явган яриа энэ байгууллагын байшингаас аль хэдийнээ хальжээ. Үүнийг нь гадарласан С.Отгонбаяр сайд ч зүгээр суугаагуй бололтой. П.Даш комиссар Улсын нөөцийн газрыг ашиглаж төсвийн мөнгийг хувьдаа завшдаг гэсэн утгатай нийтлэл хэвлэлд гарсан байсныг зарим хун сайдын хариу бэлэг хэмээн тайлбарлаж байгаа нь бий.
Үйлдвэр, худалдааны яаманд ч байдал бас л нэг биш. Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга Лу.Болд салбарынхаа сайдтай бас л таардаггүй. Б.Жаргалсайханыг сайд байх үеэс эхэлсэн толхилцоо Ц.Даваадоржийг сайдаар томилогдсоны дараа ч үргэлжилеээр буй. Ашигт малтмалын лиценз, уул уурхайн томоохон ордуудыг тойрсон сонирхол тэдний хэрүүлийн алим болдог нь нууц биш. Лу.Болд ажилчдаа хууль бусаар халсан тухай мэдээлэл хэвлэлд гармагц зөрөөд шинэхэн сайд Ц.Даваадоржийн тухай таагүй мэдээлэл цацагдана.
Л.Гүндалайг Эрүүл мэндийн сайд байхад яамных нь ажилтнууд сайддаа таагүй ханддаг, үл тоомсорлодог байсан. Тус яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Батсэрээдэнэ сайдтайгаа ам мурийснаас болоод тамгаа халааслаад сураггүй болсон тохиолдол бий. Түүнчлэн Эрүүл мэндийн яамны дөрвөн газрын дарга сайдтайгаа хамтарч ажиллахгүй хэмээн УИХ-д өргөх бичиг барьж байсан удаатай.
Энэ мэтээр төрийн өндөр албан тушаалтнууд хоорондоо толхилцож, эв түнжингүй байгаа жишээ олныг өгүүлж болно. Хэрэв сайн анзаарч харвал энэхүү зөрчлүүд хувь хүмүүсиин дундахь үл ойлголцол гэхээсээ илүү улс төрийн намуудын эрх ашгийн мөргөлдөөн байгаа юм. Өөрөөр хэлбэл, төрийн ажил алба улс төрийн намын эрхшээлд байгаагаас бүх зүйл үүдэлтэй. Төрийн албыг намын дарангуйллаас салгаагүй цагт иймэрхүү толхилцоо мөнх орших нь гарцаагүй. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэдэг үг Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хит болж байсан. Харин бодит амьдрал дээр төрийн бодлого нэгдмэл бус, төрийн албан хаагчид ёс зүйгүй байна. Төрийн ажлыг намынхаас зааглаж өгөхгүй бол тохиролцоогоор төрийн өндөр албан тушаалд хүрсэн хүмүүс өөрт таалагдаагүй бүхэнтэй толхилцохоос өөрийг хийхгүй нь бололтой.