Отгонтэнгэр хайрханы төрийн тахилга болно
Тахилга 6-р сарын 29-нд Завхан аймгийн Отгон сумын нутаг Отгонтэнгэр хайрханы Тэнгэр уулын овооноо болно. Өмнөх өдөр буюу 6-р сарын 28-нд долоон бурхан одны тахилга болдог. Энэ нь шөнө дөл хүртэл үргэлжилдэг бөгөөд цугласан олон өөр өөрийн одондоо залбирч, амьдрал ахуйгаа даатгадаг. Төрийн тахилга зохион байгуулах комисс Завхан аймгийн засаг дарга болон Ерөнхийлөгчийн тамгийн газрын оролцоотойгоор удахгүй байгуулагдах гэж байна. Тахилгад Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Чойжамц, Гэсэр сумын зурхайч, хамба лам Гончигсүрэн зэрэг тухайн нутгаас төрөн гарсан номын мэргэд төдийгүй төр засгийн өндөрлөгүүд оролцдог билээ. Мөн энэ үеэр уул усаа аргадаж тахин бэсрэг наадам хийхийн зэрэгцээ цугласан олон Бадархундага нуурнаа алт мөнгөн эдлэлээ хадганд зангидан чулууддаг ёстой. Харин Бадархундага нууранд эмэгтэй хүн очихыг цээрлэдэг байна.
(Yг сонин 14)