Эрхийн бичгээр газар өмчлүүлэх асуудлыг тусгайлан авч үзээд

Энэ тоог Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан Газрын шинэчлэл, тулгамдсан зорилт онол, практикийн бага хурлын үеэр албаны хүмүүс дуулгалаа. Бага хуралд УИХ-ын гишүүд, Барилга хот байгуулалтын сайд Ж.Наранцацралт, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын дарга Ш.Батсүх болон нийслэл, орон нутгийн газрын албаны дарга нар оролцсон юм. Тэд газрын харилцаан дахь тулгамдсан асуудлууд юу болох, түүнийг нь хэрхэн засч, залруулах талаар ярилцлаа. Ж.Наранцацралт сайдын хэлснээр Монгол Улсын иргэн бүрт газар өмчлүүлэх, газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах гэсэн хоёр гол ажлыг шийдэх ёстой байгаа аж. Yүний тулд Барилга, хот байгуулалтын яамнаас эрхийн бичгээр газар өмчлүүлэх асуудлыг Yндэсний аюулгүй байдлын зөвлөл (YАБЗ-д) оруулахаар төлөвлөж байгаа юм байна.

Хэрэв энэ санал нь дэмжлэг авбал иргэн бүр үнэт цаасаар баталгаажсан эрхийн бичгээр газар хувьчилж авах боломж бүрдэх ажээ. Мөн эрхийн бичгээр дамжин газар эдийн засгийн эргэлтэд орно гэж үзэж байгаагаа Ж.Наранцацралт сайд хэлсэн юм. Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ 2002 онд баталсан. Уг хуульд зөвхөн Монгол Улсын иргэнд гэр бүлийн хэрэгцээнд газар өмчлүүлнэ гэсэн нь төрийн захиргааны эрх мэдлийг их болгосон гэж Э.Бат-Yүл гишүүн энэ үеэр хэлэв. Өөрөөр хэлбэл гишүүд Yндсэн хууль зөрчихгүй гэсэндээ Монгол Улсын иргэнд газар өмчлүүлнэ гэсэн нь үл хөдлөх хөрөнгийн зах зээлд төрийн захиргааны оролцоог нэмж, газрын харилцааны хөгжлийг боож байна гэж тэрээр үзэж байв. Иймээс газрын шинэчлэлийг хийхийн тулд Yндсэн хуульд гар хүрэхээс өөр аргагүй гэсэн саналыг Э.Бат-Yүл гишүүн гаргасан юм. Хятад, солонгосууд ирээд газар өмчлөөд авчихна гэж айж явсаар байтал залуучууд Солонгос руу гарч дуусах нь. Газраа хувьчлаад үл хөдлөх хөрөнгөтэй болчихвол түүгээрээ дамжуулаад байртай, унаатай болж, гадаад явах хэрэггүй болно гэж тэрээр тайлбарласан.

Газрыг үнэгүй өмчлүүлэх хуулийн хугацаа ирэх оны тавдугаар сарын 1-нд дуусгавар болох ёстой. Харин бага хурлын үеэр Улаанбаатар хотын ерөнхий менежер Г.Мөнхбаяр хуулийг хугацаагаар нь шахах биш газрын хувьчлалын ач холбогдлыг иргэдэд ойлгуулах хэрэгтэй гэж байв.

Газрын зөрчил маргааныг зохицуулдаг болон газар чөлөөлөх тухай журмыг боловсронгүй болгохгүй бол тодорхой бус зүйл олон бий гэж газрын албадынхан хэлсэн. Хуралд оролцогсод санал солилцоод УИХ, Засгийн газарт хаягласан зөвлөмж гаргасан юм. Тухайлбал, Газрын төлбөрийн тухай хуулийг шинэчлэн найруулах, тариалангийн зориулалтаар газар эзэмшиж буй иргэнд тариалангийн газрыг зээлээр, хэсэгчлэн өмчлүүлэх боломжийг судалж шийдвэрлэхээр болов. Газрын асуудал нь улс орны тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой учир уг байгууллагын харьяаллыг зөв тогтоож, тогтвортой ажиллуулахыг ч зөвлөмждөө тусгажээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button