Полиметалл-ынхан хүсэлтээ биелүүлж, Ерөнхийлөгч Н.Энхбаяртай уулзав

Түүний айлчлалын ажлын хэсэг ирэхээс нь даруй 5 хоногийн өмнө Улаанбаатарт газардсан байв. 30-аад хүнтэй хүндэт зочдын бүрэлдэхүүнд ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны зөвлөлийн даргын ажлын албаны дарга В.П.Парфенов, Холбооны Хурлын Холбооны зөвлөлийн Тамгын газрын Санхүү эдийн засгийн газрын дарга Е.Я.Кириллов зэрэг албаны хүмүүсээс гадна Полиметалл группийн ерөнхийлөгч Н.Е.Белых, орлогч захирал П.Х.Рустамов нар багтсан нь сэтгүүлчдийн анхаарлыг татаж байв. Ноён С.М.Миронов айлчлалынхаа эхний өдөр Монгол Улсын Ерөнхий сайд М.Энхболд, дараагийн өдөр Ерөнхийлөгч Н.Энхбаяр нарт тус тус бараалхсан. Айлчлалын үеэр уул уурхай, хөдөө аж ахуй, төмөр зам, монгол иргэд ОХУ-д бизгүй зорчих гээд олон асуудал хөндөгдсөний дотор уул уурхайн салбар олны анхаарлын төвд байлаа.

Сэтгүүлчдийн анхаарлыг эрхгүй татах болсны шалтгаан нь Полиметалл группийн удирдлагууд С.М.Миронов даргыг дагалдан Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзахыг хүссэнтэй холбоотой байсан болов уу. Тэр хүсэл ч биелж, Ерөнхийлөгч Н.Энхбаяртай уулзсан, Полиметаллынхан. Тэд Асгатын мөнгөний орд газарт хамтран ажиллаж, хөрөнгө оруулах хүсэлтэйгээ илэрхийлжээ. Тэр үеэр Монгол Улсын хууль эрх зүйн хүрээнд хамтран ажиллахад татгалзах зүйлгүй, нээлттэй гэсэн хариуг манай ерөнхийлөгч өгсөн тухай Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны албанаас мэдээллээ. Харин Ерөнхий сайд М.Энхболдын хувьд энэ асуудал урьд өмнө нь яриа хэлэлцээрт тусгагдаагүй гэсэн байр суурьтай байсан бол, УИХ-ын дарга Ц.Нямдоржийн хувьд Засгийн газраас асуудал орж ирвэл бид шийдээд өгнө гэсэн байр суурьтай байлаа.

С.М.Миронов даргыг нутаг буцахын өмнөхөн ОХУ-ын мэдэлд байдаг Баянгол дүүргийн 7 орон сууцны түрээслэгч иргэд жагсаал цуглаан зохион байгуулсан. Тэд айлчлалыг далимдуулан орон сууцаа өөрсдийн болгох хүсэлтээ ноён даргын сонорт хүргэх гэсэн бололтой. Энэ асуудалд ч Оросын тал хатуурхаагүй бололтой.

Айлчлалын явцад ноён С.М.Миронов ШУТИС-д зочилж Орос-Монголын эдийн засгийн харилцаа, хэтийн төлөв сэдвээр лекц уншсан. Мөн Г.В. Плехановын нэрэмжит ОХУ-ын Эдийн засгийн ухааны академийн Улаанбаатарын салбарын ажилтай танилцсаны дээр Дундговь аймагт тусгай хөтөлбөрөөр алжаа¬лаа тайлаад нутаг буцлаа.

(Yг сонин 14)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button