Палкат

Энэ 330 хэдийн тал нь улстөрчид. Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд, Ерөнхий сайд, сайд , намуудын болон агентлагын удирдлага, хэл аманд холбогдсон хурган дарга нар, нам дотор үр тогтсон нялх хөдөлгөөнүүд. Магнай, Батзандан, фэнг шүй Ганбаа нарын иргэний хөдөлгөөнийхөн, загвар өмсөгчид, рок поп, зохиолын дуучид, бааранд агсам тавьсан, допинг илэрсэн бөхчүүд, сумочид, олимпийн найдвар дагуулсан хэдэн тамирчид орно. Социализмын үед чөтгөрийн тоо толгой эрс хорогдсон гэдэг шиг хэвлэлийн секс од цөөрч, байгаад л хэл аманд нэр холбогдуулдаг Монгол газар-ын Мянганбаяр орон зайг нь нөхнө. Бас нэг онцлог нь бизнес, нийгмийн зүтгэлтэн, эрдэмтэн одод тун цөөн. Долоо хоног, нэг сар алдаршаад алга болчихдог нэг удаагийн одод бий. Хажуудахаа буудсан хилийн цэргийн ахлагч, ШТС, ломбардын ажилчид, гэмт хэрэгтнүүд, хохирогчид гэх мэт.

Улстөрчдөөс Ерөнхийлөгч Н.Энхбаяр хамгийн их ачаа үүрдэг. Н.Энхбаяр гэсэн нэр хэвлэлд хамгийн их давтагдсан, бас хамгийн их ангуучлагдсан.

Хэвлэл 2006

Олон нийтэд зориулаагүй судалгааны дүнгээс

Манай утга зохиолд нэг том эмгэнэл бий. Муу хүний уруул нимгэн, нүд онигор, нуруу намхан, дуу хяхар, ер бүх талаар муу. Алхаа нь хазгар, унтахдаа хурхирдаг муу хүн. Сайн хүний бүх юм нь сайхан. Үс нь долгиотой хар, хүүхэн хараа нь тунгалаг, эх орныхоо төлөө шууд л үхээд өгчихдөг, мөнгөний үнэ цэнэ мэдэхгүй, жудаг гэдэг юм ихтэй сайхан хүн. Үлгэр домгийн маягийн гэнэн дүр, хүүхдийн сэтгэхүй. Мандухай сэцэн хатан хоёр генералаар удирдуулсан 5000 мянган цэрэг оролцсон зарсан хөрөнгөөрөө Монголын хамгийн том кино. Монголчууд үзэх дуртай. Энэ мундаг киног япончууд худалдаж аваад үзүүлэх гэсэн кинотеатр нь хов хоосон байсан гэсэн. Яагаад? УГЖ Н.Сувд үнэхээр нэг ийм л хатан байсан болов уу гэхээр сайхан тоглосон ч хөгшин хаанд очоод өнчин дэртэйгээ үлдэж, төрийг самууруулахгүйн тулд жаахан хүүхэдтэй гэрлэсэн тэр бүсгүйн дотоод сэтгэл, зөрчил товойтол харагддагүй л юм.

Жагсагчид, зам хаагчид, хэвлэлийнхний хамгийн том ан болсон Ерөнхийлөгч Н.Энхбаярыг үлгэрт гардаг мангас гэж бодож чадахгүй нь. Мангас байсан бол шүүмжилсэн хүнийг идчих биз. Та дарангуйлагч уу? гэж өөрөөс нь асууцгаах юм. Тийм гэхгүй нь мэдээж атал тэгж асуудаг нь бас ойлгомжгүй. Тэгэхдээ асууж болж байна гэдэг нь л өөрөө асуултынхаа хариуг түрүүлээд өгчихөж байгаа хэрэг шүү дээ. Энэ асуултыг Фидель Кастрогоос Кубын сэтгүүлч, Ким Чен Ирээс Ардчилсан Солонгосын тариачин асууж чадах болов уу?

Энхбаярын хамгийн том анчин Баабар хүртэл Энхбаярын дотор сайн, муу бодлын аль алиных нь үр хөврөл буй. Сайныг нь сэрээж, урамшуулж байвал тусгал нь хэрэгтэй гэж бичсэн. Улстөрчийг алдаатай нь, оноотой нь зөвийг нь зөвөөр, бурууг нь буруугаар бодитой дүгнэх нь шударга хэрэг. Үргэлж мууг нь үзэж л байвал шударга шүүмжлэл гэж тооцохгүй. Шударга үг гэдэг заавал муу юмны тухай байдаггүй.

Нэг хүнийг өдөржин ажигла. Ямар нэг алдаа заавал гаргана. Хэрэв ганц ч алдаа гаргахгүй бол чөтгөр, эсвэл бурхан гэж бод гэсэн ухаантны үг бий. Намын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, тэгээд Ерөнхийлөгч гээд энэ улсад хийж үзээгүй ажил Н.Энхбаярт алга. Тэр хэрээр алдсан нь ч бий, оносон нь ч бий. Их өрийг тэглэснийг гэхэд яаж дүгнэхээс, нийтэд дүгнэх үү, нэг талаас нь тайлбарлах уу гэдгээс л юу болсныг дүрсэлчихнэ. Үе үеийн Засгийн газар, Ерөнхийлөгч, парламентуудын хамтын бүтээл, олон жилийн оролдлогын үр дүн Н.Энхбаярын засгийн газрын үед эцэслэгдсэн. Д.Бямбасүрэн нэг тэрбумаар барагдуулахыг хүсч, П.Очирбат 85 хувиар хөнгөлүүлэх саналаа оросуудад тавьж, Ж.Наранцацралт 70 хувиар шийдэх бичиг хойноос авч байлаа. Энэ бүх оролдлогууд Н.Энхбаярын Засгийн газрын үед 98 хувиар их өрийг тэглэснээр эцэслэгдсэн нь үнэн. Их өр тэглэснийг өрсөлдөгчид нь ч үгүйсгэхээс тойрч, Ардчилсан намын дарга Ц.Элбэгдорж Их өрийг ингэж бага хувиар тэглэсэн нь зөв. Гэхдээ мөнгөөр бус ноолуур, зэс, хивс, махаар төлчихсөн бол бүүр сайн байсан гэж дундын гарц олж байсан удаатай. Өргүй бол баян болсны үрээр Америк, Англи, Австрали, Орос, Япон, Хятадын дунд ашигт малтмалаа үнэд хүргэн, ёотон дээр шавсан ялаа шиг цувуулж байгаа нь үнэн билээ. Оросоос С.Миронов дарга ирээд Асгат, Тавантолгойд мярааж аргадахын оронд Өрөндөө авсан гэсэн бичиг илгээх байсан биз. Миронов мяраалаа гэж харамлан бичицгээхгүй. Авчихсан байна аа гэж үглэх л үлдэх байсан биз.

Дансаа дугуйлах гэж байсан МАХН-ыг сэргээж, УИХ-д 72 суудал авсны ааг бяр, бас өнгөөийн улстөрийн тогтолцооны шаардлагаар хүлээсэн элдэв үүргийн биелэлт Н.Энхбаярыг алдаа, буруу алхам руу түлхсэн. Сагсан бөмбөгийн зэрэгтэй, нэг ёсондоо багаар тоглодог энэ нөхөр намынхаа гишүүдийн ахуй амьдралыг өөд татахаас татгалздаггүй байсан нь нэг талаас ийм л тогтолцоо, цалингаа тавих, сонгуулийн зардал олох, эв нэгдлээ хангах гэх мэт том намыг авч явах шаардлага байлаа. Намын санхүүжилт, сонгуулийн зардал Монголд бүү хэл дэлхийд улстөр, сонгуулийн том бэрхшээл болчихоод байгаа. МАХНам доторх Н.Энхбаярыг хэт хүлээн зөвшөөрөх хандлага зарим талаар нууц улстөрчдөд тэр үед ч, одоо ч ашигтай байгаа. УИХ-ын 76 тойрог дээр өөрсдийнхөө зургийг бус даргынхаа самбарыг босгож, урдаа палкаат болгон явах хэлд ороогүй багийнхан түүнд байсан. Намын дарга хэлсэн учраас, Ерөнхий сайд үүргийн дагуу гэж байгаад Говь-Алтайн нэг сумын цэцэрлэгийн эрхлэгчийг халчихаж байсан л юм даа гэж МАХН-ын нэг гишүүн ярьж байна. Нэг хүн бүх сумын цэцэрлэгийн эрхлэгчийг судалж байх бодит боломж яаж байх вэ?

Н.Энхбаярыг өдөр бүр гөвүүлж байхад бусад нь сард нэг, жилд ганц хоёр хусуулна. Палкаат үргэлж бусдыг халхлахаар том байх тусам ард нь тайвнаар хор найруулцгаана. Хожихдоо тэд хэнээс дутахгүй олно, хохирох, илрэх бол палкаатныхаа ард орцгооно. Томоос том палкаат өлгөөтэй байх тусам үнэнийг шударгаар тогтоох, буруутан болгонд хариуцлага тооцох боломж хумигдана. Муу бүхэн нэг хүнд тохоогддог, нэг ёсондоо даадаг, бусад нь хождог. Уг ходоодных нь хэмжээ бүгдэд нь адилхан байдаг.

Ерөнхийлөгчийн суудал хүнийг өөрчилж чаддаг юм билээ. Залуугаасаа МАХН-ын бүх шатанд үнэнч кадраар ажиллаж төрийн тэргүүний суудалд хүрсэн Н.Багабанди намынхаа ач-ийг мартсан гэж шүүмжлүүлсэн. Анхны Ерөнхийлөгч П.Очирбат эхлээд МАХН-аас, дараа нь ардчилсан хүчнээс дэвшиж төрийн тэргүүний суудалд заларч байв. Ерөнхийлөгч бүрийн туулсан эврээ ургахаар эхийгээ мөргөдөг ёс Н.Энхбаярыг ч тойрохгүй. Ард түмнээс сонгогдсон, аль нэг намаас түдгэлзсэн энэ суудал тэнцвэрээ олж хадгалахыг хүссэн ч, эс хүссэн ч тулгана.

Сайн үйл хийе, тэнцвэрийг сахья, төрийн тэргүүн шиг байя гэсэн хүсэл Ерөнхийлөгч бүрт буй болдог бололтой. Нэг их яриагүй л болохоос хүүхдийн мөнгийг 3500-аар батлаад явуулахад нь бага байна гээд хориг тавьсан. Ардчилсан намын брэндтэй ажил, ах намынхны нь аллергитай асуудал, эцсийн дүнд ядарсан түмний нялх үрсэд их мөнгө, төрийн хишиг л шүү дээ. Төрийн тэргүүний хийх ёстой ажилд уриалаад, хэрэгтэй алхам нь нэг хоёроор ихсээд байвал төр түмэнд сайнаар тусна. Эмч Б.Болдсайханы бичсэнээр Шархадсан бодон болгож, шархлуулсаар юунд хүрэх юм бэ. Н.Энхбаярын үед ийм сайн юм болсон, ингэж хөгжсөн гэж түүхэнд үлдэх гавъяа байгуулахыг тэр хүсч байгаа байх. Цол дагаж бяр гэдэг шиг төрийн тэргүүний суудал суусан хүнээ сайн тал руу нь, уужим бодол руу түлхдэг биз. Намаа мартдчихаад гэж өөрөө шүүмжилж байсан Н.Багабандийн зовлонг Н.Энхбаяр амсах л болно.

Намынхаа нөхдийг ойр хавийнхнаа жийлээ, хаячихлаа гэж бичицгээх бас л сонин. Ойр байхаар нь тойрон хүрээлэгчид, холдохоор нь Н.Энхбаяр л жийчихлээ гэнэ. Халамжлуулж, хамгаалуулж, эсвэл жийлгэж, хаягдаж байх ёстой тэжээвэр хүмүүс заавал байх ёстой юм уу? Угшилтай намаасаа улсын ерөнхийлөгч холдож л байвал сайн шүү дээ. Энхбаяртай танилцсан хүнийг Өө, урвачихаа юу? гэж асуух ёстой. Гадаадын хөрөнгө оруулагчидтай уулзаад, эх орны хишиг түгээнэ гэхээр нь худлаа шунаад байна гэнэ. Анхаарахгүй бол ажил хийхгүй, эсвэл цаагуураа сэм яриад байна гэцгээх байсан.

Заавал буруу байлгах гэж хатгаад, дараа нь түүнийг бут авч таашаал эдлээд хэн хожих вэ. Бурууг нь буруугаар нь, зөвийг нь зөвөөр нь шүүж байвал шударга хэрэг болно. Асуудлаа түшсэн зарчмын маргаан, мэтгэлцээнийг хүнийг нь түншсэн довтолгоог ялгаж зааглах нь зүйн хэрэг, шударга ёс. Нэг сөрөг хүчний сэтгүүлч хэлж байна лээ. Н.Энхбаярыг л бут авахгүй бол нойр хүрдэггүй, хоол ордоггүй юм гэж. Миний цалинг хөөрхий муу Ерөнхийлөгч өгдөг юм шүү дээ гээд эвгүйрхэж байсан.

Б.Очир

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button