Ц.ШАРАВДОРЖ Хууль бол хууль гэдэг хатуу зарчим үйлчилсэн юм шүү

-Казиногийн хуулийг хэлэлцэх асуудал нэлээд маргаантай халуун болох шинжтэй. Энэ талаар та юу хэлмээр байна вэ?

-Хязгаарлагдмал хариуцлагатай казиногийн хуулийг УИХ-д өргөн барьснаас хойш энэ хуулийг хэлэлцэх эсэх тухай асуудал нэлээд маргаантай байна. Казиногийн хуулийг тал талаас нь ингэж ярих нь ер нь хэрэгтэй л дээ. Гэхдээ бид энэ хуулийг гадаадын аялагч жуулчлагч хүмүүсийн мөнгийг эндээ шингээж үлдээх Монголын эдийн засагт ашиглах талаасаа үнэхээр хэрэгтэй хууль гэж үзэж санаачилсан юм. Хуулийг өргөн барьснаас хойш хуулийг тойрсон элдэв үндэслэлгүй яриа хэл гарч, ач холбогдлыг нь бууруулах гэсэн оролдлого их байна. Гэвч ойлгох биз дээ. Монгол улс энэ боломжийг алдахгүйгээр хуулиа гаргачихвал эдийн засгийн чөлөөт бүсдээ казино ажиллуулаад, олон улсын жишиг жаягаар онгоцны буудлаа байгуулаад, зохих орлого ашгаа олоод явбал бидэнд л хэрэгтэй.

-Өмнө нь Казиногийн хуультай холбоотойгоор УИХ-ын нэр бүхий гишүүдийг эрүүгийн хэрэгт холбогдуулан бүрэн эрхийг түдгэлзүүлж, байсан. Тун харамсалтай явдал болсон байх?

-Өнөөдрийн өндөрлөгөөс эргээд харахад 1999 оны намрын чуулганы үеэр УИХ-ын нэр бүхий гишүүд Казиногийн тухай хуулийг хэлэлцэх явцад асуудалд холбогдож хуулийн байгууллагаас тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай хэлэлцэхээр болсон. Аргагүй нүүр тулсан ийм явдал байв. Yнэндээ УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлж байж хуулийн байгууллага үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх учиртай л даа. Хуулийн дагуу бид энэ асуудлыг хэлэлцэхээс аргагүй болж, үнэхээр халуухан байлаа. Нэг танхимд сууж байсан гурван нөхөр маань эрүүгийн хэрэгт холбогдоод бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг хууль хяналтын байгууллага нэгэнт тавьсан болохоор бид шийдвэрээ гаргасан. Тэгээд хуулийн дагуу цагдаагийн байгууллага хэрэг бүртгэлт хийж, прокурор хянаад, шүүх таслан шийтгэснийг бүгд мэдэж байгаа. Тэд эрх чөлөөт амьдралд гарч ирээд төрийн болон янз бүрийн ажил хийж явна. Харамсалтай нь, УИХ-ын гишүүн агсан С.Батчулуун маань хорих газарт байхдаа бие нь муудаж, гарч ирээд удалгүй ертөнцийн мөнх бусыг үзсэн дээ. Yүнд хамтран ажиллаж явсан, мэргэжил нэгтний хувьд маш их харамсч байдаг. Энэ нөхөртөө болон түүнтэй хамт ажиллаж байсан хүмүүс, ар гэрийнхэнд нь харамсал илэрхийлэх ёстой. Гагцхүү хууль бол хууль гэдэг айхтар хатуу зарчим энд үйлчилсэн юм шүү. Хэн нэгнийг хэлмэгдүүлье, хилсдүүлье гэх ямар ч санаа байгаагүй, бүх юм хуулийн дагуу явагдсаныг бүх хүн ойлгох хэрэгтэй.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button