Хохирогчид МАХН-ын байрны үүдэнд тухлав

-Бид өчигдөр УИХ дахь МАХН-ын бүлгийн ахлагч Д.Идэвхтэнтэй уулзсан. Тэрээр намын зүгээс та бүхнийг дэмжих боломжгүй, харин та бүхэн шүүх цагдаагаараа явж асуудлаа шийдсэн нь дээр гэж хэлсэнд үнэхээр гомдолтой байна гэж Хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын Түр хорооны тэргүүн Д.Туяа ярьж байна. Ямар учраас ийм асуудал үүссэн болохыг тодрууллаа. Тэд өчигдөр 11 цагийн үед Төрийн ордны баруун хаалганы тэнд суулт зарласан аж. Энэ суултад нийт 200 гаруй хүн оролцсон бөгөөд гол зорилго нь УИХ-д нэг удаагийн хуулийн төслийг оруулж асуудлыг шийдэж өгөөч гэж хүссэн байна. Энэ үеэр МАХН-ын бүлгийн ахлагч Д.Идэвхтэн, УИХ-ын гишүүн С.Ламбаа, Д.Ганхуяг нартай уулзахыг хүсэхэд Д.Ганхуяг Япон руу явсан аж. Харин Д.Идэвхтэн дарга уулзаж дээрх хариултыг өгчээ. Гишүүний энэ үг хохирогчдыг ихээхэн бухимдуулсан төдийгүй бидний ингэж хохирсон нь төр засаг, ялангуяа МАХН-ын төр барьж байх үеийн асуудал гэж үзээд МАХН-ын байранд суултаа үргэлжлүүлэхээр болсон байна. Уг асуудалтай холбогдуулан зарим нэг хохирогчид дараахь зүйлийг ярьж байна. Бидний асуудал ерөнхийдөө бөмбөг болжээ. Яагаад гэвэл, бидний мөнгийг төрөөс өгнө гэж байсан боловч үнэндээ тийм биш байна. Хохирогчид МАХН, АН хоёрын улс төрийн тоглоом болж буй нь бодит байдлаас харахад ойлгомжтой боллоо. МАХН-ынхан эргэжээ. Учир мэдэх дарга нь ингэж хэлж байгаа нь дээрх асуудлыг улам тодорхой болгож өглөө. Тиймээс бид одоо өөр хоорондоо ярилцаж байгаад цаашдынхаа үйл ажиллагааг төлөвлөнө гэж ярилаа.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button