Дархан-Уул аймаг, Сэлэнгийн сав газарт тархах аюултай

Хуралдаанд Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд С.Отгонбаяр, Байгаль орчны сайд И.Эрдэнэбаатар болон Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагууд, ЭМЯ, Барилга Хот байгуулалтын яам, УМХГ-ын холбогдох мэргэжилтнүүдээс гадна Усны хэрэг эрхлэх газар, ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн, МУИС-ийн Химийн факультетийн удирдлага оролцож мэдээлэл хийсэн юм.

Дархан-Уул аймгийн Хонгор суманд МИЧ компани алт угаахдаа ашигладаг мөнгөн ус болон цианит натрий хэмээх химийн хорт бодисыг хөрс, ундны усанд алдаад 20 гаруй хонож байгаа билээ. Хонгор сумын агаарт цианит натрий зөвшөөрөгдөх хэмжээнээс 0.26 мг, мөнгөн ус зөвшөөрөгдөх хэмжээнээс 0.6-120 дахин их байгаа нь хүнд зэрэглэлд тооцогдох тухай Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд С.Отгонбаяр тэмдэглэв. Мөн шуурхай арга хэмжээ авч ажилласны үр дүнд хүний амь нас хохироогүй хоёр үхэр нэг хонины гарзтай байна гэж мэдэгдсэн. Үүнд Хонгор сумаас УИХ-д сонгогдсон Л.Гансүх гишүүнээс гадна Ц.Шаравдорж зэрэг гишүүд шүүмжлэлтэй хандаж байв.

Цианит натри нь цахилгаан хэрэгсэл, металл цэвэрлэх, уул уурхайн салбарт ашигладаг, ганц хоёр дуслаар залгихад л хүнийг шууд үхэлд хүргэдэг мэдрэл, нөхөн үржихүйд сөргөөр нөлөөлдөг аюултай бодис. Өнөө илрэхгүй ч 5,10,15 жилийн дараа үр дагавар нь гарч, элдэв гаж хөгжилтэй, тархигүй, мэдрэлийн систем нь доголдолтой иргэд төрөхийг үгүйсгэхгүй. Мөн Хараа голоос дөрөвхөн км-т буй хогийн цэг дээр асгасан шороог яаралтай хоргүйжүүлэхгүй бол энэ бодис салхиар дамжин тардаг нь хамгийн аюултай юм. Өдөр нь дэгдээд шөнө нь хөрсөнд амардаг, халуун буюу бороо орсны дараа чийгтэй нөхцөлд идэвхждэг тухай холбогдох газрын мэргэжилтнүүд онцолж байв.

Иймд Хараа голоор дамжин Дархан-Уул аймаг, цаашилбал Сэлэнгийн сав газар гээд хүн ам төвлөрсөн томоомон сууринд хүрээгээ тэлж болзошгүй байна. Энэ байдалд Засгийн газраас эхний ээлжинд 375 сая төгрөг гаргахаар шийдвэрлэсэн аж. Мөн 60 м гүнтэй 3 худаг хордсон байгаа. Цианит натрий худгийн усыг хордуулаад зогсохгүй нэгэнт гүний худагт шингэсэн бол хоногт 80-100 м газар ахидаг тухай Усны хэрэг эрхлэх газрын дарга Д.Бадрах тэмдэглэсэн. Иймд худаг, усны шинжилгээнд 48 сая төгрөг яаралтай хэрэгтэй байгаа ажээ

Хонгор сум нь 6000 гаруй хүн амтай бөгөөд эмнэлгийн үзлэгт хамрагдсан 400 гаруй иргэнээс 27 нь тууралттай, 8 нь хоолой нь бачуурсан, 4 нь суулгалттай байна. Хонгор суманд ажиллаад ирсэн албаны хүмүүс ч хөнгөн хэлбэрээр хордож, загат¬нах шинж тэмдэг илэрч байгаа тухай ЭМЯ-ны мэргэжилтэн онцоллоо. Одоогоор сумын иргэд ундны усаа 21 км холоос буюу Дархан-Уул аймгийн төвөөс зөөж байна.

Монгол улсад мөнгөн ус, цианит нат¬рийг оруулж ирэх зөвшөөрлийг БОЯ олгодог. Харин Байнгын хорооны хурал¬дааны үеэр дээрх зөвшөөрлийг Үйлдвэр, худалдааны яам олгодог гэж Байгаль орчны сайд яриандаа хавчуулаад өнгөрөв. Гэвч ажлаа мэдэхгүйгээс үү ямар ч байсан мэдэн будилсан сайдынхаа өмнөөс БОЯ дээрх зөвшөөрлийг олгодог гэж тус яамны ажилтан нь хэлснээр хариултыг нэг мөр болгож өгсөн юм. Одоогоор цианит натрийг Монгол Улсын хилээр оруулж ирсэн албан ёсны зөвшөөрөлтэй 9 аж ахуйн нэгж байна. Гэвч дээрх химийн хорт бодистой холбоотой статистик мэдээлэл үүнээс цаашгүй. Хэн, хэзээ, хэдий хэмжээнээр оруулж ирсэн, хаана хаана хэрэглэдэг, хадгалалт, тээвэрлэлт, хамгаалалт ямар байгааг бүү хэл аль улсаас оруулж ирдэгийг ч хэлэх хүн байсангүй, бүгд нь тодорхой биш. Байнгын хорооны гишүүд энэ талаар бараг асуулт бүхэндээ хавчуулж, сонирхож байв. Энэ бүхэнд 4 сайдаар ахлуулсан Засгийн газрын ажлын хэсэг энэ бүхэнд хариу олохоор ажиллаж байгаа. Удахгүй энэ бүхэн тодорхой болно гэсэн хариуг Отгонбаяр сайд өгч байв.

Ер нь Алтны ангуучид нүүрлэсэн Монгол орны бүхий л газар Хонгор суманд нүүрлэсэн шиг аюул ойрхон байгаа. Илэрхий болсон нь л ганцхан Хонгор сум болохоос түүнээс ч аюултай байдал үүссэн байхыг үгүйсгэхгүй. Ер нь энэ байдал ганц хоёрхон өдөрт бий болоогүй. Хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгааг нь мэдсээр байж орон нутгийн удирдлага, шалгадаг хянадаг байгууллагууд нь юу хийж байсан бэ гэдэг дээр гишүүд нэлээд ширүүхэн, шүүмжлэлтэй хандаж байв. Гэвч хянаж шалгах нь бүү хэл сумын засаг дарга нь иргэдтэйгээ нийлээд хууль бусаар алт олборлож байсан энэ үйлдлийг юу гэж ойлгох вэ. Дээр нь химийн онц аюултай бодисоор бүхэл бүтэн сумыг хордуулсан том толгойтнуудтайгаа ямар хариуцлага тооцох гэж байна вэ. Ийм олон асуулт хариу нэхсээр хуралдаан өндөр¬лөлөө.

Эцэст нь Байнгын хорооны хурал¬даанаас дээрх химийн хортой бодисыг оруулж ирдэг газруудад үзлэг тооллого явуулж УИХ-д мэдээлэх нь зүйтэй. Мөн байнгын хорооноос тогтоол гаргаж, Ерөн¬хий сайдын мэдээллийг сонсох хэрэгтэй гэж үзсэн юм.

(Yг сонин 14)

Б.ДОЛЖИН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button