УИХ-ын даргыг Л.Пүрэвдорж гишүүн төлөөлөх бололтой

Уг нь ээлжит чуулганаар татварын реформыг хийж, Ашигт малтмал, Авилгын эсрэг гээд томоохон хуулиудыг баталсан юм. Олон жил янз бүрийн төвшинд ярьсан ч ажил хэрэг болгож чадаагүй хуулиудыг баталсан ч үр дүн нь УИХ-ын дарга Ц.Нямдоржид халгаатай тусч байна. Авилгын эсрэг болон Ашигт малтмалын тухай хуулийн эцсийн найруулгыг УИХ-д сонсгосноос хойш Ц.Нямдорж дарга редакц хийсэн нь Yндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг Цэцийн их суудлын хуралдаанаас гаргасан. Энэ хуралдаанд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Лувсанжав, нэгдүгээр нарийн бичгийн дарга Ж.Нарантуяа нар оролцож байв. Яг ийм үндэслэлээр Yндсэн хуулийн Цэц их суудлаараа маргааш хуралдаж, УИХ-ын даргыг буруутай эсэхийг хэлэлцэнэ. Энэ удаагийн хуралдаанд мөн л УИХ-ын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцох аж. Татварын хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийг ахалж байсан Л.Пүрэвдорж гишүүн УИХ-ын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох бололтой.

Гэхдээ энэ удаад мөн л өнгөрсөн хаврын чуулганаар баталсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд засвар хийсэн нь Yндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэснээр маргаан үүсгээд байгаа юм. Мөн энэ хуралдаанаар УИХ-ын даргыг огцруулах үндэслэл байгаа эсэхийг хэлэлцэнэ. Их суудлын хуралдааныг энэ сарын 7-нд хийхээр товлоод байсан ч Ц.Нямдорж даргын хүсэлтээр хойшлуулаад байсан юм. Ц.Нямдорж дарга уг асуудлаар маргаан үүсгэсэн тогтоол үндэслэлтэй эсэхийг Цэц бага суудлын хуралдаанаараа хэлэлцэж магадлал гаргахыг хүссэн юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button