Санта Клаусын бэлэг илгээдэг сайхан сэтгэлт эмэгтэй

Холбоо тогтоосон даруй гурван сарын дотор 4 чингэлэг бараа Монгол руу илгээж. Хатагтай Прэйсийн илгээмжид юу эс байсан гэх вэ. Оо саван, шампунь сойз, хувцас, угаалгын машин, албан тасалгааны тавилга, компьютер, тахир дутуу хүний тэрэг, эм тариа, жимсний чанамал, сүү

Ингэхэд тэр тийм баян хүн үү? Үгүй ээ. Жирийн л нэгэн гэрийн эзэгтэй. Сэтгэл нийлсэн сайн нөхөртэй, ухаалаг төвшин хоёр хүүхэдтэй ийм л эмэгтэй. Бас тэднийх жимсний сайхан цэцэрлэгтэй. Дээр нь нэмэхэд хатагтай Прэйс арааны шүлс гоожуулам амттай боов бялуу, чанамал хийдэг.

Сүүлийн долоо найман жил хатагтай Прэйс зүсийг нь ч хараагүй монгол жаалуудад зориулж бялуу, чанамал мөн ч их хийсэн дээ. Ширхэг боов, зүсэм бялуу нь 50 пенсийн үнэтэй. Түүнийг нь Улаанбаатар дахь Кристина Нобелийн сангийн хүүхдүүд их ч идсэн

Хаа холын будант Альбионоос халуухан жигнэмэг нисээд ирнэ гэж юу байх вэ? Харин тэр жигнэмгийг худалдаж авсан хүмүүсийн өрөвч зан, сайхан сэтгэл хоёр хатагтай Прэйсээр хаяглуулан Улаанбаатарт илгээмж болон буудаг юм. Яг л Санта Клаусын бэлэг шиг. Гурван Шинэ жилээр түүний бэлгийг авсан Зайсан дахь Засан хүмүүжүүлэх төвийн хүүхдүүд илгээгчийг нь лав эрэгтэй гэж боддог биз.

Үгүй шүү, дүү нар минь. Та нар андуурч байна. Цас мөсөн Лапландын Санта Клаус биш сайхан сэтгэлт хатагтай Прэйс л эцэг эх нь ч төдий л хайхардаггүй дэггүй хөвгүүдэд эмээгийн, эгчийн бэлгийг илгээдэг юм.

Өнөөдөр Кристина Нобелийн сангийн Улаанбаатар дахь салбарт амьдрал ядуу, гачигдал зовлонтой 1000 хүүхэд бүртгэлтэй. Тэд хаа хол амьдардаг хуурай аав ээжээсээ сар бүр тэтгэмж авч, түүгээрээ өөрт хэрэгтэйгээ зохицуулж, өрх гэрийнхээ хүнсэнд нэмэрлэж явдаг юм. Өвдвөл нь тэднийг үнэгүй эмчилчихнэ. Эцэг эхийг нь ч ялгаагүй. Одоо цагт үнэгүй юм гэж юу байх вэ, өнөөх зүсийг нь компьютерээр хардаг хуурай ээж аавууд л өмнөөс нь хөлс төлдөг хэрэг л дээ. Үнэхээр азтай хүүхдүүд. Бахархмаар сайхан сэтгэлтэй хүмүүс.

Тийм л хуурай ээж аавуудын нэгэн төлөөлөгч хатагтай Прэйст хоёр монгол хүү бий. Нэг нь өдгөө хэдийнэ нас биед хүрч, аав болжээ.

Төрболд хүүгийн англи ээжтэй болсон түүхийг сонирхох уу? Хүү ундаа зарж, ар гэртээ, ээж дүү нараа тэжээдэг байжээ. Гэтэл нэг өдөр хурдтай давхиж явсан ганган тэргэнд дайруулж. Ингээд хүү суумгай болсон юм. Хэрвээ яаралтай мэс засал хийлгэхгүй бол амь нас нь дэнжигнэж байв. Хүүд туслах гэсэн Кристина Нобелийн сангийнхан түүний тухай нэвтрүүлэг хийж, BBC-гээр цацжээ. Түүнийг нь хатагтай Прэйс Сингапурт байхдаа үзсэн аж. Өвдөхийн зовлонг амссан хүний хувьд хичнээн шаналсан гэх вэ. Тэгээд санамсаргүй ажлаар Монголд ирэхдээ сангийнхантай холбоо тогтоож, Төрболд хүүг сураглажээ.

– Хүү Ирланд руу эмчилгээнд явж чадаагүй ээ гэсэн хариуг сонсоод өөрийн эрхгүй л Тэр хүүг хармаар байна гэж.

Гэрт нь очлоо. Ядуухан гэрт тэргэн дээр суугаа хүү угтжээ. Зүдрүүхэн царайтай ээж нь хүүгийнхээ тухай ярихдаа аврал эрсэн харцаар царайчлангуй.

– Ямар ч байсан хүүд чинь туслах арга хайя. Гэхдээ надад битгий их найдаарай гэсээр Прэйс тэднийхээс гарчээ. Гэнэт санамсаргүй эргэн хартал хүүгийнхээ дэргэд сэтгэлээ хатамжин байсан ээж нь гэрийн гадаа нулимсаа арчин зогсож байж.

Энэ л зураг хатагтай Прэйсийг Төрболдод туслахын төлөө бүхнийг хийхэд түлхсэн юм. Гэртээ хариад тэр ах дүү, найз нөхөд, таних мэдэх бүх хүндээ хүүгийн тухай ярьж, хандив цуглуулж эхэлжээ.

Тэдний цэцэрлэгт уригдсан зочин бүр орохдоо 1 фунт төлнө. Дотно нөхөдтэйгээ хууч хөөрөнгөө хатагтай Прэйсийн гарын бялуу, боовоор дайлуулна. Хөршийнх нь бүсгүй хийл тоглодогийг хэлэх үү. Бүх үйлчилгээ хэрдээ таарсан бяцхан хөлстэй.

Хатагтай Прэйс хүртэл хийсэн чанамлаа өрж тавьчихаад, өөрсөддөө хэрэглэх бол мөнгө төлдөг гээч. Ингэж дуслыг хураасаар далай болгож, Төрболд хүүг аварчээ.

Санаж сэдсэн хүнд бусдад туслах мөнгө цуглуулах түмэн арга олддог аж. Жижигхэн жингээр хүртэл мөнгө олж болдог санжээ. Англичууд эрүүл мэнддээ их анхаарч, өдөр бүр жингээ үздэг улс гэнэ. Тиймээс хатагтай Прэйс цэцэрлэгтээ нэгэн жин тавьжээ. Хөршийнхөн нь өглөө бүр тэнд биеэ жинлэж, хөлсийг нь төлдөг болсоор одоо хоёр жил өнгөрч байна. Ингэж л айл хөршөөрөө түмэн бээрийн алсад суугаа монгол жаалуудад бэл чадлынхаа хэрээр хөрөнгө оруулдаг болжээ.

Би Төрболдод тусалсандаа маш их бахархдаг. Түүнийг яг төрсөн хүүхэд шигээ л бодож явдаг. Сая намайг тэврээд үнсэхэд нь ээжээс нь санаа зовж л байлаа. Гэтэл ээж нь Та бол миний хүүгийн амийг аварсан ээж шүү дээ. Миний хүү өөрийгөө хоёр ээжтэй гэж ярьдаг юм гэж хэлсэн. Тэгэхэд би үнэхээр баярласан. Төрболд одоо хүүхэдтэй. Бас ногоо тарьдаг, өөрийн гэсэн бизнестэй болсон. Түүнд одоо санаа зовохгүй ээ.

Төрболдын хуурай дүү, хатагтай Прэйсийн хоёр дахь монгол хүү 8 настай. Бас л хүнд өвчтэй. Монголын эмч нар хавдартай гэж оношилсон ч гадаадынхан арай үгүй гэж байгаа. Юутай ч эмчлэх газар олдоогүй л байна. Хичээл номдоо сайн, гайхалтай сайн, халамжтай ээжтэй (ингэж хэлэхдээ хатагтай Прэйс үнэн сэтгэлээс дуу алдсан) энэ хүүг эдгээх нь англи эмэгтэйн ойрын зорилго болжээ. Сая ирэхийн өмнө хүүтэй ярьж, ямар бэлэг авчрахаа асуужээ. Тэгээд түүний захисныг биелүүлэхээр нөхөр нь гэрээ ухаж, хуучин зургийн аппаратаа гаргаж өгчээ. Түүн шиг сайхан бэлэг юу байх вэ.

Хэрвээ хатагтай Прэйсийн монгол хүүхдүүдэд өгсөн бүх бэлгийг үнэлнэ гэвэл барахгүй. Гэхдээ зориод тооцоолъё гэвэл нэг тоо гарах нь гарах л байх. Харин түүний сэтгэлийг үнэлье гэвэл бид барахгүй. Яагаад гэвэл сайхан сэтгэлийг үнэлэх жишиг энэ дэлхийд байхгүй ээ. Тиймээс ийм л эгэлгүй их хөрөнгийг бидэнд зориулсан эгэлхэн гэрийн эзэгтэйг хатагтай хэмээн хүндэтгэж, Баярлалаа хэмээн чин сэтгэлээсээ талархнам.

(Yг сонин 14)

О.ЭНХЖАВХЛАН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button