81-тэй нэрт санхүүч ажилд оров

Энэ компани нь 680 тэрбум долларыг эргэлдүүлдэг том газар.

Алан Гринспен Нью-Йоркийн Их сургуулийг дүүргэн Alcoa, General Foods, J.P.Morgan зэрэг компанийг удирдалцаж явжээ. 1970- аад онд Гринспен гурван ч удаа Америкийн ерөнхийлөгчийн дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийг тэргүүлж байв. 1980-иад оны дундуур тэрээр хувийн бизнес эрхэлж, өөрийн Townsend- Greenspan & Co гэх зөвлөгөө өгөх компанийг удирджээ. Гэвч санхүүчийн жинхэнэ алдар хүнд түүнд хожуухан, 1987 онд АНУ-ын Нөөцийн газрын тэргүүнээр томилогдсоны дараа ирсэн юм.

АНУ-ын Конгресс 1913 онд АНУ-ын Нөөцийн газрыг хууль тогтоох засаглалын нэг хэсэг болгон байгуулсан бөгөөд Цагаан ордноос хараат бус ажилладаг байна.

АНУ-ын Нөөцийн газар нь үндсэндээ Төв банк бөгөөд АНУ-ын арилжааны банкуудын тогтолцоог төвлөрүүлэн хянах үүрэгтэй байгууллага юм. АНУ-ын Нөөцийн тогтолцоо нь Холбооны 12 нөөцийн банкаас бүрдэх ба эдгээрээс хамгийн чухал нь олон улсын санхүүгийн гүйлгээг хариуцдаг Нью-Йоркийн Холбооны нөөцийн банк ажээ. Гринспен АНУ-ын дөрвөн ч Ерөнхийлөгчийн засаглалын үед тус байгууллагын тэргүүнээр халаа сэлгээгүй ажиллажээ. АНУ-ын эдийн засгийн өсөлтийн хурдацыг нэмэгдүүлсэн, ажилгүйдэл, ханшны уналтыг бууруулсны гавъяа зүй ёсоор түүнд оногддог юм. Мөн АНУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд бууралт үүссэн, улсын төсвийн хомсдол нэмэгдсэн гэдэг зэмийг ч тэр бас хүлээдэг. АНУ-ын нөөцийн газрын тэргүүнээр түүнийг дөнгөж томилогдсоны дараа нүүрлэсэн хоёр ч том эдийн засгийн хямралыг тэрээр давж туулсан юм. Богино хугацаанд Америкийн эдийн засаг хямралыг гэтэлсэн нь түүний гавъяа гэдэг.

Харин хоёрдахь санхүүгийн системийн хямрал 2000 онд болжээ. Арван гурван жилийн турш хямралгүй явж ирсэн энэ хугацааг америкийн түүхэн дэх хямралгүй хамгийн урт хугацаа гэж үздэг ажээ. Гринспений үгийг дэлхийн хөрөнгө оруулагчид сонсдог, түүний хэлсэн ямар ч прогноз санхүүгийн зах зээл дээр нөлөөлдөг. Тэрээр АНУ-ын нөөцийн газрын тэргүүнээс огцорсны дараа Америкийн эдийн засгийн нөхцөл байдал цаашид хэрхэн өрнөх талаар прогноз таамаг хэлэхгүй гэж амласан юм.

Гэвч тэр 2007 оны 2-р сард урьд хэлснээ зөрчин эдийн засгийн таамаг прогноз хэлсэн нь АНУ-ын эдийн засагт тодорхой нөлөө үзүүлж, зарим томоохон компаний индекс буурахад хүрч байжээ. 2006 онд тэрээр огцрох үедээ ном бичих, лекц унших, зөвлөгөө өгдөг пүүс байгуулах төлөвлөгөөтэйгээ мэдэгдэж байсан бөгөөд тэр дурсамжийнхаа номоороо өтөл насныхаа амьдралыг бүрэн хангахуйц орлого олжээ.

2006 онд Гринспен өөрийн бичсэн Бургилсан эрин хэмээх дурсамжийн номныхоо эрхийг Penguin Pressхэвлэлийн газарт 8.5 сая доллараар худалджээ. Тэр лекц уншиж байсан ч зөвлөгөө өгөх пүүс байгуулсангүй. Харин одоо тэрээр Pimco-д санхүүгийн зөвлөхөөр ажиллах болж байна. Түүнийг АНУ-ын Нөөцийн газрын тэргүүнээс огцорсны дараа уг компани түүнийг зөвлөхөөр ажиллахыг хүссэн ч Гринспен дурсамжийн ном бичих гэж буй тул завгүй хэмээн татгалзжээ.

81 настай Гринспен хөдөлмөрийн гэрээнийхээ тухай нийтэд дэлгэрэнгүй яриагүй ч тэрээр улиралд нэг удаа Pimco компаний менежерүүдийн зөвлөгөөнд оролцож, долоо хоногт хоёр удаа менежерүүдтэй утсаар ярьж, электрон шуудангаар захидал бичих ажээ. Харин зөвлөгөө өгөх хүнээ Гринспен өөрөө сонгох юм байна.

(Yг сонин 14)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button